МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасТүркмен улсын тусгаар тогтнолын баярын өдрүүд тохиож байна.
Түркмен улсын тусгаар тогтнолын баярын өдрүүд тохиож байна.
Saturday, 27th October 2018
1991 оны энэ өдөр ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносон Түркмен улс. 2014 оны албан ёсны мэдээгээр 5.3 сая хүн амтай тэдгээрийн 14% нь нийслэл Ашхабад хотод оршин суудаг. Хүн амын 85 хувийг Түркмен, 5 хувийг Узбек, 4 хувийг Оросууд эзэлдэг бол үндэстний цөөнхөд нь Казах, Татар, Курд, Украйн, Армен, Азер, Балуч, Пашту үндэстэнүүд багтдаг байна. Нийт хүн амын 90 орчим хувь нь Исламын шашинтай.
Хагас сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийнх нь 80 гаруй хувийг алдарт Каракумын цөл эзэлдэг. Хуурай газраар Иран, Афган, Узбек, Казах улсуудтай хил залгадаг, нутгийн баруун хэсгээр Хазаарын тэнгис оршдог, далайд гарцгүй улс. Хүн төрөлхтний соёлын өв эртний Мерв, Үргенч, Нисагийн тууриуд болон Аму мөрөн, Торгон замын өртөөгөөрөө эртнээс алдартай. Нийтийн тооллын VIII зууны орчим төв азийн цээжнээс нүүдэллэсэн Түркмен (Огуз, Огузын талаар “Орхоны бичээс”-т анхлан мэдээллэжээ) үндэстний болон арван гуравдугаар зууны ноён оргилд Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан гэдгээрээ өнөөгийн Түркмений түүх Монголын түүхтэй өнө эртнээс холбоотой. Монголын нууц товчоонд: “Чингис хаан Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнээ баруун гарын цэргийг захирч, Аму мөрөн (энэ нь өнөөгийн Түркмений нутгаар дамжин урсдаг)-ийг гэтлэн Өргнэчи (Өнөөгийн Түркмен улсын Үргенч) хотыг хүрэгтүн гэж явуулав. Толуйг Иру (энэ нь өнөөгийн Түркмен улсын Мери), Сэбүр (энэ нь өнөөгийн Иран улсын Нишабур) тэргүүтэн олон хотын эзлүүлэхээр илгээв." хэмээсэн байдаг. Ийнхүү их Монголын хөх цэргүүд 1220 оны цагаан Луу жилийн намар Үргенчийг дайлж 1221 оны Цагаагчин Могой жилийн хавар Хорезмыг бүрэн буулган авч Монгол тугийн дор нэгтгэсэн түүхтэй. Түркмен, Монгол хоёр улсын шинэ цагийн дипломат харилцаа 1992 оноос бичигдэж эхэлсэн. Энэ өдрүүдэд тусгаар тогтнолынхоо 23 жилийн ойг тэмдэглэж байгаа Түркмен улсын үндэсний удирдагч, Түркмений эцэг хэмээгдсэн Сапармурат Атаевич Ниязов Түркменийг ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарахад голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд анхны ерөнхийлөгчөөр сонгогдож 15 жил төр барьжээ. Сапармурат Атаевич Ниязовыг нас барсаны дараа одоогийн ерөнхийлөгч Гурбангулы Мяликгулыевич Бердымухамедов 2007 онд Түркмений ерөнхийлөгчийн сэнтийд суусан. Энэ улсын бүхий л албан байгууллагуудаас эхлээд айл өрх, дэлгүүр худалдаа зах, музей үзэсгэлэнгийн танхимиуд, зочид буудал, зоогийн газруудад болон бүх төрлийн ном, сэтгүүлийн тэргүүнд ерөнхийлөгчийнхөө хөргийг хүндэтгэлтэйгээр залдаг. Өнөөгийн Түркмений үндэсний бүтээн байгуулалтын нэг бол тусгаар тогтносныхоо дараа Арабаас зээлжиж сүндэрлүүлсэн Гантиган хот Ашхабад билээ. Гар хивсээрээ эртнээс алдартай, төрийнхөө туг, сүлдэнд хивснийхээ хээ, Түркмен адуугаа залсан ард түмэн.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах