МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХэвлэлдМОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД …
МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД …
Tuesday, 16th October 2012
Ярилцсан Ахлах дэслэгч Х.Ганзул

СОЁМБО СОНИН 2010.08.08 №32,33 (10192,10193)

“Тархан суурьшсан Монголчууд” байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчир

Уншигчдад маань байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-”Тархан суурьшсан Монголчууд” ТББ-ын суурийг 2002 онд тус байгууллагын орчуулагч, судлаач Б.Цэрэн үүсгэн байгуулах санаачлагыг эхлүүлсэн. Миний хувьд 2004 оноос судалгааны аялал, зураг авалтын экспедицээр ажиллаж байна.

Яагаад дэлхийд тархсан Монголчуудаа “хайж” судлах болов?

-Бид Монголын байлдан дагуулал, Чингис хаан гээд л ярьдаг. Харин цааш нь үргэлжлүүлж чаддаг билүү. Чингис хаан өнөөдрийн бидний 1000 жилээр яригддаг тэр аугаа түүхийг эхлүүлсэн. Харин түүний хөвгүүд, жанжид, аравт, зуут, мянгат, түмт үргэлжлүүлсэн түүхтэй. Ганц, хоёрхон улс биш тивээр дамжин дуурсагдсан Монголын эзэнт гүрнийг Чингис хааны үр хойч үргэлжлүүлэн байгуулсан. Тэгэхээр дэлхийн олон оронд үлдсэн, бүтээгдсэн монголын гэж овоглох, өмчлөх хөшөө, дурсгалт газрууд, дэлхийд оршин тогтнож, амьдарч буй монгол хаадын удам угсааг эрж хайж, ил гаргана гэдэг бахархалтай сайхан ажил. 2009 оны 1 дүгээр сараас эхлэн дэлхийд тархан суурьшсан монголчуудын талаар мэдээллийг олон нийтийн хүртээл болгож эхэлсэн. Тэдний тоон мэдээ, түүхэн ирэл гарал, монгол угсаатны онцлогоо хэрхэн хадгалж үлдсэн гээд олон мэдээллийг баримтаар дэлгэж харуулахыг зорьж явна.
Дэлхийн хэдэн улсад монголчууд амьдарч байна вэ?
-Бидний ихэнх нь Өвөр Монгол, Буриад, Халимагийг л мэддэг. Зөвхөн Монгол, ОХУ, БНХАУ д биш Дундад ази, Евро ази, Балба, Энэтхэг, Афганистан, Пакистан, Иран зэрэг  улс орнуудад мөнөөх байлдан дагууллаас үлдэж хоцорсон Дээд Монгол, Дэлхийн Монгол, Цагаан Монгол, Цастын Монгол, Шинжааны Монгол, Гансугийн Монгол, Чар, Хазара, Алтай, Тува, Дунсиань Монгол, Юннаны Монгол, Баойнь, Дагуур гээд маш олон монгол угсаатан монгол хэл, хувцас хэрэглэл, бичиг соёл, ахуйгаа хадгалан 100, 300, 700, 800 жил амьдарч байна шүү дээ.

Үнэхээр гайхалтай юм. Анх удаа л ийм олон монгол угсаатны нэрийг сонслоо. Нэгд нэгэнгүй мэдэх хүсэл өөрийн эрхгүй төрж байна. Гэхдээ Дээд Монгол гэдэг нэр содон юм?

-Дэлхийн дээвэр гэгдэх Түвдийн өндөрлөгийн зүүн хэсэгт аж төрдөг учир ийн нэрийджээ. Түүхэнд Хөх нуурын хошууд гэж нэрлэдэг. Одоо энд Цогт тайж, Гүүш хааны хойчис болох 90000 монголчууд амьдарч байна. 370 жилийн өмнө улааны ба шарын шашныг хамгаалж хоёр монгол угсаатан хоорондоо байлдсан гашуун эмгэнэлтэй түүхийн улбаа юм. Гэхдээ өнөөдөр тэдний хойчис эв нэгдэлтэй, сайхан амьдарч байна. Эсгий үүд, хөсөг тэрэг, чулуун хороо гээд яг л 300 жилийн өмнө очсон мэт. Түүнчлэн монгол бичгээр хүүхдүүддээ сургалт явуулдаг, монгол бичгээр хэвлэгддэг сонин, өөрсдийн радио, монгол эмнэлэгтэй. Өдөр тутмын хэвлэлээ монгол бичгээр гаргадаг гээд сурах, хүндлэх зүйл ихтэй. Харин Цастын Монголчууд бол Дээд Монголчуудаас 100 жилийн өмнө тасарсан. Үе үеийн торгон замын Дунхан өртөөний ойролцоо амьдардаг. Хамгийн цөөн хүн амтай буюу 4000 орчим. Бас л өндөр боловсролтой хүмүүс. Үр хүүхдүүддээ маш өндөр шаардлага тавьдаг бөгөөд заавал их дээд сургуульд сургадаг.

Дунсиань Монголчуудийн хувьд …

-Алтан улсыг дайлаар мордох үед Хатан голыг гатлахдаа үлдээсэн цэргүүдийн хойчис гэгддэг эдүгээ 541000 хүн амтай. Чингис хаан шархадсан цэргүүдээ үлдээсэн гэсэн домог яриа ч бий. Өөрсдийгөө Чингисийн удам гэж хэлдэг. Зарим судлаачид Сүбээдэй жанжины хойчис гэж үзэх нь бий. Одоо БНХАУ-ын Гансу мужийн Шар мөрний ойролцоо оршдог. Исламын шүтлэгтэй. Алтай язгуурын дундад эртний монгол хэлээр ярьдаг. Идэх гэхийг цөлмөх, имага, тэмэгэ, хони, үхэри, адагу гэж дууддаг.Миний хувьд 30 гаруй удаа очсон. Яагаад ч юм тэднийг илүү их хайрладаг. Өөрийн эрхгүй сэтгэл татагдаад байдаг юм.

Монгол Улсын талаар мэдээлэл байна уу, тэдэнд?

-Нийгмийн байдлаасаа шалтгаалаад янз бүр. Дээд Монголчуудын хувьд боловсрол өндөртэй учир мэдээлэлийг бидний л адил  авдаг. Харин Цагаан Монголчууд гэхэд нэг л өдөр морьдоо унасан баатар эрс биднийг ирж авна. Монголчууд Өнөөдөр ч гэсэн мориндоо мордоод, дэлхийг донсолгож буй хэвээрээ гэж боддог. Биднийг очоод монгол хүн гэхэд  биднийг авахаар ирэв үү гээд юмаа баадагнаах нь үнэхээр зүрх шимширмээр. Тэдний хувьд мэдээлэл хаалттай. Гэтэл Шинжааны Ойрадууд гэж монгол соёлын галыг бахархалтай авч яваа ард түмэн байна. Бүр тод бичгээр хүртэл өдөр тутмын сонин гаргадаг гээч. Гайхалтай байгаа биз.

Миний хувьд Хазара Монголчуудын талаар сонсож байсан...

-”Хазара” гэдэг бол “Мянган морьтон” гэсэн монгол үгний Перс орчуулга юм. 6сая орчим Хазара  хүмүүс Афганистан, Иран, Ирак, Узбекистан, Азарбайжанд амьдарч байна. Үүнээс 5сая гаруй нь Афганистанд байдаг. Чингис хаан Афганистаны Бамяныг эзэлсний дараа 1000 морьтонг үлдээсэн түүхтэй. Хазарачууд дээр би Монгол хүн гээд очиход 3 янзаар хүлээж авдаг. Нэг хэсэг нь бид ч бас Монголчууд гэж байхад нөгөө  нь сайн мэдэхгүй гэж хэлнэ. Харин үлдсэн нь та нараас болоод бид ингэж ядуу буурай дарамтан дор амьдарч байна гэдэг. Монголын түүх гэдэг бахархалтай хэрнээ бас гашуун байсны илрэл юм даа.

Ер нь ихэвчлэн ядуу буурай амьдарч байнаа даа?

-Голдуу хаалттай нийгэм, коммунист дэглэм, исламын шүтлэгтэй, дотоодын мөргөлдөөн, дайн байлдаантай газруудад амьдарч байгаа учраас ядуу буурай байхаас өөр аргагүй.

Та нарын аялал ч бас ч багагүй эрсдэлтэй юм байна. Тэр тусмаа эмэгтэй хүнд бүр хэцүү нь мэдээж?

-Дуртай, сонирхолтой ажлаа хийж яваа болохоор энэ бүхнийг даван туулахаас биш яахав. Хамгийн сүүлд гэхэд л Иран улсад очсон. Монголын эзэнт гүрний нь хаад өнөөгийн энэ хүчирхэг Персийг 100 жил хаанчилж байжээ гэхээр бахархалтай байгаа биз. Тэр үеэс өнөөгийн Иран  улсын хөгжлийн суурь тавигдсан гэж Иранчууд өөрсдөө ярьдаг. Афганистанд очиход устгасан, сөнөөсөн, хүйс тэмтэрсэн, алсан, хядсан гэх зэрэг гашуун түүх урсаж, түүхийн баримт олон байсан бол Ираны байдал огт өөр байсан. Дэлхийн соёлын өвд “Монголын Өлзийт хааны ордон” нэрээр бүртгэгдсэн “Дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройт байгууламж”, Хүлэгү хааны зарлигаар байгуулагдсан “дэлхийн анхны Одон орны төв”, анхны цагалбар гээд маш олон дурсгалт зүйлсийг хараад өөрийн эрхгүй омогшисон. Монголчуудыг зэрлэг балмад нүүдэлчин гэж ярьдаг. Тэгвэл энэ олон аугаа соёл үгүйсгэж байгаа юм. Монголчуудын мэргэн оюун ухаан, чадварыг харуулсан нотолгоо яах аргагүй мөн. Ийм дурсгал Ираны хот тосгодоор нэг бий. Тэр бүү хэл Монгол хаадын зарлигаар “Тэнгэрийн хүчин дор Газан дэлдүүлэв”, “Хааны нэрээр Абага дэлдүүлэв” гэсэн монгол бичээс бүхий алт, мөнгө, хүрэл  зооснууд цөөн тоогоор бус харин асгаастай байна шүү дээ.

Тэнд бас Монголчуудын үр удам байна уу?

-Анх тус улсыг зорихдоо Иран дахь монголын дурсгалуудыг үзэж, судлахыг зорьсон. Харин очсон хойноо Ираны зүүн хойд муж нутгуудаар 500.000 орчим нүүдэлчин ахуйтай, эсгий дугуй сууцтай хүмүүс амьдардаг гэж сонссон. Иранчууд тэднийг монголчууд гэж нэрлэдэг. Харамсалтай нь бид очиж чадаагүй. Курдуудын мөргөлдөөн болсон учраас явах боломжгүй байсан. Үүнээс гадна зөвхөн онгоцоор л очих боломжтой юм байна лээ.

Монголчуудын довтолгооноос айгаад одоог хүртэл ууланд бүгэж амьдардаг хүмүүсийн тухай Та дурдсан. Ямар учиртай юм бэ?

1224-1226 онд Чингис хаан Хореизм, Бухар гэж нэрлэгддэг өнөөгийн Узбекстаныг дайлаар мордох шуугиан дундад Азийн олон улсад аймшигт мэдээ болж очжээ. Хореизмын хаадын бодлогогүй хариултаас болж монголын их хаадын догшин сүр хүч илэрч дайлаар мордсон түүхтэй. Энэ үеэр Табриз хотын 4-5 айл хотоос дайжиж ууланд бүгжээ. Одоо тэдний хойч буюу 800-900 хүн өнөөгийн Табриз хотоос 45 км зайд буюу яг тэр газраа нүхэн гэрт, шавар чулуун ширээ сандалтай амьдарч байна. 780 гаруй жил энэ байдлаараа аж төрж байгаа. Амьдаараа үзүүлбэр болчихсон, гадны жуулчид энэ газар 900 доллар төлж нэг хоног хонодог гээд бодол доо. Монголчуудын байлдан дагуулалт өнөөдрийг хүртэл өдөр тутмынх нь амьдралд ингэж илэрч байгаа энэ улсад “монгол” гэж хэлэх хэцүү. Гэхдээ Тулуй, Хүлэгү, Мөнх, Өлзийт, Аргун, Газан хаад Соргогтан хатантай холбоотой монголын асар баялаг түүх, бүтээн байгуулалт, соёл энэ улсад бий. Монголын эзэн гүрний баруун хязгаар Ил хаант улс оршин тогтнож байсан нутаг шүү дээ.

Үнэмшмээргүй юм. Та хэдэн орноор энэ хэцүү “аяллыг” хийсэн бэ?

-Найман жилийн хугацаанд 20 гаруй оронд очиж судалгааны ажлаа хийсэн. Дунсианы Монголчууд дээр гэхэд л 30 удаа очсон. Ингэж байж л тэдний ахуй амьдралтай танилцаж, мэдэрнэ шүү дээ. Энэ хугацаанд бид 20 гаруй баримтат кино бүтээж, 36.000 зураг авсан.

Кино гэснээс та бүхний гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн, кинонуудын нэр их сонин санагдсан?

-Гэрэл зургийн үзэсгэлэн маань “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэсэн нэртэй.  “Орших нутаг ондоо ч омогших сэтгэл хамтдаа” (Цастын Монголчууд), “Тэнгэр уулын аялгуут түмэн” (Шинжааны Монголчууд), “Хайртай гэж хэлж өгөөч” (Хазара Монголчууд) зэрэг баримтат кинонууд маань олны хүртээл болсон. Хүмүүсээс дахин үзмээр байна гэсэн санал маш их ирж байгаа. Нэрний хувьд тухайн газруудаар явж байхад л төрдөг.
Өөрийн эрхгүй л эдгээр нэрс сэтгэлд буудаг.

Ямар бэлэгтэй очдог вэ?

-Олон зүйл авч очмоор санагддаг. Гэхдээ их ачаатай явах боломж үнэндээ байхгүй. Голдуу оньсон тоглоом, савхин бээлий тэмээний ноосон цамц,, хантааз гээд үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглэх дуртай.

Одоо хаашаа явахаар төлөвлөж байна вэ?

-Миний хувьд Чингис хааны очсон хот бүрт очиж үзэхийг хүсдэг. Одоогийн байдлаар шинэ төсөл дээр ажиллаж байна. Нэлээд том судалгааны баг 9 орноор ажиллахаар төлөвлөж байгаа. Удахгүй экспедици маань замд гарна.

Энэ бүхний зорилго юу вэ?

-Чингис хаан “Үндэс язгуураа бүү мартсугай гэж Үр хойчдоо сургасугай” хэмээн хөвгүүддээ захисан байдаг. Бид бол зөвхөн соёл судлаачид.  Бидэнд улс төржих, монголчуудыг нэгтгэх, тэднийг авч ирэх зэрэг санаа бодол огт байхгүй. Гагцхүү Монголчуудын алдарт, бахархалт түүх соёлыг он тоолол бүрээр нь илрүүлж, угсаатан бүрээ нээж харуулах нь бидний үүрэг, зорилго юм даа.

Санхүүгийн хувьд …

-Би зураач мэргэжилтэй. Найман жилийн өмнө “Хархорум сувенир” гэдэг арьсан эдлэлийн жижигхэн урлан нээсэн. Түүнийхээ ашгаар л явдаг. Сонирхолтой, дуртай ажлаа хийж яваа болохоор бусдаас тусламж гуйх нь утгагүй биз дээ. Гэхдээ бидний дэлгэсэн үзэсгэлэн, бүтээсэн кинонуудыг маань үзсэн хүмүүс маш их урам хайрлаж, туслаж дэмжиж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл биднийг хүлээн авч баяр хүргэсэн. Мэдээж илүү мэргэжлийн төвшинд олон нийтийн хүртээл болгохын тулд илүү өргөн хүрээнд бусад байгууллагуудтай хамтран ажиллахыг хичээж байна. TASAM-12 цувралыг ХасБанктай хамтарч бүтээсэн. “Монголын төлөөх зүрх бүхэнд” Үзэсгэлэнг Оюу Толгой ХХК, М-Си-Эс групп хамтран мэргэжлийн төвшинд зохион байгуулж олон нийтэд үнэ төлбөргүй үзэх боломж гаргаж өгсөнд маш их баяртай байгаа.
Та бүхний ажилд амжилт хүсье.
Ярилцсан Ахлах дэслэгч Х.Ганзул
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
даваажаргал 29th October 2011

zow zuitei sanaa. hun ooriin udam ugsaa, yas undsee medej baih ni mash chuhal bogood dayaarshij bui niigemd mongol gedeg soyoloo, tsusaa tsewreer ni awch uldej chadaagui ch mongol gedeg neree awch uldsen baharhaltai, uuniig haij olj hariltsaa holboo togtooh heregtei

Батбаатар 22nd May 2011

Манай соёмбо сонин цагийн юмыг цагт нь бичиж байвал зүгээр байна.Жишээ нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ц. Дамдиндорж, штабын дарга хошууч Ч. Гандирваа нар хүмүүст тас тавьж мөнгийг нь авч хувьдаа маш ихээр ашиглаж байна Хүнийг маш хэл амаар доржжилж байна Энэ 2 хүнийг томилуулсан УИХ-ын гишүүн З.Энхболд юу бодож байдаг бол Энэ 2 хүнийг томигдсоноос хойш тус ангийн сахилга улам дориотлоо.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах