МОНГОР БУЮУ ЦАГААН МОНГОЛЧУУД
Friday, 19th October 2012МОНГОР буюу ЦАГААН МОНГОЛ

Үр хөвгүүддээ сургасугай
Чингис хаан
Буурал түүхийн ноён оргилд ертөнцийг нэгтгэн захирагч хаан Чингис их цэргээ удирдан Хархориноос Тангуд улсыг дайлаар мордохдоо торгоны зам дагуу одоогийн БНХАУ-ын Гансу, Хөхнуур мужийн нутгуудад хэсэг хугацаагаар буудалласан байдаг.
Улмаар их дайны хөлд шархдаж тамирдсан цэргүүдээ мөнөөх нутгуудад үлдээгээд явсан нь эдүгээгийн урд хөршид маань оршин суух зарим монгол угсаатнуудын суурьшил байлаа./Зарим сурвалжуудад нутгаа сахин үлдсэн цэргүүдийн угсаа гэж тэмдэглэсэн нь ч бий/. Ямартаа ч энэхүү түүхийн нэгээхэн тасархай нь өөрсдийгөө гэж Цагаан монголчууд үздэг.
Ойролцоогоор 241мянган хүн амтай Монгор буюу Цагаан Монголчууд Төвдийн өндөрлөгийн зүүн хойд хэсэг болон Хатан голын сав газар аж төрдөг. Тэд өөрсдийгөө Газрын, харин биднийг Тэнгэрийн монголчууд гэж нэрлэдэг.
Нийтлэг байдлаар мал аж ахуй, газар тариалан, гар урлал эрхэлдэг. Ихэвчлан буудай тарьж, гурилын хэрэгцээгээ хангадаг бөгөөд, төмс, эрдэнэшиш тарьдаг айлууд ч бий. Хамгийн баян айл 4-5хоньтой, анжисны ганц шартай. 1тосгонд ийм хөрөнгөтэй айл 1ээс олон байх нь ховор тохиолдол. Тэд тарьсан буудай, төмснөөсөө илүү гарсныг нь төв газарт аваачиж, даавуу даалимба, давс зэрэг хэрэглээнийхээ бараагаар арилждаг. Цагаан монголчууд өдрийн хүнсэндээ иэхвчлан талх барьж иддэг бөгөөд, оройн хоолондоо гурилтай шөл иддэг. Мэдээж мах ховор учираас тэр болгон хоолондоо хэрэглэдэггүй. Цагаан сараар л нэгээс хоёр долоо хоног махтай шөлтэй хоол иддэг юм билээ.
Хамгийн анх удаа энэ угсаатныг зорин очиход минь нутгийн нэгэн ах бидэнд 700 гаруй жил өвлөгдөн ирсэн гэх монгол эмэгтэйн хувцас хэрэглэлийг үзүүлж билээ. Мэдээж бөс даавуу нь нэлээд хуучирч өмөрсөн, мөнгөн эдлэл нь ихэд элэгдсэн ч гэлээ тэрхүү хувцаснаас бид энэ ард түмэн үнэхээр монгол угсаатан гэх нотолгоог бахдан харсан юм.
Бүсгүйчүүд солонгын 7 өнгийн хатгамлаар дээл хувцсаа урлаж, цэцгэн хээтэй гутал өмсөх дуртай. Тэд хар эсгийгээр хийсэн бүрх малгай тавьдаг. Эрчүүд нь богино дээлээр гоёдог. Зөвхөн настайчууд л өдөр тутам үндэсний хувцас болох дээлээ өмсөх ажээ.
13,14-р зууны үеийн монгол хэлээр ярьдаг. Ахуй амьдралын ойр зуур үгнүүд, адуу мал, зуух тогоо, тоо зэрэг нь бараг л монгол үгнүүд байдаг. Монгор хэл алтай язгуурын монгол хэлний төрөлд хамрагддаг. Мэдээж анх энэ хүмүүстэй уулзсан даруйд шууд ойлголцох боломжгүй ч 2,3 хоногийн дараагаас аялганд нь дасч нээрээ л монгол үгнүүд олон байна шүү гэх бодол очсон хэн бүхэнд төрж эхэлдэг.
Цагаан монголчууд бидний судлаж байгаагаар 35 бадагтай нэгэн дуутай. Тэд энэ дуугаа “Тунтрахиймаа” гэж нэрлэдэг. Энэ нь монголоор “Замд гарлаа” гэсэн утгатай үг. Энэхүү дуунаас 2 бадгийг өнөөгийн монгол хэлэнд буулгавал
Аян замдаа гарсандаа
Монгол хааны хүү охин
Алсын замдаа одсондоо
Монгол аав ээжийн үр сад
Аяндаа мэнд л явсануу даа
Нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа
Хэзээ л ирэхийн болдоо хө
Энэхүү дуу цаагуураа л их түүхийг өгүүлэх ажээ. Тиймээ “эргэж ирээд аваад явнаа” хэмээн түүхийн үзүүрт домог мэт хэлэгдсэн тэр л үгийг өнөөдөр ч гэсэн Цагаан монголчууд дуу болгон аялсаар л байна.Алсын замдаа одсондоо
Монгол аав ээжийн үр сад
Аяндаа мэнд л явсануу даа
Нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа
Хэзээ л ирэхийн болдоо хө
Очсон тосгодын бараг л бүх айл биднийг гэртээ оруулж дайлахыг хүсдэг. Нэг айлаас гарахад өглөө орой ч хамаагүй үүдэнд нь хүмүүс цуглаад биднийг гэр гэртээ урьж байхыг харахдаа ийм олон монголчууд биднийг хүлээж байгаадаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Чухам энэ л хүлээсэн сэтгэл, хууч яриа биднийг дараа дараагийн монгол угсаатанууд руу очих урам зориг, эрч хүчийг нэмдэг билээ.
Цагаан монголчууд амьдарч буй орныхоо нийгмийн байдлаас шалтгаалаад ихэвчлэн шашингүй үзэлтэй байх боловч, цөөн хэсэг нь Төвдийн буддын шашиныг шүтдэг ажээ. Нэгэн удаагийн аяллаараа бид шашны томоохон ёслолыг үзэж зураг авах боломж гарсан билээ. Жилд нэг удаа болдог энэ ёслолыг үзэхээр бид шөнө дөлөө босч тариачны трактор хөлөглөн 5 цаг гаруй явсаар алслагдсан нэгэн ууланд очсон юм. Төвдийн Потала хийдийг дууриалган шинээр барьж байгаа хийдэд хүмүүсийн өргөл барьцыг авж байлаа. 1айл 5талх, 1цай өргөх нь тэнгэрт очих үүдийг нээдэг гэж манай айлын хүмүүс ярьж байснаас бодоход мухар сүсэг энэ хүмүүсийг нэлээн эзэмдсэн шиг санагдсан. Аргагүй биздээ, боловсрол гэхээр юм байхгүй, өндөр уулын оройд өнөө маргаашийг үдэн амьдрах тэдний хувьд дэлхий гэдэг хөмөрсөн тогоотой адил бөгөөд мэдээлэл гэдэг даанч хаалттай сэдэв билээ.
Хамгийн анх Цагаан монголчуудын тосгонд очсон өдрүүд харвасан сум мэт өнгөрч дараа дараагийн тосгод руу хөдлөх бүрийд хүмүүс нүдэндээ нулимстай дараа заавал ирээрэй бид хүлээнээ хэмээн үддэг болсноос хойш олон хавар өнгөрчээ.
Эцэг нь хаяад явсан хүү эргээд ирэхэд нь бишүүрхэн бас гомдоллон хардаг тэр л зургийг бид энэ хүмүүстэй уулзах бүрийдээ зүрх шимшрэм мэдэрдэг. Энэ мэдрэмж нэгэн цагт дэлхийг нэгтгэн захирч, соёл иргэншлийг төдийгүй хагацал, хүлээлт, заримдаа үндэстнүүдийг тарьж байсан буурал түүхийн өмнө бид ч бас хүлээх хариуцлагатайг ухааруулдагаа.
Үндэс угсаа өв соёл маань энд ч гэсэн үргэлжилсээр. . .