МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасИх Монгол Улсын 810 жилийн ойд зориулж “Эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээж байна
Их Монгол Улсын 810 жилийн ойд зориулж “Эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээж байна
Thursday, 19th April 2018
Тархан Суурьшсан Монголчууд ТББ-ын Тэргүүн, "Эзэнт гүрний нэвтэрхий толь" бүтээх төслийн
удирдагч Ц.Санчирын "Өдрийн сонин" 2015.03.24/№072 дугаарт өгсөн ярилцлага /бүрэн/
Соёл судлаач Ц.Санчиртай ярилцлаа.
-Та сүүлийн үед хэвлэлд ярилцлага өгсөнгүй удлаа. Аян замын сонин сайхнаасаа хуваалцаач?
-Сүүлийн үед Иран, Энэтхэг, Түркмен, Киргиз, Казахстан, Хятад зэрэг улсуудаар буюу алдарт торгон зам дагуу голлон ажиллаж байна. Монголын эзэнт гүрний Ил хант улс, Цагаадайн улс, хожим Төмөрийн улс, Их Могулын түүхийн мөрөөр дээрх улс орон бүс нутгаар архив, музей, номын сангуудад сурвалж судалгааны ажил хийж байгаа.
 -Хамгийн сүүлд очсон Монгол элэг нэгтнүүдийнхээ талаар яриач. Тэд нэлээд сонин хувь тавилантай хүмүүс шүү дээ?
-Энэ улиралд тархан суурьшсан Монголчуудаа зорьж Дунсиан Монголчууд дээрээ очсон. Эзэнт гүрнээс улбаалсан хэд хэдэн эд өлгийн зүйлсийн талаар сураг чимээ аваад очиж баримтжуулсан юм. Сүүлийн хэдэн жилийн судалгаа маань соёлын дурсгалууд руу нэлээн давамгайлсан болохоор Дунсианд ойрд очоогүй байлаа. Дунсианд очиход сайхан байсан. 1227 онд Чингэс хааны сүүлчийн байлдан дагууллын үеэр Гансугийн цөлд Торгон замын Линшиа өртөөний зүүн хэсгээр тархан суурьшсан монголчуудын хойчис бол эдүгээ БНХАУ-ын 56 үндэстний нэг, үе үеийн торгон замын томоохон түшиц нутаг Гансу мужид төвлөрөн суурьшсан Дунсианчууд юм. Тэд цөөн бүлээрээ Чинхай, Нинсиа, Шинжаан буюу Шинэ хязгаарт аж төрдөг.
-Ахуй орчин нь ямархуу вэ. Одоогийн болон судалгааны тань эхэн үетэй харьцуулбал ахуйн орчин нь хэр их зөрөөтэй бол. Ямар соёлтой улс вэ?
-Дунсианд би анх арваад жилийн өмнө очиж байсан. Түүнээс хойш мөн ч олон удаа очлоо доо. Тэдний тухай “Үндэс язгуураа бүү мартсугай!” хэмээн Чингэс хааны айлдсан зарлигаар баримтат кино хийж нийтийн хүртээл болгож байсан. Нэлээд их цаг зориулан судлаж байгаа ажлуудын маань нэг. Газар зүйн байрлалын хувьд Шар мөрний сав газарт, Гансугийн цөлд аж төрдөг. Найман зууны тэртээ нүүдлийн соёлтой, мал аж ахуй эрхэлдэг, тэнгэр шүтлэгтэй байсан тэд он цагийн эрхэнд суурин соёлтой, газар тариалан эрхэлдэг, исламын шүтлэгтэй болсон байна. Арваад жилийн өмнө очиж байхад зарим тосгонд хамгийн дээд боловсролтой хүн дөрөвдүгээр анги төгссөн байлаа. Тэнд эрэгтэй хүүхэд боловсрол эзэмших давуу эрхтэй байдаг. Харин одоо бол сумын төвд томоохон сургуулиуд баригдсанаараа олон хүүхэд ерөнхий боловсрол эзэмшиж байна. Гансу мужийн төв Ланжоу хот дахь их, дээд, дунд сургуульд цаашлаад Шинжааны төв Өрөмч хотын сургуулиудад ганц хоёроороо ч гэсэн суралцдаг болсон байна лээ. Хэдэн зуун жил газар тариалан эрхэлсэн өндөрлөг уулсыг хагалж хурдны зам тавьж байна. Сумын төвийн газар нутгийг бүхэлд нь дахин төлөвлөж намхан шавар байшингуудын оронд Арабын улсууд шиг цогчин дугана хэлбэртэй барилга байшин барьж, зам талбай тавих болжээ. Нүдний өмнө ийм үсрэнгүй хөгжилт явагдаж байгааг харахдаа тэр өөрчлөлтийг гэрэл зураг, дүрс бичлэгт баримтжуулах үед ирээдүйд үлдэх түүхийн бас нэгэн гэрч болж байгаадаа баяртай байдаг. Харагдах байдал, ахуй орчин ингэж хөгжиж байгаа ч мэдээлэл хязгаарлагдмал хэвээрээ. Хан үндэстэн, уйгар үндэстнүүд худалдаа арилжаа, барилга замын ажлаар маш олноороо очиж суурьшиж байна. Урьд нь бол Дунсианы хөдөө тосгонд бүү хэл сумын төвд нэг ч хан үндэстэн амьдардаггүй байлаа шүү дээ. Архи тамхи гэдэг зүйл арваад жилийн өмнө огт харагддаггүй, сонсогддогүй, яригддаггүй байлаа. Харин хамгийн сүүлд очиход шашин шүтлэгээ илэрхийлдэг цагаан малхай буюу малгай өмссөн залуучууд тамхи зуугаад явах нь бас этгээд харагдаж байсан. Дунсианчууд алтай язгуурын дундад эртний Монгол хэлээр ярьдаг. Миний хувьд тархан суурьшсан монголчуудынхаа хэл бичгээс хамгийн түрүүнд бас хамгийн гайгүй сурсан гэж боддог хэлний нэг бол дунсиан хэл. Харин сүүлд очиход хүүхэд залуучууд нь бас тэр бүр дунсиан хэлээрээ ярихгүй, харин ч намайг ярихаар гайхаж байлаа. Уг нь бол наад захын хүнтэй дунсианаар мэндлээд Монголоос ирсэн судлаач гэдгээ хэлээд түүхийн тухай хууч яриа өрнөдөг байсан юм. Одоо бол өндөр настай буурлууд л гэхээс тэр бүр чөлөөтэй ярих боломж ховор болсонд их эмзэглэсэн. Тэртээ зууны үзүүрээс хэл соёлоо алдалгүй ирээд энэ цагт хэл ус нь ингэтлээ алдарна гэдэг бас хэцүү юм даа.
-Ер нь тархан суурьшсан монголчууд маань үүх түүхээ хэр мэддэг юм болоо?
-Янз бүр. Эдүгээ хаалттай хоригтой бүс нутагт байгаа Монголчуудын маань хувьд орчин цагийн мэдээлэл хомс ч эзэнт гүрнээс улбаалсан хууч яриа, тууль домог, ёс заншил, зан аалиа чадах чинээгээрээ залгамжилсаар явна. Энэ зуун бол даяарчлалын зуун, соёлын зуун гэж их ярьдаг. Тэгвэл түүхийн нугачаанд тархан суурьшсан Монголчуудын маань хувьд хэдэн зуун жилээр хадгалсаар ирсэн Монгол хэл соёл, угсаатны онцлог, язгуур зан чанараа энэ л даяарчлалын зуунд хадгалан үлдэх хамгийн бэрх цаг үе болж байна. Ерөнхийдөө тухайн бүс нутгийн онцлог болоод нийтлэг боловсролын байдлаас бас хамаарна. Жишээ нь сая дурьдсан Дунсиан цаашлаад Шарай голын Монгол, Цагаан Монгол, Юннаны Монголчуудын хувьд нэлээн алслагдмал газар тархан суурьшдаг. Тэд боловсрол төдийлөн өндөр биш мэдээлэл харьцангуй хаалттай болохоор эртнээс өвлөсөн хууч яриа, зан соёлын зарим хэсэг байна. Харин түүхэнд Хөхнуурын Хошуудууд хэмээгддэг Төвдийн өндөрлөгт аж төрөх Дээд монголчууд, баруун тийш Шинжааны монголчуудын боловсрол өндөр, цаг үетэйгээ хөл нийлүүлэн аж төрдөг. Эдгээр Монголчууд маань өөрсдийн түүхийн ном зохиол, үлгэр домог, хууч яриа, монгол бичиг тод үсгийн сурвалжууд, Жангарын тууль, Гэсэрийн тууль, хувцас зүүсгэл, товшуур хөгжим, сайвардан бүжиг, шошдор дуу гээд бичиг үсэг, ёс заншил, угсаатны онцлогоо нандин сайхан уламжилж яваа.
-Таныг 2002 оноос хойш эзэнт гүрний үеийн монголчууд, түүх, соёлын дурсгалуудыг судалж түлхүү ажилласан гэсэн. Хичнээн орноор аялав. Тэр дундаа хамгийн сонирхолтой баримт олдсон газар хаана вэ?
-Ойролцоогоор дэлхийн дөч тавиад улсад очсон. Сүүлийн зургаа долоон жилийн хугацаанд дундад ази, ойрхи дорнод буюу Монголын эзэнт гүрний баруун хязгаар Ил хант улсын бүс нутгийг онцгойлон зорьж ажиллаж байгаа. Ерөнхийдөө монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс, хот, суурингууд болоод Чингэс хаан түүний залгамжлагчдын очиж байсан бүх газар нутагт очлоо. Залуу насныхаа 15 жилийг зарцуулж байгаа энэ олон жилүүд, энэ л замын уртад уулзсан Монголчууд, үзсэн Монгол соёлын дурсгалууд, баримтжуулж байгаа гэрэл зураг дүрс бичлэг, судлаж байгаа сурвалжууд бол бүхэлдээ баялаг өв сан, бахархал шүү дээ. Монгол хаадын байгуулсан шинжлэх ухааны төвүүд, одон орны оргилуудаас эхлээд гар урлал, зоосны үйлдвэрлэл, чимэглэлийн урлаг гээд асар их дурсгалуудыг нэрлэж болно оо.
-"Соёлындурсгал" дээр голлон ажиллаж байгаа гэсэн. Гайхалтай дурсгал буюу “шинэхэн” олдвор олдсон уу. Судалгааны ажлаа хэрхэн явуулж байна?
-Бараг хоёр жилийн аян замын үүцээ хэвлэлд задлаагүй байгаа болохоор нэлээд их мэдээллийн зах зухаас хуваалцаж байна л даа. Сүүлийн гурван жилд гэхэд бид өмнөх арваад жилийнхээ ажлаа хэд нугалах хэмжээний судалгааны материал дээр ажиллаж, илүү урт замыг туулж, олон чухал соёлын дурсгалуудыг зорьж байна. Энэ хугацаанд Ил хаадын бүтээн байгуулалтаас уран барилга, хот байгуулалт, шинжлэх ухаан, одон орон, чимэглэлийн урлагийн олон дурсгалыг олж очиж баримтжуулж байна. Тухайн бүс нутгийн төр нийгэм, цаг үеийн шаардлагатай холбоотойгоор зарим газар дахиж очих шаардлагатай байгаа. Сонирхуулахад, Иран Иракийн хилийн мужид Ираны Курдуудын нутагт Аргун хааны зуны ордоны туурь бий. Энэ арав гаруй жилд олон чухал дурсгалыг зорьж, түүхийн олон нандин баримтыг өгүүлсэн буурь туурь дээр очиж байсан ч энэ газар зураг авахад хөл алдам тийм онцгой дурсгал байлаа. Абага хаан бол Чингэс хааны хүү Тулуйн удмын Ил хаан байсан. 1284-1291 онд Монголын эзэнт гүрний баруун хязгаарт Монголын Ил хант улсыг захирч байсан түүхтэй. Энд бүр өмнөх Сассанидийн үеийн дурсгалаас эхлээд ил хаадын үеийн арав гаруй байгууламжийн туурь бий. Аргун хааны ордны судалгаа, зураг авалт дээр манай экспедицид ажилласан Ираны археологич Аргун хааныг хаан ширээнд залсан чуулган болсон байгууламжийн туурийг одоо ч гэсэн “Куралдай”, “Гуралдай” зэргээр нэрлэдэг тухай тайлбарлаж байлаа. Өөрөөр хэлбэл, “Хуралдай” гэсэн Монгол үг дуудлага нь бага зэрэг өөрчлөгдсөн ч мөнөөх дурсгалын түүхийг батлан өгүүлсээр байна. Далайн төвшнөөс 3000 гаруй метрийн өндөрлөг газар, хүмүүс суурьшдаг тосгоноос тавь жаран километр зайдуу бас Иран Иракын хилийн муж, Курдуудын нутаг гээд олон саад бэрхшээлүүдийг туулж очсон. Удахгүй дахиж очиж агаараас зураг авахаар ярилцаж, бэлтгэж байна. Маш том талбайг эзэлсэн туурь учраас ингэж бүрэн хамруулах боломжтой. -Одоо бүтээж байгаа "Эзэнт гүрний нэвтэрхий толь" -ийнхоо талаар дэлгэрүүлээч? -ТАСАМ буюу Тархан Суурьшсан Монголчууд байгууллага Монголын эзэнт гүрний байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан Монголчууд болон Монгол дээдсийн зарлигдан байгуулсан түүх соёлын дурсгал бүхий улс орнууд руу судалгаа зураг авалтаар ажиллаж шинжлэх ухаан танин мэдэхүйн баримтат бүтээлүүдийг туурвисаар 15 жилийн нүүр үзэх гэж байна. Манай судалгаа, зураг авалтын экспедици 2002 оноос Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Турк, Энэтхэг зэрэг 40 орчим улсад ажиллаж дээрх сэдвээр 20 дугаар бүхий баримтат кино, үндэсний болон олон улсын гурван удаагийн үзэсгэлэн, орон нутагт 14 удаагийн үзэсгэлэн, таван төрлийн хэвлэлийн бүтээл, үндэсний болон олон улсын хэвлэлд 300 гаруй нийтлэл, ярилцлагыг нийтийн хүртээл болгож ирлээ. Энэ удаа бид “Эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээж байна. Монголын эзэнт гүрний бахархалт үнэн түүх, Монгол соёлын үнэт дурсгалууд, хилийн чанадад монгол соёлын галыг залгамжилж яваа монголчуудынхоо арвин баялаг өв уламжлалын тухай олон чухал баримтыг монгол судлаачид бие даан 15 жилийн хугацаанд буюу 2002 оноос 2016 он хүртэл дэлхийн 40 улс тухайлбал Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс орон, бүс нутгуудад хээрийн судалгаа зураг авалтаар ажиллаж, Монголын эзэнт гүрний баримтат сурвалж бүхий архив, музей, номын санд ажиллаж үндсэн ажлын 95 хувь нь хилийн чанадад хийгдэж байгаагаараа нэн онцлогтой. Монголын эзэнт гүрний байлдан дагууллын учир шалтгаан, дэлхий нийтийн газар зүй цэрэг дайны түүхэнд төдийгүй хүн төрөлхтний уран барилга, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн тухай олон чухал баримтыг дэлгэж, мэргэжлийн гэрэл зурагтайгаар бүрэн хэмжээний тайлбар танилцуулгатайгаар бүтээл болгон туурвиж кирил үсэг, монгол бичиг, англи хэлнээ буулгаж, нэвтэрхий толь бичгийн олон улсын стандартыг хангасан хэвлэлийн технологийн өндөр төвшинд хүрсэн бүрэн хэмжээний бүтээлийг Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойгоор нийтийн хүртээл болгох юм. Түүхэн ой, тэмдэглэлт өдрүүд, баяр наадам гэхээр зүгээр нэг хурал чуулган хийсэн болоод өнгөрөх нь түгээмэл байдаг. Сүүлийн үед түүхэн ойн арга хэмжээг зохион байгуулж байгаа нэрээр хувийн ашиг завшаан хайдаг нөхдүүдээс болж мөнөөх түүхэн чухал үйл явдлын үндсэн агуулга ач холбогдол сарниж байгааг харахад харамсалтай санагддаг. Тухайн үедээ тэмдэглэсэн нэр зүүгээд өнгөрөх биш харин мөнөөх үйл явдлын ач холбогдолыг илэрхийлсэн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлж, сурталчилан таниулах нь нэн чухал шүү дээ. Тиймээс бид Их Монгол Улсын 810 жилийн ойд чухал ач холбогдол өгч үйлс бүтээлийн дээжээ нэг сэдэвт бүтээл болгон үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд толилуулахаар ажиллаж байна. Өнгөрөгч морин жилээс бид “Эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээх төслийнхөө явцыг нийгмийн сүлжээгээр түгээж эхэлсэн. Энэ хонин жилд судалгаа зураг авалтын гүйцэтгэл хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. Монголчууд бид түүх бичлэгийн арвин баялаг өв уламжлалтай ард түмэн. Ялангуяа Монголын түүхэнд хонь жил бол түүх бичлэг, сурвалж судлалыг түгээн дэлгэрүүлэхэд хэд хэдэн онцгой үйл явдал болж байсан. Жишээлбэл 1247 оны улаагчин хонь жил Монголын эзэнт гүрний төдийгүй дэлхийн түүхийн хосгүй үнэт сурвалж “Түүхийн он дарааллын бичиг” хэмээх алдарт бүтээлийг баринтагласан эрдэмтэн, түүхч, Монголын Ил хант Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Рашид ад Дин Фазлула ибн Абул Хейр Али Хамадани мэндэлсэн байдаг. 1655 оны хөхөгчин хонь жил Гүүш Лувсанданзан Чингэс хаанаас Лигдэн хаан хүртэлх үеийг хамарсан "Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан Товч хэмээх оршвой" бүтээлээ зохиосон байдаг. 1871 оны цагаагчин хонь жил Ванчинбалын Инжинаш "Хөх судар" зохиолоо бичиж дуусгасан түүхтэй. Харин золгон буй 2015 оны хөхөгчин хонь жил ТАСАМ "Эзэнт гүрний нэвтэрхий толь" бүтээлийнхээ гүйцэтгэлийн шатны судалгаа, зураг авалтыг хийж дуусгахаар бүх боломжоо дайчлан ажиллаж байна. “Үндэсний бичиг үсэг, түүх соёлоо эрхэм болгоход Монголын зөв, сайн, дэвшилтэт хаалга нээгдэх бөгөөд үүнд хүн бүр анхаарал тавих нь нэн чухал юмаа” гэж Монгол Улсын Ерөнхий Сайд асан Амар гуай хэлсэн байдаг. Өнөөдөр бид үндэстний өв уламжлалаа сэргээж, түүх соёлын дархлаагаа сайжруулахын тулд энэ салбарт дорвитой зүйлүүдийг хийх шаардлагууд улам бүр нэмэгдэж байна. Үндэсний аюулгүй байдалд тооцогддог соёлын аюулгүй байдлын хувьд ч, төрөөс соёлын талаар баримтлах бодлогын хувьд ч, улс түмнийхээ эх түүхийг баринтаглаж ирээдүй хойчдоо үлдээхийн хувьд ч энэ бол дан ганц төрийн бус байгууллагын төдийгүй төр ба олон нийтийн хамтын оролцоотой бүтээл байх ёстой гэж үзэж байгаа. Эдүгээ шагшин магтаж байгаа эзэнт гүрний үнэн түүхийг ердөө хориодхон жилийн өмнө л аймшигтай мушгин гуйвуулж, гутаан доромжилж байсан шүү дээ. Энэ нь тухайн нийгмийн нөхцөл байдал, эзлэгдэн захирагдаж явсан улс орнуудын болоод монголчуудыг буурай байлгах гэсэн харийн бодлого гээд маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байсан ч өнөөдөр бид мөнөөх түүхийг үнэнээр нь баримт, бахархалтайгаар баринтаглаж байгаа нь хамгийн чухал юм. Гүрэн улс түүнийг удирдан залагч хаад язгууртнууд бүү хэл өрх бүл, үр хүүхэд хүртэл алдаж онож байж амьдралаа босгон байгуулдаг. Өнгөрсөн түүхийн сайныг шагшин алдаршуулж, саарыг жигшин суралцаж байж бид ирээдүй хойчдоо илүү гэгээлэг түүхийг үлдээнэ. Уламжлал болсон ширээний ард суугаад олон зуун ном уншаад боловсруулж буулгах нь мэдээж чухал харин “Мянга сонсохоор нэг үз” гэдэг шиг их Монголын хөх цэргүүд нэгэн тугийн дор нэгтгэж байсан тэр бүх газар нутгийг монгол судлаачид найман зууны дараа дахин биеэр туулж, баримттайгаар туурвин бүтээх нь асар өндөр ач холбогдолтой нөр их ажил болж байгаа.
-Замдаа явж байхдаа ч юм уу, судалгаа хийхэд тохиолддог бэрхшээл их бий байх?
-Манай байгууллагын судалгаа, зураг авалтын зорилтот бүс нутаг бол Монголын эзэнт гүрний түүхийн төдийлөн судлагдаагүй газар нутаг буюу өнөөгийн дотоодын мөргөлдөөнтэй, исламын шүтлэгтэй, хаалттай хоригтой газар нутгууд юм. Эдгээр газарт устах аюулд байгаа монгол соёлын дурсгалууд, мөхөх аюулд байгаа монгол элэг нэгтнүүдээ судлаж, сурвалжилж, баримтжуулж байгаа энэ арав гаруй жил бүхэлдээ бэрхшээлтэй бүс нутаг, ялангуяа нийгмийн бухимдал ихтэй учраас бас амар биш л дээ. Мэдээж энэ олон жилийн хугацаанд туршлагажиж байна. Энэ сэдвийн дагуу ажиллах үед хамгийн хэцүү зүйл бол санхүүгийн бэрхшээл. Хувь судлаач хийгээд явна гэдэг харьцангуй амар байх харин бүхэл бүтэн байгууллага удирдаж, нийгмийн өмнө үүрэг хүлээж, төсөл хөтөлбөрүүд санаачилж тэр бүгдийн төсөв зардлыг олж зохицуулж, хамгийн гол нь хийсэн ажлаа олон нийтийн хүртээл болгоно гэдэг өндөр хариуцлагатай ажил. Үнэхээр монголын төлөө гэсэн чин зүрхтэй, мэдлэг чадвартай хүмүүс ихэнхдээ сайн дураар туслаж байгаа болохоор цаг алдалгүй ажлаа үргэлжлүүлж байгаа. Суурин байх үедээ арьсан эдлэлийн урландаа Монгол загварын бэлэг дурсгалын зүйлс хийгээд гадагш явуулж нэг хоёр хүний судалгааны ажлын зардалд нэмэрлэдэг, бас ном хэвлэлийн бүтээлүүдийн борлуулалтаасаа судалгааны ажлаа дэмждэг. Харин одоо валютын ханш, эдийн засгийн хямрал, түүхий эдийн үнийн өсөлт гээд олон зүйл багахан урланд маань ч нөлөөлж байна. Үндсэн сэдвээ үзэгч, уншигчдад хүргэх үүднээс бид баримтат цувралдаа, нийтлэл ярилцлагууддаа бэрхшээлээ дурьддаггүй ч одоо бүтээж байгаа “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ио үндэсний бүтээн байгуулалттай дүйцэхүйц түүх бичлэгийн дорвитой бүтээл болгохын тулд санхүүгийн бэрхшээл дээр нэрэлхүү зангаа орхиж олон нийтэд бодит байдлыг илэрхийлэх шаардлагатай болж байгаа.
-Сэтгэлээр их унаж болъё доо гэж бодсон үе байв уу. Тэр үедээ та яаж өөрийгөө тайвшруулдаг вэ?
-Сэтгэлээр унах гэдэг харьцангуй ойлголт байх л даа. Харин халширах үе байлгүй яахав. Гэхдээ ажил, аян замын хүнд бэрхээс биш энэ ажлыг урагшлуулах илүү олон талбараар нийтэд хүргэх зэрэгт дээр дурьдсан эдийн засгийн хөшүүрэг дэмжлэгийн асуудал дээр халширах үе гарна аа. Заримдаа бичиг цаасны ажил хөөцөлдөөд төрийн байгууллагуудтай харилцах үед төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, хаанаасаа хаалгач гэдэг шиг зарим нэг төрийн албан хаагчийн хүнд суртал, монгол түүх соёлын төлөөх сэтгэлгүй, алба үүргээ мэдэхгүй хүмүүстэй хаа нэг таарах үед бас төвөгтэй санагддаг. Улс орны маань хөгжлийн бас нэгэн чөдөр тушаа юм даа. Бухимдалтай үедээ урландаа ажилладаг. Бичиг цааснаас хол бийр будаг бариад, арьсан урлалынхаа загвар зургийг гаргаад суух бол нэг төрлийн амралт, тайвширал нөгөө талаараа сая тайлбарласан замын зардалдаа бас таван төгрөгийн тустай байдаг.
-Гэр бүлийнхээ талаар яриач. Хувийн амьдралаа хэрхэн зохицуулж байна?
-Алдартай дуучин, хуурчин, улс төрч биш болохоор хувийн амьдралаа хэвлэлд онцлоод яриад байдаггүй ээ, яриад байх сүйдтэй хувийн амьдрал ч байхгүй дээ. Энэ нүсэр сэдэв рүү ороод нэг л мэдэхэд 15 жил болсон байна. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч байгаа болохоор гэрлэж амжаагүй. Энэ хугацаанд хувийн амьдралаа тэргүүнд тавьсангүй, эрдмийн зэрэг цол хөөцөлдсөнгүй. Харин мэдээллийн, соёлын энэ эрин зуунд туулсан түүхийнхээ бодит үнэнийг бахархалт баримтыг олон нийтэд хүргэнэ гэдэг ямар ч эрдмийн зэрэг цол, гавьяа шагналаас илүү үнэ цэнэтэй, ирээдүйд энэ нэрээр үлдэх тустай гэсэн үзэлтэй учраас одоогоор ажлаа л тэргүүнд тавьсаар явна.
-Аян замд явах бүрдээ аав, ээжийн захиасыг санадаг байх. Юу гэж захидаг байв?
-Тэгэлгүй яахав, аав ээжийн захиас сургаал гэдэг алтнаас илүү үнэтэй зүйл шүү дээ. Аав минь армийн хүн байсан болохоор эх оронч үзэл, үнэнч тууштай зан чанар нь бидэнд өвлөгдсөн. Арай л эрт аав ээжийгээ алдсан даа. Ээж минь хамгийн сүүлд “Ирак дахиж битгий яваарай” гэж захисан. Ирак дахиж явахгүй ээ, одоо тэр бүс нутгийн нөхцөл байдал ч бүр хүнд болсон. Өмнө нь очиж байсан газрууд үнс нурам болж байна. Тэр бүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийн хальсанд минь үлдсэн. Хаалттай хоригтой бүс нутагт хэцүү бэрхшээл дунд амжилттай ажилласан энэ арав гаруй жил ээжийн минь сэтгэлээсээ залбирсан ерөөлийн хүч байлаа. Рашид ад Дины сурвалж бичигт нэг ийм утгатай үг байдаг: "Үр хүүхдэд эцгийн нэр нь хэзээд амьд байдаг, Үр хүүхдэд эцгийн мөрөөдөл нь ямагт үлдсэн байдаг." гэж, үнэхээр аав ээжийн минь захиас сургаал, амьд сэрүүндээ харж бахархаж байсан тэр бүхэн одоо ч урам зориг, ухаарал нэмдэг дээ.
-Байнга аян замд явж түүх, соёлын дурсгалуудыг судлах амаргүй ажил. Сонин баримт, дурсгалын зүйл олохоороо л урамшдаг байх даа. Шинэхэн олдвор олох үед ямар байдаг вэ. Тухайн үеийн сэтгэгдэлээ хуваалцаач?
-Ажил маань бүхэлдээ эрэл хайгуул юм. Түүхийн ном сурвалжид төдийлөн тэмдэглэгдээгүй, мөнөөх түүхээс хойш монгол хүн очиж байгаагүй тийм л эрлийн үзүүрээр туулж яваа аян замын ганзага үргэлж дүүрэн байдаг. Тэр бүгдийг ирэнгүүтээ судалгааны эргэлтэнд оруулах, ном судар болгон хэвлүүлэх, баримтат бүтээл болгон телевизээр гаргана гэдэг бас их зардал ордог учраас эхний ээлжинд судлах ёстой сэдвүүдээ устан алга болохоос нь өмнө баримтжуулах гэж цаг хугацаатай уралдан аян замд явдаг даа. Онцлох дурсгал олон байна сүүлийн үеийн сонин гэвэл дундад азиас Монголын эзэнт гүрний цаг үед хамаарах монгол бичигтэй, алтан ургийнханы тамга дардастай 200 гаруй алт, мөнгө, хүрэл зоос олсон. Үүнийг судалгааны эргэлтэнд оруулахаар ажиллаж байна. Гүйцэтгэлийн шатны зардал мөнгө олдвол “Хосгүй үнэт Монгол зооснууд” хэмээх нэг сэдэвт бүтээл эрхлэн хэвлүүлж олон улсад гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Одоо хийж буй ажлаа дуусгаад юу хийх төлөвлөгөөтэй байна. Монголдоо хэзээ ирэх вэ. Хэзээ нь амардаг вэ?
-Эзэнт гүрэн өргөн уудам. Тэр хэмжээгээр тайлагдаагүй түүх, танигдаагүй угсаатан, сонсогдоогүй соёлын дурсгалууд асар олон бий. Энэ өргөн судалгааны талбарыг оломгүй далайгаас сувд шүүрдэхтэй зүйрлэж болно. Сүүлийн хоёр гурван жилд хээрийн судалгааны ажлуудаар нааш цааш ойр ойрхон явж байна. Одоо бүтээж байгаа “Эзэнт гүрний нэвтэрхий толь”-ио бид Их Монгол Улсын 810 жилийн ойд зориулж байгаа. Дараа жилийн улсын их баяр наадмаар ёслож нийтийн хүртээл болгох төлөвлөгөөтэй. Үүнтэй зэрэгцүүлээд жижиг, дэд төслүүд дээр бас ажиллаж байна. Энэ олон жилийн баримт сурвалжаараа дорвитой бүтээл туурвиж олны хүртээл болгох, судалгааны эргэлтэд оруулах гээд ажил арвин байна аа. Яг одоо Монгол руугаа аяны жолоо эргүүлж байна. “Эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээх төслийнхөө энэ улирлын ажлыг нэгтгээд, төслийн уулзалт хурал, ярилцлагуудаа хийгээд, гүйцэтгэлийн шатны санхүүжилтийн ажлаа хөөцөлдөөд дөрөвдүгээр сарын дундуур эргээд замдаа гарах төлөвлөгөөтэй байгаа. Тийм болохоор цаг хугацаатай уралдаад л явж байна. Аав минь их ажилсаг, аливаа ажил төрөл эхэлсэн бол заавал ард нь гарч амжилтаар дуусгадаг, цаг наргүй хөдөлмөрлөдөг хүн байсан юм. Энэ зан чанарыг ааваасаа өвлөжээ, амралт гэдгийг мартаад 14 жил болж байна даа. Соёлын зуун, мэдээлийн зуун хэмээгддэг энэ цаг үед бид эх түүхээрээ, түүхэн үнэнээрээ, баримтат бахархалаараа, зуу зуун жил Монголоо зүрх сэтгэлдээ тээж дэлхийд тархан суурьшсан элэг нэгтнүүдийнхээ тухай олон сайхан монгол агуулгатай ном судрыг, кино нэвтрүүлгийг хийж Монголоо дэлхийд дахин мэдрүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд унших, судлах, суралцах гээд цаг хугацаатай уралдаж хийх зүйл асар их байна аа.
Баярлалаа
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
СС 20th April 2016

Нэвтэрхий гэх нь зөв үү. 1 жил хүлээвэл илүү мэдээлэл олдож болох юм

Zochin 10th May 2015

uneheer baharhaj bas ajild chin chin setgeleesee amjilt husie

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах