МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудас ТЭД БИДНИЙГ ТЭНГЭРИЙН МОНГОЛЧУУД ГЭДЭГ
ТЭД БИДНИЙГ ТЭНГЭРИЙН МОНГОЛЧУУД ГЭДЭГ
Saturday, 20th October 2012
Ярилцсан: Л.Мөнхзаяа
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН 2010.04.13
Дайн байлдаантай оронд очих сонирхолтой эмэгтэй хүн байх юм. Аминдаа хайргүй, адал явдалд дуртайдаа ч биш тэр байлдаан болж байгаа газар нь бидний өвөг дээдсийн дурсгал, монголчуудын нэгээхэн хэсэг байдаг болохоор тийш тэмүүлдэг хэрэг.


Энэ хүн бол “Тархан суурьшсан монголчууд” байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчир. Тэрээр энэ өвөл Иранд сар гаруй “тухлаад” иржээ. Түүнээс явсан газрын сонин сонслоо.
-Таныг дэлхийгээр нэг тарсан монголчуудыг судалдаг хүн гэдгийг мэднэ. Энэ удаад исламын шашинтай, дээр нь дотоодын мөргөлдөөнтэй орон руу явсан зорилго юу байв?
-Манай байгууллага дэлхийн 20 гаруй улсад судалгаа хийж байна. Монголоос Монголын эзэнт гүрэнд тархан суурьшсан монголчуудын тухай судлах зорилготой. Бид Монголын байлдан дагууллын үеэр дэлхий даяар тархан суурьшсан, ялангуяа коммунист дэглэмтэй, исламын шүтлэгтэй орнуудад байгаа монголчуудын тухай, мөн Монголын түүхтэй холбоотой хөшөө дурсгалуудын талаархи материал цуглуулдаг. Эдгээр материалаа нэвтрүүлэг болгож залууст үзүүлэхийг зорьдог. Өнгөрсөн жил Афганистаны хазара угсаатны талаар болон БНХАУ-д байдаг зарим монгол угсаатнуудын талаар хийсэн нэвтрүүлгээ нийтийн хүртээл болгосон. Энэ удаа “ТАSАМ” нэртэй 12 цуврал дугаар бүхий киног бэлтгэж дууслаа.
-Таныг Иран руу явах гэж гурван жил бэлдсэн гэж дуулсан?
-Мэдээж мөнгө, цаг гэдэг хамгийн хэцүү. Исламын шашинтай болохоор тэр бүр гаднын хүн оруулахгүй. Зөвхөн Ираны нэг хотод гэхэд Монголын түүхтэй холбоотой найман байгууламж байна.
-Цагийн байдал ороо бусгаа, дээр нь хатуу шашинтай орон руу явна гэдэг амь насаа дээсэн дөрөөн дээр дэнсэлж буй хэрэг биш үү?
-Хэн нэгэн ингэхгүй л бол өөр хэн явах юм бэ. Монголын дурсгалууд байхад яагаад түүнийг ил гаргаж болохгүй гэж. Гэтэл монголчууд 1256 оноос хойш зуугаад жилийн хугацаанд Ил хаант улсаа байгуулж өнөөгийн Иран, Азербайжан, Афганистан, Пакистаны баруун хэсэг, Ирак гээд олон газрыг хаанчилсан. Энэ хугацаанд олон зүйл бүтээсэн байж таараа. Бид үүнийг номоос л мэддэг. Газар дээр нь очиж үзэж харсан монгол хүн бараг байхгүй. Бидний алдаа очиж судлахгүйд байгаа юм. Жишээ нь би Иранд Өлзийт хааны бунхан байдаг гээд гурван давхар байшингийн зураг хараад л явсан. Очоод үзэхэд би лав хоёр цаг алмайралд орсон. Уйлмаар ч юм шиг. Маш том байгууламж байна лээ. Гэтэл өнөөдөр бид яагаад үүний талаар илүү тодорхой мэдэхгүй байгаа юм бэ. Монголын түүх гэхээр яагаад зөвхөн Чингис хааныг ярьдаг юм бэ. Монголын өчнөөн баатарлаг хаан дэлхийн түүхэнд үлдсэн шүү дээ.
-Та бүгдийн аяллын олзыг Монголын түүхийн номуудад хавсралт оруулж буй хэрэг гэж хэлж болох нь ээ?
-Монгол хааны бариулсан дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж Иранд байна. Ираны музей болгонд Монголтой холбоотой дурсгалууд байна. Хаа газар Монгол хааны зураг, дурсгал байж л байна. Хүлэгү хааны байгуулсан дэлхийн анхны одон орон судлалын төв гэсэн хаягтай байгууламжийг харлаа. Энэ талаар Монголын түүхийн ганц ч зохиол дээр гэрэл зураг нь байхгүй. Харамсалтай байгаа биз. Бас Хүлэгү хааны ээж Сорхогтон бэхи хатны бунхан байгаа юм. Хамгийн гол нь иймэрхүү мэдээллийг монголчууд бахархалтайгаар мэдэж байх ёстой. Би зүгээр жижигхээн судлаач. Том хэмжээний баг яваад судалбал болохгүй гэх газар алга. Нэг юмаа янз бүрээр, олон талаас нь давтаж ярихын оронд Монголын түүхтэй холбоотой шинэ сэдвүүдийг гаргаж ирмээр байгаа юм. Монголд байгаа нь монгол, Монголоос гадуур байгаа нь эмзэг, дорд үзэгддэг.
-Биднээс тасарсан монголчууд биднээс илүү өв соёлоо дээдэлж байна гэлээ. Тэдний олонхи нь  том гүрний далбаан доор боолын ч гэмээр юм уу, дорд амьдралаар амьдарч байгаа. Угаас ахуй нь, дээр нь байгаа үндэстэн нь хөгжих боломж олгохгүй байгаа юм биш үү. Тэгэхээр уламжлалаа хадгалахаас өөр яах билээ?
-Бүх юм хоёр талтай. Таны ярьсан шиг монголчууд байна. Нөгөө талаас өндөр хэмжээнд боловсрол олсон монголчууд ч байна. Ер нь боловсролоосоо л шалтгаалж байгаа юм. Жишээ нь 241 мянган хүнтэй цагаан монголчууд дээд тал нь дөрөвдүгээр анги төгсдөг. Гэтэл Шинжаан уйгарын монголчууд Бээжингийн том, том их сургууль төгсдөг. Гэхдээ л их үндэстний дор байгаа монголчууд хэцүү. Мэдээлэл авч чаддаг боловролтой хүмүүс өөрөөр амьдарч байна. Өндөр уулын оройд цөлөгдсөн хүмүүсийн хувьд хэцүү л дээ. Тархан суугаа монголчуудын ганц хүсэл бидний талаар мэдээ сонсох. Дунсиан монголчууд гэхэд ямар ч мэдээлэлгүй. Өнөөдрийн Монголын талаар морио унаад, сэлмээ бариад дэлхийд дийлж байгаа гэсэн 700 гаруй жилийн тэртээх ойлголт нь хэвээр байгаа. Хил хязгаар, виз гэсэн зүйл мэдэхгүй. Монголд зүгээр л яваад очно гэж боддог.
-Тэнд ийм монгол тэгж амьдарч байна гэдгийг мэднэ гэдэг мэдээж түүхэн ач холбогдолтой. Тэднийг бид эргүүлж нутагтаа авч ирэхгүй нь бас ойлгомжтой. Мэдлээ, өрөвдлөө, тэгээд яах юм бэ?
-Энэ ажлыг хийж буй гурван зорилго байна. Дайн байлдаантай газрыг бодвол монголчуудад эрх чөлөө, хууль, боломж баялаг  байна. Хоёрдугаарт нь тусгаар Монгол Улсад суугаа биднээс ч илүү хувцас хэрэглэл, хэл яриа, зан заншлаа хадгалаад үлдсэн монголчууд байна. Гуравдугаарт нь буурай хөгжилтэй монголчууд олон байна. Тэднийг бид ядаж мэддэг байя л даа. Бидэнд бахархах эрх байна, бахархалтай түүхийг авч явах хариуцлага бас байна. Дэлхий монголчуудыг харгис хэрцгий, алж талж байсан гэж ярих дуртай. Харин бид Иранаас монголчууд бүтээн байгуулж байсан маш олон соёлыг харж болохоор байна. Монголын алтан ургийн их хаад, Монголын Их засаг хууль өнөөгийн хүчирхэг Иранд төдийгүй дундад Азид 100 гаруй жил ноёлсон. Дэлхийн хамгийн анхны цаасан тэмдэгтийг Монгол хаан зохиож байсан гээд маш олон дурсгалуудаа мэдье.  Монгол монголоо мэдэж, судална гэдэг бидэнд хүлээгдэж байгаа үүрэг шүү. Чингис хааны “Үндэс язгуураа бүү мартсугай, үр хүүхдэдээ сургасугай” гэсэн үг байдаг.
-Тархан суурьшсан монголчууд хаагуур голдуу нутаглаж байж вэ?
-Орос, Хятад, Афганистан, Иран, Ирак, Киргизстан, Энэтхэг, Балба,  Пакистаны баруун хэсэг гээд маш олон газар тархан суурьшиж байна. Иранд гэхэд 500 мянга орчим эсгий сууцтай нүүдэл¬чин соёлтой угсаатан байдгийг тэндэхийн судлаачид монголчуудын угсаа гэж нэрлэдэг. Энэ удаа тийш явах боломжгүй байлаа л даа.
-Та долоон жил судалгаа хийсэн гэхээр “долоон жорын” монголчуудтай уулзаа биз?
-Заримтай нь хуурай эгч дүүс болсон. Эхлээд очиход өрөвдмөөр шүү дээ. Нэг эмээ бүр монголчууд эргэж ирж авна гэж хэлээд явсан, одоо намайг аваад яв гээд дагаж байсан юм.Сэтгүүлчдийг уяхан гэдэг. Чи харвал бараг уйлна. Биднийг ямар их дээдэлдэг гэж санана. Цагаан монголчууд гэхэд өөрсдийгөө газрын, биднийг тэнгэрийн монгол гэдэг юм. Долоон жилийн турш бусад угсаатан цагаан сараа яаж хийдгийг нь харлаа. Цагаан сар соёл уламжлал тод харагдах гоё үе болохоор. Монголоос алслагдсан, Монголоороо байгаа хүмүүсийн хувьд цагаан сараар нэг л зүйл ярьдаг. Тэр нь монголчуудын тухай дурсамж. Гэтэл бид эрлийз хурлийзаар нь дуудаад л.700, 800 жилийн турш түүхийн хатуу тоглоомын золиос болсон хүмүүс Монголоо хадгалаад л үлдсэн байна шүү дээ, хөөрхийс. Ядахнаа л хэрхэн нэрлэгдэж үлдсэнээр нь ялгаж салгах нь тэдэнд үзүүлж байгаа хамгийн том хүндэтгэл болох байх.
-Дээрээ байгаа үндэстний нөлөө тэдэнд орсон байдаг биз?
-Хятадын монголчууд Орост байгаагаа бодвол хаалттай. Энэтхэгийн гадаадын иргэд орохыг хориглосон бүсэд ч монголчууд нутаглаж байх жишээтэй. Орохыг хориглосон бүсэд олигтой амьдраагүй нь лав. Урд хөршид тархан суугаа монголчуудын олонхи нь XIII зуунд Тангудыг дайлаар мордоход муж мужид хэсэг хэсгээрээ үлдсэн монголчуудын удам угсаа байдаг. Ялангуяа дундад Азид тархан суурьшсан монголчууд олон байна.
-Ер нь Ираны виз хэр хурдан бүтэж байна вэ?
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш олон улсын сэтгүүлчдэд хориг тавьсан. Мэргэжлийн камер, мэргэжлийн зургийн аппарат авч орохыг хориглосон болохоор виз бэрхшээлтэй байв. Ираны автобусанд суухаас эхлээд эмэгтэй хүн зөвхөн нүд амаа гаргасан алчуур зүүх ёстой. Гараа ил гаргах ёсгүй, автобусанд эрэгтэй хүнтэй нэг талд зорчихгүй, ярихгүй гээд олон дүрэм журмыг дагах ёстой. Ямар ч угсаа гарал, зэрэг зиндаатай байсан Ираны нутаг дэвсгэрт исламын шашны ёсонд захирагдах ёстой. Иран руу Туркээр дамжиж орсон юм. Туркийн элчин батлан даасан бичиг гаргасан учраас биднийг нэвтрүүлсэн байх.
-Ираны өнөөгийн  байр байдал ямар байх юм?
-Эмэгтэйчүүдийн эрх маш доогуур. Эмэгтэй хүн ажил хийх хориотой. Гашуудлын сарын өдрүүдээр очсон учраас хаа сайгүй, биеэ зовоож, цус урсгаж байгаа чимээ шуугиан сонсдоно. Исламын шашны шийт урсгалын төлөөлөгч Хуссейны нас барсны дурсгалд зориулж жил болгоны нэг сарыг гашуудлын сар болгодог юм билээ. Тэр сард нь бид очиж таарсан. Эмэгтэйчүүд нь зурагтынхаа өмнө нүүрээ маажиж, биеэ сэлэмдэж, ташуурдаж зовоодог. Гэхдээ дөрвөн жилийн өмнө сэлэмдэхийг хориглосон. Хэр их цус гарна, тэр хэмжээний буян үйлдэж байгаа хэрэг юм уу даа. Таксины жолооч нь хүртэл өөрийгөө гинждээд явна.
-Дэлхийгээс таг тасарсан улс ганц ширхэг байна аа. Салхи сөрсөн тэмээ шиг?
-Ёстой хол тасарсан улс. Соёлын асар том ялгаатай. Тэгсэн мөртлөө иргэдийнх нь боловсрол өндөр. Англиар ярьдаггүй хүн бараг байхгүй. Мэдээж гадаадад сурахыг дэмждэггүй. Иран хүн гадагшаа явж сурах гэж байгаа бол Засгийн газартаа 100 сая төгрөгийн дэнчин тавьдаг.
-Тэнд дэлхийтэй холбогдох ямар боломж байна аа?
-Иранд мэдээлэл хориотой. Дэлхийн телевизийн сувгууд гарахгүй. Yahoo messenger, Skype, Youtube, Facebook, credit card гээд бүгд хориотой. Иран руу бэлэн мөнгө авч ордог  ч хэмжээ нь хязгаартай болохоор гадаад хүн мөнгөө дууссан өдрөө гарна. Даяарчлагдаж байгаа дэлхийд дангаараа үлдсэн цөөхөн орны нэг Иран. Хэчнээн хаалттай ч бахархалтай зүйл байна лээ. Литр шатахуун гэхэд монгол мөнгөөр 150 төгрөг. Удаан баймаар байсан ч авч орсон мөнгө маань дууссан болохоор буцахаас өөр арга байгаагүй.
-Иран руу явахад ямар орнуудаар дайрав?
-Хятад, Пакистан, Арабын нэгдсэн Эмират, Туркээр дамжаад Иран руу орсон. Автобусаар Иран руу орсон л доо. Турк Ираны хил дээр гэхэд Чеченүүд хил гарах гээд хэдэн зуугаараа шоронгийн хоригдол шиг торны цаана байж байдаг юм билээ. Гадаад хүн нэг ч байхгүй. 10 автобусны цуваа явж байхад бид хэд л гадаад байсан.
-Ингэхэд танайх хаана харъяатай байгууллага юм бэ?
-Манайх төрийн бус байгууллага. Соёл судлаач, орчуулагч, зураглаач гэсэн цөөхөн хүнтэй. Манай онцлог нь аялал болгонд өөр өөр хүн авч явдаг. Буурай хөгжилтэй газар эмч, үсчин ч юм уу  ахуйн үйлчилгээ үзүүлэх хүн очиход сонин байдаг шүү дээ. Зарим газар оо гэдгийг мэдэхгүй, үсээ угаалгын нунтагаар угаах жишээтэй. Ухсан нүхэнд тогтсон ус уудаг монголчууд ч байна.
-Байгууллагууд төрийн, төрийн бус. Ашгийн ашгийн бус гэж байдаг. Танайх төрийн бус байгууллага. Харин ашгийн уу, ашгийн бус уу?
-Мэдээж ашгийн бус.
-Тэгвэл хаанаас хөрөнгө босгож ийм хүнд, хэцүү аяллуудыг хийгээд байгаа юм бэ?
-Манай байгууллагад “Хархорин сувинер” гээд арьсан эдлэлийн жижигхэн урлан байдаг юм. Арьсан эдлэл хийж гадагшаа гаргаж үүнийхээ ашгаар аяллаа санхүүжүүлдэг. Өнгөрсөн жилээс нийтийн хүртээл болгож эхэлсэн болохоор илүү мэргэжлийн төвшинд хийх хэрэгтэй болсон л доо. Үүнийгээ дагаад спонсор гэдэг зүйл хэрэг болж байгаа юм. Саяын цувралын ерөнхий ивээн тэтгэгчээр ХасБанк ажилласан. Хоёр гурван жил ганцаараа явж судалгаа хийлээ. Мэдээж өргөн бүрэлдэхүүнтэй баг явъя гэхээр асар их зардал гарна. Бид бүгдээрээ л амьдрал ийм байна, цалин тийм байна, нийгэм онцгүй байна гэж ярьдаг. Харин бахархалтай түүхийн тухай ярих болохоор бүгд омогшоод л би хөх толботой улаан залаатай Монгол. Чингис цагтаа дэлхийг дийлж байсан гэдэг. Ингэж ярьж байгаа хүмүүст ямар нэгэн хариуцлага байж таараа. Тэгэхээр боломжтой нэг нь түүхээ судлаад, бусдад таниулаад явах нь зүйтэй юм болов уу гэж бодсон юм.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
zochin 1st February 2012

Сайхан үйлс бүтээж яваа хүн. Удахгүй улс орон гайгүй болоод ирвэл ах дүүсээ татах нэгтгэх хэрэгтэй

монгол 15th July 2011

асуулт асууж байгаа сэтгүүлч нь шал тэнэг юм . эх түүхээ мэдэхгүй хүнтэй яарилцлага хииж чадахгүй нолийн ногоон тэг яаж сургууль төгссөн юм бол доо

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах