ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН 2010.04.19
-Тархан суурьшсан монголчууд гэсэн үгийн товчлол юм л даа.
-Иранд монголын хаад 100 гаруй жил хаанчилсан. Зөвхөн Иран төдийгүй Пакистан, Ирак, Азербайжан зэрэг орнууд Монголын эзэнт гүрний Ил хаант улсын нутаг дэвсгэрт багтаж байсан гэдэг. Өнөөдрийн хүчирхэг Иран Монголын эзэнт гүрний Ил хаант улсын харьяанд 100 жил байсан гэдэг үнэхээр бахархмаар шүү.
Монголын түүхэн зохиолуудад Иран дахь монголын дурсгал гэхээр Өлзийт хааны бунханы ганцхан зураг л бүх ном зохиолд байдаг. Бид ч өнөөдөр зөвхөн Чингис хаан л гэж яриад байна. Үнэн хэрэгтээ илүү их мэддэг учраас Чингис хааныг ярьдаг. Гэтэл Өлзийт хааны бунханаас эхлээд бидний мэддэггүй асар олон дурсгал дэлхийн олон газарт бий. Ираны хот болгоны музей бүрт Монголын дурсгал бий. Шаазан ваар, зоосон болон цаасан мөнгө байшин барилга гээд л.
Иранд байгаа монголын дурсгалуудын нэг Өлзийт хааны бунхан дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж. Найман талтай, тал бүр нь хас, алхан, өлзий гээд монгол хээгээр чимэглэгдсэн энэ барилга дэлхийн соёлын өвд 2005 онд бүртгэгдсэн. Тухайн үедээ Аргун хаан санаачилж, Өлзийт хааны үед баригдаж дуусаад хожим Өлзийт хааныг бунхалсан гэдэг юм. Гаднаа “Монгол хаан Өлзийтийн бунхан. Иран дахь монголын үеийн дурсгал” гэсэн бичиг байдаг. Ил хант улсын анхны нийслэл байсан Марүго хот нь хэмжээгээрээ манай Эрдэнэт хоттой дүйцхээр юм билээ. Энэ хотод л гэхэд монголын дурсгалтай холбоотой найман том хэмжээний дурсгал байх жишээтэй. Дэлхийн хамгийн анхны “Одон орон судлалын төв”-ийн туурь одоо ч гэсэн байдаг. Иранд очоод Өлзийт хааны бунхнаас эхлээд Хазарын тэнгис, Марүго, Табриз хотуудад байсан олон зуун жилийн өмнөх Монголын дурсгалуудыг үзээд буцаж ирмээргүй санагдсан.
-Та бүхнийг очиход тэд яаж хүлээж авсан бэ?
-Иранчууд Чингис хаан гэхээр маш их айдаг. Одоо ч Монгол гэхээр их сүрддэг юм шиг санагдсан. Чингисийн зурагтай мөнгөн дэвсгэртийг харж чаддаггүй, айдаг. Харин Хүлэгү хаан, Сорогтан бэхи хатан, Абага, Аргун, Газан зэрэг Алтан ургийн монгол Ил хаадыг маш их хүндэлдэг. Персийн түүхэнд Ил хаан Хүлэгү, хожим Газан хаан “Ираны шинэчлэл” гэж том шинэчлэлийг түүх, нийгэм, шашин соёлд нь оруулсан байдаг юм билээ. Тийм учраас одоо ч гэсэн Иранчууд тэднийг их гавьяатай хүмүүс гэж бахархдаг.
-Таны нэрлэсэн хаад “Иран дахь монголын үе” гэгддэг 100жилийн хугацаанд Ираны төрийг барьж байсан гэсэн үг үү?
-1251 онд Хүлэгү хаан Монголын эзэнт гүрний их хаан Мөнхөөс зарлиг аваад 1256 онд Марүго хотод очиж “Монголын эзэнт гүрний баруун хязгаар, Ил хаант улсын нийслэл” гэж зарласан байдаг. Түүнээс хойш Абусаид хаан хүртэл алтан ургийнхан энэ газар төр барьж байсан түүхтэй. Хүлэгү хааны ээж, Сорогтан бэхи хатныг Иранчууд маш их хүндэтгэдэг. Түүний бунхан анхны нийслэл Марүго хотын дунд байдаг юм. Ираны алдартай 10 бунхны нэг. Тэндээ маш алдартай.
-Иран дахь монголын дурсгалуудаас гадна Хятадын монголчуудын талаар нэвтрүүлэг бэлтгэсэн байсан. Бид хятадын монголчууд гэхээр өвөрмогголчуудыг л ойлгоод байдаг. Гэтэл үгүй юм билээ?
-Нэвтрүүлгийн маань эхний гурван хэсэг Иран дахь монголын дурсгалуудын тухай өгүүлсэн. Дараагийн хэсэг бол Дунсиань монголчуудын тухай. Чингис хаан 1227 онд Алтан улстай дайлаар мордохдоо үлдээсэн үлдээсэн цэргийн хүч юм билээ. Өндөр уулын орой дээр амьдардаг.
Монголчуудын нэг андуурдаг зүйл нь Хятадад байгаа монголчууд гэхээр өвөрмонгол л гэж ойлгоод байдаг. Харин хятадад байгаа монгол угсаатан таван сая 900 мянга. Үүнээс дөрвөн сая 700 мянга нь өвөрмонголчууд. Цаана нь байгаа сая 200 мянган хүн бол дээд монгол, шинжааны Ойрад, Цастын монгол, Дунсиань, Боань, Ёгар зэрэг ястнууд.
Цастын монголчууд гэхээр монгол хүмүүс тэр болгон мэддэггүй. Яагаад гэвэл 370-аад жилийн өмнө монголчуудаас тасарсан. 4000 хүнтэй тэр тосгонд л гэхэд монгол сургууль, цэцэрлэг байдаг. Энэ хүмүүс түүхийн маш том золиос болсон ч гэсэн монголоороо бахархсан хэвээр их гүрний дунд амьдарсаар л байна.
-Цастын монголчууд гэхээр бидний одоогийнхтой адилхан юм уу.
-Хошууд ястан, ойрад аялгаар ярьдаг.
-Хувцас хэрэглэлээс эхлээд ахуй амьдрал нь монголоос хэр ялгаатай юм. Хэр хятаджсан бол?
- Шинжааны ойрадууд, Хөхнуурын хошуудууд гэхэд нэлээн өндөр боловсролтой. Харин Дунсиань ч юм уу Баонь, Ёгар гэхэд маш буурай. Өндөр уулын орой дээр цөллөг шиг л амьдардаг. Гэхдээ тэд монголоо үнэхээр сайн хадгалж үлдсэн хүмүүс байсан. Бахархахгүй байхын аргагүй. Захын айлд ороход л жинхэнэ монгол, зүүсгэл, хувцас гэхэд доод тал нь 200 жил хадгалчихсан. Цастын монголчуудад очиход анх удаа монголоос ирж байгаа гээд их сайхан хүндэтгэлтэй хүлээж авсан. Уйлмаар санагддаг юм билээ. Өлмийгөө хүрсэн урт гоё дээлтэй, мөнгөн эдлэлтэй, эмээл хазаараа гаргаж ирээд л “Бид ийм ийм зүйлийг хадгалж үлдлээ. Гэхдээ энэ бүхнийг бид ямар ч үнээр үнэлэшгүй” гээд л. Уртын дуу дуулаад, тууль хайлна. Айл болгон тууль хайлна. Шинжааны ойрадууд 170 мянгуулаа. Энэ тоо монголчуудын хувьд цөөхөн л дөө. Гэхдээ тэд Жангарын туулийг үнэхээр мундаг хадгалж үлдсэн байх жишээтэй. Бараг л айл бүрт Товшуур тоглодог, Жангар хайлдаг хүмүүс байна. Бүр тод үсгээр гардаг өдөр тутмын хэвлэл ч байдаг юм билээ.
-Их гүрний зүгээс тэдэнд яаж ханддаг вэ?
-Бид бол соёл судлаачид. Маш олон хаалттай нийгэм рүү ордог. Тухайн орны нийгмийн тухай ярих нь бидний аяллын аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй учраас бид энэ талаар ярьдаггүй. Тэгээд ч энэ нь бидний хөндөж байгаа сэдэвтэй нэг их холбоогүй.
-Судалгааны багт ямар хүмүүс багтсан бэ?
-Орчуулагч, зураглаач, гэрэл зурагчин зэрэг хүмүүс байдаг. Зарим үед бид үсчин ч юм уу, эмч авч явахыг боддог.
Яагаад?
-Зарим буурай газарт шүдний оо гэж байдаггүй. Ухсан нүхэн дотор ус тосоод түүнийгээ уудаг, нүүр гараа хүртэл вокоор угаадаг хүмүүс олон байна. Жишээ нь Дунсиань дахь монголчууд 1227 онд үлдсэн. Далайн төвшнөөс дээш 3800 метрийн өндөрт байдаг. 12 цагт нар манддаг,16 цагт шингэдэг. Маш өндөр уулын орой дээр байдаг, цөллөгдүү газар. Тэд монголчуудыг одоо болтол морио унаад л явж байгаа гэж боддог. Дунсиань хэл “дундад эртний алтай язгуурын монгол хэл”-ний төрөлд ордог. Араб, хятад, түрэг хэлний холимог гэж ойлгож болно. Яг монгол хэл шиг. 800 жилийн өмнө монголчууд ингэж ярьж байсан болов уу гэмээр. Хони, тэмэгэ, мори, адагу, нигэ, хояр гэх мэт яг монгол бичгийн галигаар ярьдаг. Тэнд дөрөвдүгээр анги төгссөн хүн сургуульд багшилж болдог.
Дунсианий монголчууд зөвхөн төмс л иднэ. Өглөө шарсан төмс, өдөр чанасан төмс, орой гурилтай төмстэй шөл гээд л. Маш хүндтэй зочид, жишээ нь монголчууд очиход тахиа гаргаж өгнө. Тахиа гаргах нь тэдний хувьд хонь төхөөрсөнтэй л адил хүндэтгэлтэй хүнсэнд тооцогддог. Баян айл дөрвөн хоньтой. Биднийг очиход эхний нэг, хоёр өдөр махтай хоол хийж өгдөг. Афганы Хазара монголчуудын хувьд дайн байлдаан, дотоодын мөргөлдөөнтэй газар байгаа учраас амьдрал бүр ч хэцүү. Афганистаны зарим хязгаар нутагт гутал гэдгийг мэдэхгүй, хөл нүцгэн явдаг, зарим нь коланы том савыг зүсээд олсоор хөлдөө уяад явж байх жишээтэй.
-Ер нь ингэхэд аяллын чинь зорилго юу байв?
-Бид гурван зүйлийг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг. Ойрхи дорнод, дотоодын мөргөлдөөнтэй газар байгаа монголчуудаа хараад бид нар ямар эрх чөлөөтэй юм бэ, гомдоллохгүйгээр ажиллах боломж байна шүү гэдгийг хүмүүс мэдрээсэй гэж хүсдэг. Хоёрдугаарт монголоос гадна байгаа монгол угсаатанууд гэхээр дандаа л ядуу, сул дорой мэтээр ойлгодог. Тийм биш харин ч биднээс илүү соёлоо өвлөж үлдсэн хүмүүс байдаг шүү гэдгийг харуулахыг зорьдог. Мөн монголчууд монгол угсаатан гэхээр зөвхөн өвөрмонголоор төсөөлөх биш ядаж нэрийг нь ялгаж сураасай гэж хүсдэг.
-Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Би монгол зургийн мэргэжилтэй. Мөн соёл судлаач.
-Аяллын санхүүжилтийг яаж бүрдүүлдэг вэ?
- “Хархорин сувинер” гэдэг жижигхэн арьсан эдлэлийн урлантай, тэрнийхээ орлогоор аялдаг. Харин сүүлийн аяллыг минь ХасБанк ивээн тэтгэсэн.
-Их амь дүйсэн хэр баргийн хүн зоригломгүй аялал шүү?
-Бидний мэргэжлийн цаана маш том бахархал байгаа.
- Олон хүн биднээс “Монголд авчрах гээд байгаа юм уу, эсвэл монголчуудыг нэгтгэх гээд байгаа юм уу” гээд л асууцгаадаг. Энэ бол бидний зорилго биш. Бид жирийн соёл судлаачид. Тархан суурьшсан монгол угсаатнуудын түүхэн ирэл, гарал, хадгалан үлдсэн өв соёл, хувцас хэрэглэл, зан заншлыг судлаж нийтэд хүргэхийг эрмэлздэг. Чингис хааны “Үндэс язгуураа бүү мартсугай гэж үр хүүхдүүддээ сургасугай” гэсэн захиас байдаг. Маш олон газарт байлдан дагуулал болсон, тэр хэрээр бидний мэддэг болоод мэдэхгүй олон монгол угсаатнууд дэлхий даяар тархан суурьшиж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг хүмүүст хүргэх нь бидний хамгийн эхний үүрэг байсан. Бахархалт түүхээ үнэнээр нь мэдэж, үнэ цэнэтэйгээр нь үргэлжлүүлэхийн тулд л явж байна. Дэлхийн олон судлаач эрдэмтэд монголын түүхийн ул мөрийн талаар судлахдаа монголын байлдан дагуулал харгис хэрцгий байсан гэдэг. Дэлхий биднийг ихэвчлэн буруутгадаг. Харин монголчууд байлдан дагууллаараа зөвхөн устган сөнөөж байснаас илүү шинэ соёл иргэншлий босгон байгуулж, бүтээн байгуулалт хийж байсан шүү гэдгийг үзүүлэх нь бидний бас нэг зорилго.
-Монгол угсаатнаа хайж, тив алгасан олон ч газраар явж. Тэр бүхнээс хамгийн хачирхалтай сэтгэлд илүү тод дурсамж үлдээсэн нь ямар газар байна вэ?
- Ил хаант улсын нийслэл байсан Табриз хотоос урагшаа 45 км газарт байрладаг Кэндовань тосгон гэж байдаг. Чингис хаан Хорезмыг эзэлсэн нь тухайн үедээ дундад ази төдийгүй дэлхий даяар шуугиан тарьсан. Тэр бүхнээс айгаад нүх ухаад орогносон хүмүүс одоо хүртэл элсэн чулуун сууцанд амьдарч байна. Хажууханд нь 45 километрийн зайд орчин үеийн соёл иргэншил байхад XIII зууныхаараа амьдардаг 800-1000 хүн байна. Энэ газар очоод л түүх дэндүү гашуун байсныг дахин ойлгосон юм.
Ярилцсан Б.Нямсүрэн