МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасМИАТ-ын ХӨӨРӨХ ЦЭГ сэтгүүл
МИАТ-ын ХӨӨРӨХ ЦЭГ сэтгүүл
Sunday, 29th April 2018
МИАТ-ын ХӨӨРӨХ ЦЭГ сэтгүүл, ярилцсан С.Баттулга
Эртний балгадын дэргэд, аль эсвэл нэрийг нь сонссон ч зорьж очиход нэн бэрхтэй газар оронд хэдийнэ хөл тавьж, дуран авайгаа тааруулан зогсох энэ бүсгүйтэй ярилцах хүсэл минь хоёр жилийн дараа биеллээ. Сэтгүүлчдийн ярьдагчлан тэрбээр “олддоггүй” хүмүүсийн нэг. “Монголд ирсэн” гэх сураг сонсогддог ч уулзаж, утсаар ярихын завдалгүй өнө эртний түүхт өөр нэгэн орныг зорих нь олонтаа. Тийм ээ, бидний зочин бол “Тархан Суурьшсан Монголчууд” байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчир юм. Тэрбээр бидний асуултад Самаркандаас хариуллаа.
-Саваагүй ч гэмээр сонирхолтой ч гэмээр нэгэн бодол цээжинд хургана. Хэрэв би зураач байсан бол таныг дорнын их Торгоны замаар жим татуулан давхиж яваагаар дүрслэх байлаа. Өнгөрсөн аравны туршид та хэчнээн бээрийг туулав даа. Үнэхээр ч эзэнт гүрний үеийн монголчууд, түүх, соёлын дурсгалуудыг судалж сурвалжлахын тулд ийм их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулсан хүн их цөөхөн болов уу. Тэр тусмаа бүсгүйчүүд?
-Торгон замын тухай сэдвээр яриагаа эхлэх сайхан санагдаж байна. Үе үеийн Торгон замыг сэргээж, аюулгүй байдлыг хамгаалан сахиж, өртөө улааг залгамжлуулсан нь Монгол өвөг дээдэс минь шүү дээ. Та бидний яриа он солигдох мөчид өрнөж байгаа болохоор бараг 12 дахь жилийн аян замын тухай ярих болох нь. Хөнгөхөн дүгнэвэл, хүний амьдралын нэг үе, харин миний амьдралын бүхий л цаг хугацаа, баялаг, боломжоо зориулсан 12 дахь жил минь айсуй ирж байгаа юм байна. Үнэхээр ч нэг улсаас нөгөө улс руу, нэг угсаатнаас нөгөө угсаатныг зорьж судлан сурвалжилсаар байтал цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч байна шүү. Бидний судлан сурвалжилж, олон нийтэд баримт сэлттэй хүргэж байгаа ажил бол эзэнт гүрэн, эзэнт гүрний монголчууд, эзэнт гүрний түүх, соёлын дурсгалууд юм. Эдгээрээс хилийн чинадад устах аюулд хүрээд байгаа Монголын соёлын дурсгалууд, мөхөх аюулд нэрвэгдсэн монголчуудынхаа талаар онцгойлон судлан сурвалжилж олон нийтэд хүргэх нь манай байгууллагын үндсэн зорилго юм. Монголын төлөө цохилох зүрхэнд хүргэхийг зорьсон энэ сэдэвт ялангуяа Монгол өвөг дээдсийнхээ үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн бахархалт түүх, соёл, баримт сэлтийг судлан сурвалжлах ажилд нас, хүйс, хөрөнгө чинээ, ажил мэргэжлийн зааг хязгаар байх ёсгүй. Монгол хүн бүр, “Эзэнт гүрэн” хэмээн бахархан ярьдаг хэн бүхэн энэ агуу түүхийнхээ төлөө чадах зүйлээ хийх нь эзэнт гүрний голомтод төрж өссөн хэн бүхэнд эх түүхээр ногдсон үүрэг, эцэг өвгөдийнхөө өмнө хүлээсэн хариуцлага гэж боддог.
-Цахим ертөнц дэх нэвтэрхий толиос таныг “450 мянган километр замыг туулж, 30 гаруй улсад ажилласан” гэж уншлаа. Мэдээж хэрэг, энэ тоо одоо өөрчлөгдсөн. Харин та энэ бөмбөрцгийн альхан талаас бидний асуултад хариулж байна вэ. Аян замынхаа сонин сайхнаас бидэнтэй хуваалцана уу?
-Тийм ээ, хоёр, гурван жилийн өмнөх энэ тоо одоо бараг хорин хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд бид нэлээд хэдэн улс орон, бүс нутгийг хамарсан судалгаа, зураг авалтаар ажиллалаа. Тантай Монголын эзэнт гүрний үеийн Зүчийн болон Цагаадайн хант улс төвлөрч байсан, хожим Төмөрийн улсын нийслэл хэмээгдсэн Самарканд хотоос холбогдож байна. Өнөөгийн Узбекстан улс Монгол хаан Өзбекийн нэрээр нэрлэгдсэн төдийгүй Чингис хааны үндэслэн байгуулсан их эзэнт гүрнийг хожим дахин сэргээж, өргөтгөн тэлэх зорилгоор 30 гаруй жил зүтгэсэн Төмөр хааны орон билээ. Энэ удаад бид “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” телевизиийн баримтат цувралынхаа “Төмөрийн улсын соёлын дурсгалууд” ангийн гүйцэтгэлийн шатны судалгаа, зураг авалтаар ажиллаж байна. Аян зам маань олз омог ихтэй байна аа.

- Мэдээж хэрэг, эрсдэлтэй, бэрхшээлтэй, хямралтай, бүр аймшигтай нөхцөл байдалтай та нүүр тулж яваа болов уу. Ийм л учраас ээж тань “Миний охин Ирак руу дахиж битгий яваарай” гэж сүүлчийн захиасаа хэлсэн биз. Гэхдээ та зорьсондоо хүрэхийн тулд Ирак биш юм гэхэд дайн самуунтай, амь өрссөн тэмцэл бүхий газар орон руу үүргэвчээ үүрээд л явсан байх, тийм үү?
- Их эмзэг асуулт байна. Ижийгээ тэнгэрт одсоноос хойш хэвлэлд ярилцлага өгөлгүй бараг хагас жил болжээ. Уг нь бид аялалаас ирэх бүртээ сэтгүүлчдэд аян замын богцоо уудалж, сонин содон зүйлсээсээ хуваалцдаг юм. Энэ удаад гэр бүлд минь маш том хагацал нүүрлэсэн учраас ажил үйлс, аян замынхаа талаар ярина гэдэг бас л хүнд байна шүү. Ижийгээ элэгний хорт хавдрын хүнд шатандаа байхад нь орхиод замд гарах зайлшгүй ажил гарч билээ. Үнэндээ 10 гаруй жилийн минь хөдөлмөр зүтгэлийг засаг төр анхаарч, бидэнд судалгаа, зураг авалт хийх боломж олгосон юм. Аав маань насаараа цэргийн албан хаагч байсан тул бидэнд улс үндэстнээ гэх эх оронч сэтгэлгээг өвлүүлсэн. Тийм болоод ч тэр үү ээждээ “Замд гарах боллоо” гэхэд “Ирак л биш бол яваад ир ээ, миний охин. Ээж нь хүлээнэ ээ” гэж билээ. Надад үүнээс цааш ярихад хэцүү байна. Би ижийгээ ухаангүй байхад буцаж ирсэн. Гурав хоног ухаангүй байсан ээж минь намайг ирэхэд ам нээж “Сайн явж ирэв үү, миний охин” гэж билээ. Энэ миний ээжийн хэлсэн сүүлчийн үг байсан юм. Эх хүний зүрхний цохилт эцсийн мөчөө хүртэл үрийнхээ төлөө цохилдог гэж их үнэн үг. Хүнд хэцүү нөхцөл, хаалттай хоригтой газар нутагт Монголын түүх, соёлынхоо төлөө амжилттай ажилласан энэ арав гаруй жил миний ээжийн сэтгэлийн ерөөл байсныг ижийгээ одоход би улам ихээр мэдэрсэн.
-Ингэхэд та эцэг эхээс олуулаа юу. Монголчууд маань харь холын аянд гарахдаа нутгийнхаа чулууг ч юм уу ер нь эх нутгаа санагалзахдаа элгээ дэвтээж явахын тулд ямар нэгэн зүйл авч явдаг шүү дээ. Таны хувьд?
-Би гурван ах, гурван эгчтэй, Цэрэндоржийнх гэж өнөр айлын отгон охин. Аав маань цэргийн хүн байлаа. Бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулж, Дорнод хилийн заагаас Дархан хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж явсан жинхэнэ монгол эр хүн байсан юм. Миний аав 2002 онд тэнгэрт одсон. Чухам тэр үеэс Санчир гэдэг хүний амьдрал эх орон, эзэнт гүрэн гэсэн сэдэв рүү эргэлт буцалтгүй орсон. Аян замд гарахдаа Монголынхоо Төрийн далбааг авч явдаг. Бид Монголын эзэнт гүрний үед байлдан дагуулж байсан бүх улс орон, газар нутагт очсон, тэр бүхэнд Төрийнхөө далбааг намируулах нь хамгийн үнэ цэнэтэй, учир утгатай агшин байдаг.

-“Туулсан зам, үзсэн дурсгал, уулзсан монголчууд маань миний амьдралын өв хөрөнгө, гавьяа шагнал юм” хэмээн та хэлжээ. Хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэмээр үе бишгүй л тохиолддог биз. Тэр үед тухайн улсын энгийн ардууд танд хэзээ ч мартагдахын аргагүй чин сэтгэл гарган тусалж байсан уу?

-Арав гаруй жилийн дараа эргээд бодоход, Чингис хаан болон түүний залгамжлагчдын хөл тавьсан бүх газар оронд очиж судалгаа, зураг авалтаар ажиллаж туулсан зам, олж авсан мэдлэг туршлага, баримтжуулан буулгасан баримт сэлт, үзсэн дурсгалууд, уулзсан монголчууд маань л энэ амьдралын өв болон үлджээ. Миний хувьд, энэ олон жил хүнд хэцүү аян замд гарахдаа хөрөнгө чинээ, нэр алдар, гавьяа шагналын төлөө зүтгээгүй гэдгээ илэрхийлсэн ухаантай. Хэчнээн хатуу хэцүү бүс нутаг ч “Усыг нь уувал ёсыг нь дага” гэж мэргэн сургааль бий. Тухайн газар орны ард түмэн юу идэж, юу өмсөж, яаж амьдарч байна вэ, яг тэр амьдрал дунд орвол жинхэнэ бодит үнэнийг харах, мэдрэх боломжтой. Тийм болохоор “Өлслөө, цангалаа, даарлаа, айлаа” гээд бусдаас тусламж хүсэх бас хэцүү. Бусдаар бол гайгүй ээ, дасаж зохицоод л явдаг. Гэхдээ энэ нь эрүүл мэнд, сэтгэл санаа гэхмэтчилэн олон зүйлд сөргөөр нөлөөлж байгааг жил ирэх тусам анзаарч байна. Бухара балгадад анх очиход бие маань гэнэт өвдөж байсан. Онош нь мэдэгдэхгүй нуруу татаад, халуураад, хоёр, гурван өдрийн ажлын төлөвлөгөөгөө баллаж байсан юм байна. Харин бидний буудаллаж байсан газрын эзэн мэдээд их санаа зовж “Эмнэлэг, түргэн дуудъя” гэж их сандарч билээ. Ингэхэд ярилцлага маань жаахан хувийн шинжтэй болох гээд байна уу даа. Бид хэвлэлд “Хэцүү хатуу зам туулж, ийм зүйл хийлээ” гэж тэр бүр ярьдаггүй болохоор энэ хариултыг ингээд дуусгая. Монголын эзэнт гүрэн гэдэг агуу сэдвийг судалж байгаа хүмүүс учраас бид өөрсдийнхөө талаар бус тухайн сэдвийнхээ талаар ярих нь зүйтэй болов уу.
-Зүчийн улс. Ингэж хэлэхээр зарим хүн “Юу билээ. Хаана тийм улс байдаг юм бол” гэж гайхаж ч мэднэ. Та саяхан Хэрэйд, Барлас, Найман зэрэг Монгол гаралтай овгийнхонтой нүүр тулан уулзаж, баяр, гунигийг нь хуваалцсан. Тэд эх түүхээ, элэг нэгт монголчуудын талаар хэр сайн мэддэг бол. Бидний талаарх хамгийн сонирхолтой асуулт нь юу байв?
-Чингис хааны ууган хүү, Алтан ургийн шууд залгамжлагч, цэргийн гарамгай удирдагч Зүчи хааны байгуулсан улс, бүтээсэн түүх бол агуу. Хожим Алтан орд, Цагаан орд, Хөх орд зэргээр нэрлэгдсэн нь түүний залгамжлагчдын өргөтгөн тэлж удирдан захирсан улсууд л даа. Үнэндээ бол Зүчи хааны үндэслэсэн их улс юм. Зүчи хааны угсаа гарлын талаар судлаачид хэд, хэдэн таамаглал дэвшүүлсэн учраас түүхэнд тэр бүр өндөр байр суурь эзлүүлэхээс татгалздаг байх. Чингис хааны их хатан Бөртэг Мэргэдийн олзноос буцаж ирсэн хойно төрсөн болохоор нь түүний дүү Цагаадай хүртэл “Зүчи бол Мэргэдийн үр” хэмээн үг унагаж байсан гэдэг. Энэ үгийн хариуд Чингис хаан “Зүчийг яахин тэгж хэлэв, Хөвгүүдийн минь ах Зүчи бус уу. Хожим тийн бүү хэлэгтүн!” хэмээн зарлиг болгосон нь хожим гарч болзошгүй маргаан болон эргэлзээг бүрэн шийдвэрлэсэн үг юм. Үүгээр ч зогсохгүй Чингис хаан эх, хөвгүүд, дүү нартаа иргэн хувааж өгөхдөө “Улсыг хураахад хамгийн ихээр зовсон хүн Эх минь билээ, хөвүүдийн минь ах Зүчи билээ, дүү нарын минь нялх Отчигон билээ” хэмээн Зүчид 9000 иргэн өгсөн түүхтэй. Гэсэн хэдий ч өнөө хэр зарим түүхч Цагаадайн үгийг жишээ татах нь цөөнгүй ч их хааны мөнөөх зарлиг эх сурвалж дамжин энэ цагт ирснийг бид мартаж болохгүй.


-Цагаан монголчууд “Санчир аа, дахиж хэзээ ирэх вэ” гэхэд та “Мөнгөтэй болохоороо ирнэ ээ” гэж хариулдаг. Харин тэд “Дараа ирэхэд чинь зөндөө талх бариад хүлээж байя. Буцах замдаа идэх хүнстэй болсон учраас арай наана ирж болох уу” гэсэн гэдэг. Та тэнд дахиж очсон уу?

-Та дахиад л эмзэг сэдэв хөндчихлөө. Чингис хааны байлдан дагууллын үед буюу 1227 онд Төвдийн өндөрлөгийн зүүн бэлд үлдсэн монголчуудын нэгээхэн хэсэг нь эдүгээ Тү буюу Цагаан монголчууд юм. Хамгийн анх замд гарахдаа таны асуусан тосгонд очиход нутгийн буурлууд хүндлэн угтаж “Найман зуун жил хүлээлээ. Бид л үзэх хувьтай байж, мөн ч удаан хүлээлээ. Монголчууд дэлхийг эзлээд дууссан уу, одоо хаахна яваа вэ. Биднийг авах гэж ирсэн биз дээ” хэмээн баадантай хувцсаа баглан дагасан хүмүүс л миний амьдралыг өнөөдөр энэ сэдэв дээр бат зогсоосон юм даа. Яг тэр үед уулзсан буурал маань тэнгэрт хальсан. Би тэр газарт 30 орчим удаа очсон ч буурлаа бурхан болсны дараа халгаад очиж чадахгүй л явна.
-“Аян замдаа гарсан даа Монгол хааны хүү, охин Алсын замдаа одсон доо Монгол аав, ээжийн үрсад Аяндаа мэнд явсан уу даа Нутгийн салхи сураггүй Ар л нутагтаа сууна уу даа Хэзээ л ирэх юм бол доо хө” хэмээн цагаан монголчууд маань дуулдаг гэсэн. Энэ гунигт түүхийн талаар арай дэлгэрэнгүй ярьж болох уу?
-“Тархан Суурьшсан Монголчууд” байгууллага ТАСАМ төслийнхөө хүрээнд 15 баримтат цувралыг олон нийтэд хүргэж байна. Энэхүү цувралд “Тунтрахымаа буюу Цагаан монголчууд” гэдэг анги бий. Манай цувралуудыг үзсэн хүмүүсийн сэтгэлд энэ анги илүү хоногшин үлдсэн мэт санагддаг. Энд тэнд хүмүүстэй таарахад “Нөгөө хөгшин яасан бэ. Дахиж очсон уу” гэж асуух нь элбэг. Цагаан монголчууд “Тунтрахымаа” хэмээх 35 бадаг бүхий дуутай. “Монгол хаад тэнд очсон, эзэлсэн газраа хамгаалан үлд гэсэн, эргэж ирээд аваад явна аа гэсэн” зэргээр энэ дуу үргэлжилдэг. Их хаан замдаа тэнгэрт хальсныг чандлан нууцалсан учраас нэгэн үе хүлээн өнгөрч, дараагийн үе нь дээдсийнхээ зарлигийг сахин харуулдаж, түүний дараах үеийнхэн “Домог биш үнэн” гэдэгт итгэн хүлээсэн нь энэ юм. Ингэсээр тэд найман зууныг элээсэн. Энд би нэг л зүйлийг хэлмээр байна. Монгол хүний язгуур зан чанарын нэг бол туйлын үнэнч байдал. Үүнийг найман зууны тэртээд дэлхийн мэргэд дуу нэгтэйгээр тэмдэглэн үлдээсэн нь бий.

-Ертөнцийн нэг захаас нөгөө захыг хүртэл ийн явахдаа та тухайн орны төр засгийн тэргүүнүүдтэй уулзаж байв уу. Тэд судалгааны ажилд тань хэр ач холбогдол өгч байна вэ?
-Бидний барьж авсан сэдэв, зүтгэж буй салбар бол “Монголын эзэнт гүрэн” хэмээх маш өргөн хүрээг хамардаг. Гэхдээ бидэнд баримтлах зарчим бий. “Даруу, бас энгийн бай” гэж. Тийм болохоор “Монголчууд ирлээ” гэж нутгийн удирдлагад сонордуулахаасаа илүү жирийн айлд очихыг урьтал болгодог юм.
-Та зөвхөн тухайн орны соёл, түүхийг судалдаггүй мэт санагдсан. Улс орны хөгжил, эдийн засгийн ахиц дэвшлийг ихээхэн анзаарч явдаг нь анзаарагдсан л даа. Тухайлбал, “Гантиган хот Ашхабад”, Туркменууд Арабаас зээл авч, ийм тансаг хотыг сүндэрлүүлсэн тухай та өгүүлсэн байна билээ. Ер нь “Стан” орнууд хэр өөрчлөгдөж вэ?
-Манайхан бараг бүгдээрээ улстөрч шүү дээ. Бид чөлөөт нийгэмд амьдарч байна. Ялангуяа олон нийтийн сүлжээ нээлттэй болохоор улс орныхоо улс төр, эдийн засгийн талаар иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх нь сайхан хэрэг. Тийм болохоор хүмүүс дор бүрнээ ярьдаг энэ сэдвийн талаар би яг одоохондоо дуугүй байхыг хичээдэг. Хэн нэгэн сонирхон асуувал харин дэлгэрэнгүй хариулна шүү. Мэдээж судлаач хүн очсон улс үндэстэн бүрийнхээ түүх, соёл төдийгүй өнөөгийн байдал, хөгжлийн зам гээд анзаарч ажиглах зүйл олон байлгүй яах вэ. Туркмений тухайд олон улсад хаалттай ч дотооддоо үнэхээр агуу хөгжлийг түүчээлж байгаа ард түмэн. Хуучнаар ЗХУ-аас 1991 онд тусгаар тогтнож, анхны удирдагч нь Арабаас зээл авч Ашхабад нийслэлээ гантиган хот болгон бүтээн байгуулсан. Шөнө онгоцоор буухад үнэхээр үзэсгэлэнтэй. Гудамж талбай нь өргөн, хот байгуулалт, уран барилга нь үнэхээр XXI зууны төлөвлөлттэй. “Тухайн орны жинхэнэ хөгжил, соёлыг харъя гэвэл зах дээр нь оч” гэдэг шүү дээ. Ашхабадын зах зээл нь нийслэл хотоосоо арваад километр зайтай, дорнын базаарын соёлыг шинэ зууны хот төлөвлөлттэй хослуулан хөгжүүлж байгаа мэт сайхан санагдсан. Дэлхий нийтээр Исламын улс, “Стан” орон гэхээр л ядуу, хатуу, хаалттай гэх зэргээр төсөөлдөг. Харин бодит байдал дээр түүх, соёлынхоо талаар тэдний баримталж буй бодлого, дэлхийд өрсөлдөх хөгжил, ард түмний хангалуун налгар амьдрал, үндэсний өв соёлоо даяарчлалын эрин зуунд хэрхэн хадгалан үлдэх талаар суралцмаар санагддаг. Манайд 1990 оны эхээр гадаад хүн хараад хөдөөгийнхөн төдийгүй хот суурингийнхан маань байдгаа бариад л гүйдэг байсан шүү дээ. Нүүдэлчдийн зочломтгой занг суурин соёлтой ард түмэн ойлгоно гэхээсээ илүү харин ч давардаг мэт санагддаг. Хар л даа. Монголд байгаа зарим гадныхан энэ агуу нутгийн эзэн нь мэт хандах нь энүүхэнд байна шүү дээ. Харин Туркменистанд хаа нэгтээ гадаад хүн хараад ямар ч балчир хүүхэд, настан буурал гайхахгүй, дагаж гүйхгүй, байдгаа дэлгэхгүй. Маш ихэмсэг. Балчир охин ч “Би нутагтаа байна” гэсэн нэг тийм бардам байдлаар ханддаг нь надад их таалагдсан. Даш-Огузын онгоцны буудал дээр ээжтэйгээ хамт явсан арваад насны хоёр охин биднийг бараг харцаараа загнасан, тэгээд бас болоогүй хоорондоо англиар яриад байгаа нь “Бид боловсролтой, мундаг улс үндэстэн шүү” гэсэн нэг тийм “хөөрхөн” сэтгэгдэл төрүүлсэн нь өхөөрдмөөр хэвлүүхэн.
-Хорезм улсын Бухара хот, Орост байдаг хакасууд... Гурван жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа та “Өнгөрсөн хугацаанд бараг бүх Монгол угсаатныг зорьж очиж чадсан. Бухара, Хакаст л очоогүй” гэж байсан?
-Энэ гурван жилд нэлээд дориун аяллуудыг хийсэн. Бараг өмнөх долоон жилтэйгээ тэнцэхүйц хэмжээний замыг туулсан юм байна шүү. Алдарт Бухара балгадад хоёр удаа очсон. Яг одоо бид Самаркандаас таны асуусан Бухара балгад руу хөдлөх гээд сууж байгаа минь яавч жирийн тохиолдол биш байх. Чингис хаан өөрийн биеэр дайлсан Хорезмын Бухара хот шүү дээ. Тухайн үед Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотоос мориор аялахад гурван жилийг туулдаг байсан тэр л Бухара балгадад ирэх гэж гурван жил зардал мөнгөө хураасан. Эрдмийн түлхүүр Бухара балгадад энэ гурван жилийн хугацаанд гурав дахь удаагаа очих гээд сууж байна даа.
-Таны тухай унших, явсан газруудын тань талаар хэрэндээ судлах гэсээр байтал та “Төмөрийн улсын соёлын дурсгалууд” цуврал баримтат киноны зураг авалт, бас судалгааны ажлаар Самаркандыг зорьжээ. Үлгэрийн мэт энэ сайхан газар танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Бидний ажил үйлсийг анзаарч, судалж, ойлгож байгаа хүмүүстэй харилцахад, ялангуяа сэтгүүлчидтэй ярилцахад илүү хялбар, бас сайхан байдаг. Бидний үйл хэргийн талаар багагүй судалсанд тань маш их баярлалаа. Түүхэнд “Доголон” нэрээрээ цуутай, Монголын Барулас овгоос гаралтай, Чингис хааны эзэнт гүрнийг дахин цогцлоох зорилго өвөртөлсөн Төмөр хааны нутаг буюу Узбекстан улс эдүгээ Төмөрийн улс хэмээх титэм нэрээр нэрлэгдэж байна. Энэ улсын үндэсний мөнгөн дэвсгэрт болох мянгатын сум дээр Төмөр хааны ордон музей, таван зуутын сум дээр Төмөр хааны хөшөө байдаг. Хот бүрт Төмөр хааны талбай, Төмөр хааны гудамж, Төмөр хааны мадрассе, Төмөр хааны цогцолбор. Соёлын аялал жуулчлал нь “Төмөрийн улс” гэж брэнд нэрээр хөгжиж байна. Хаашаа л харна, юу л ярина Төмөр хэмээх агуу хааныг өөрийн эрхгүй дурсан хүндлэх юм.
-“Хүмүүс” булангийн зочин маань жилийн 365 хоногийн хэдэд нь эх орондоо байдаг бол. Үүнээс гадна та бүхний бэлтгэж буй бүтээлийн тухай шинэ мэдээллээр ярилцлагаа өндөрлөе?
-Жил бүр онцлогтой л доо. Зун ихэвчлэн Монголдоо өнжиж арьсан эдлэлийн урландаа ажиллаад хийсэн бүтээлүүдээ гадагш илгээдэг. Олон хүн биднээс “Ямар мөнгөөрөө зардал хийдэг вэ” гэж сонирхон асуудаг юм. Би танд хэлсэн дээ. “Монголын төлөө цохилох зүрхэнд ажил, мэргэжил, албан тушаал, хөрөнгө мөнгөний ангилал байхгүй ээ” гэж. Урландаа хийсэн бүтээлүүдийнхээ ашиг орлогоор жилдээ нэг, хоёр хүний судалгаа, зураг авалтын зардлыг зохицуулаад өвөлдөө замд гарах гэх мэтээр долоо, найман жил болсон. Сүүлийн жилүүдэд ХасБанк, “Тэнгэр” санхүүгийн нэгдэл зэрэг Монголын төлөө гэх сэтгэл зүрхтэй байгууллага, хүмүүсийн дэмжлэгээр гурав, дөрвөн хүний зардлыг олж багаараа ажиллах боломж гарч байгаа. 2013 оны хувьд их онцлогтой байлаа. Яг одоо “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” хэмээх телевизийн баримтат цувралыг ССАЖЯ болон Соёл, урлаг хөгжүүлэх сантай хамтран бүтээж МҮОНТ-ээр олон нийтэд хүргэж эхлээд байна.
-Цаг зав гарган бидний асуултад хариулсанд баярлалаа. Аян замдаа сайн яваад ирээрэй. Амжилт хүсье!
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
gal 13th April 2015

mash saihan bna. amjilt husie!

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах