МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасАрдын уран зохиолч Л.Түдэв “Тасарсныг залгаж танихгүйг танилцуулж байгаа нэгэн шинэ “байлдан дагуулагч” гарлаа.
Ардын уран зохиолч Л.Түдэв “Тасарсныг залгаж танихгүйг танилцуулж байгаа нэгэн шинэ “байлдан дагуулагч” гарлаа.
Sunday, 23rd December 2018
Тархан Суурьшсан Монголчууд (TACAM) ТББ-ын тэргүүн Ц. Санчир Олны дунд ТАСАМ-ын Санчир хэмээн танигдсан гуч гаруй насны нэгэн дайчин бүсгүй бий. Түүний тухай ардын уран зохиолч Л.Түдэв “Тасарсныг залгаж танихгүйг танилцуулж байгаа нэгэн шинэ “байлдан дагуулагч” гарлаа” гэжээ. Ц.Санчир ойролцоогоор хагас сая км-ийг туулаад дэлхийн гуч гаруй улсын 300 гаруй хот сууринд 50 гаруй удаагийн хээрийн судалгааг удирдан ажиллаж, телевизийн хорин нэгэн баримтат цуврал бүтээснээс арван тавыг нь олон нийтэд толилуулжээ. Дөрвөн төрлийн хэвлэлийн бүтээл гаргаснаас “Үүц задлах цагаар” ярилцлагын түүвэр ном нь Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган Үзэгтэн” шагнал хүртсэн юм. Мөн “Монголын төлөөх зүрх бүхэнд”, “Эзэнт гүрний дурсгалууд” зэрэг фото зургийн үзэсгэлэнгээ үндэсний болон олон улсын хэмжээнд удаа дараа толилуулжээ.
Ц. Санчирын Соёлын салбарт гаргасан амжилтыг үнэлж Олон Улсын JCI байгууллагаас 2013 оны “Үндэсний Гарамгай Залуу” шагналыг гардуулсан. Энэхүү шагналыг ерөнхийлөгч Кенеди, жүжигчин Жеки Чен нар хүртэж байсан юм.
- Таны ном бүтээл, лекцийг сонсоод байхад зөвхөн судалгааны тайлангаар хязгаарлагддаггүй. Монгол залууст өв соёлоо хамгаалах, монголоороо бахархах учир шалтгааныг давхар ухааруулдаг. Олон Улсын нэр хүндтэй шагналын эзэн болсонд баяр хүргэе.
Баярлалаа. Хүнээс онцгойроод байх зүйл надад байхгүй ээ. Харин хүн төрөлхтнөөс онцгойрох агуу түүх Монголчууд бидэнд бий. Энэ сэдэв бол ямар ч шагналын оргил сэдэв. Тийм учраас хийж байгаа ажлыг маань хүлээн зөвшөөрч энэ эрхэм шагналыг өгсөнд баяртай байна. Ямар ч шагналыг би урам хайрлаж байна гэж хүлээж авдаг. Залуу хүнд бол урам хамгийн чухал. Ялангуяа харийн газар, хүний нутаг, дасаж дадаагүй нийгэм соёлын нөлөөнд, сэтгэлзүйн дарамттай орчин нөхцөлд ихэвчлэн ажилладаг бидний ажлыг сэтгэлээрээ дэмжиж, урамшуулж явдаг хүмүүс олон бий шүү гэдгийг бодож явахад сайхан байдаг.
- Таны ажлыг Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам (ССАЖЯ) хэр дэмждэг вэ?
Манай байгууллага дэргэдээ арьсан эдлэлийн цомхон урлан ажиллуулж ашиг орлогоор нь нэг хоёроороо судалгаа зураг авалтад явсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хамтарч ажиллах саналтай байгууллага, хувь хүмүүс нэмэгдэж байгаа болохоор бүрэн багаар явах боломж гардаг болсон нь талархууштай. ССАЖЯ байгуулагдсанаас хойш хэд хэдэн ажлыг маань дэмжиж хамтран ажиллаж байна. Одоогоор “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” нэртэй баримтат цувралыг ССАЖЯ-тай хамтран бүтээж байна. Шинэ яам соёлын дурсгалуудын тухай онцгой анхаарч байгаад бидний зүгээс их баяртай байгаа. Энэ дашрамд нуруун дээрх хүндхэн ачааг үүрэлцэж дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
- Анх 2008 онд баримтат киногоо толилуулах үед тархан суурьшсан Монголчууд болон соёлын дурсгалуудын тухай олон нийт тэр бүр мэддэггүй байсан. Одоог тэр үеийнхтэй харьцуулбал хүмүүсийн мэдлэг дээшилсэн үү?
Хамгийн анх бид тархан суурьшсан Монголчуудын тухай баримтат гурван цувралыг гаргасны дараа Боловсрол ТВ-ийн “Нууцын Хаалга”, мөн TV5 Телевизийн шууд нэвтрүүлэгт орж байлаа. Тухайн үед энэ сэдвээр маш ховор ярьдаг байсан юм. Тэр үед үзэгчдийн олонх талархан хүлээн авсан ч цөөнгүй хүн дайрч давшилсан. Харин бид үзсэн дурсгал, уулзсан Монголчуудынхаа тухай өөрсдийн авсан гэрэл зураг, баримтат киног гаргаж бодит баримтыг дэлгэсэн болохоор хүмүүсийн хандлага ч богино хугацаанд өөрчлөгдсөн. Олон нийт эхлээд гайхаж, няцааж хүлээж авсныг би зөв гэж боддог. Яагаад гэвэл бүх зүйлийг шалгах хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн баримт сэлтгүйгээр, өөр ашиг сонирхлоор юм уу зорилгоор энэ сэдвийг дэлгэсэн бол бас хэцүү л дээ. Үнэхээр найман зуун жилийн өмнөх дурсгалууд, эзэнт гүрний Монголчуудын талаар дэлгэж байгаа баримт бүр минь олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүртдэгт баяртай байдаг.
- Та хамгийн сүүлд ямар соёлын дурсгалыг баримтжуулж авчрав?
Хамгийн сүүлд Иран, Ирак, Туркменистан, Казакстан улсуудад очиж ажилласан. Энэ тухай хараахан хэвлэл мэдээлэлд яриа өгөөгүй байна. Монголын Эзэнт гүрний үеийн Ил Хант улс буюу өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нутаг дэвсгэр дээр байгаа Хүлэгү хааны шинжлэх ухааны академи байсан газар. Найман зууны тэртээ зэрлэг, бүдүүлэг хэмээн адлагддаг мэт яригддаг байсан Монголчууд тэр үед дэлхий ертөнц дээр судалж болох бүх зүйлийг судлаад шинжлэх ухаан, одон орон судлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн. Үүний жишээ нь Хүлэгү хааны “шинжлэх ухааны” хот юм. Өнөөдөр бид 100 мянган айлын хөтөлбөр зэрэг орон сууцны томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь нүүдэлчин Монголчуудын хувьд анх удаа мэт яригдаж байгаа ч түүхэндээ найман зууны тэртээ 30 мянган айлын орон сууц бариулж байсан байна шүү дээ.
- Өнгөрсөн улирсан түүхээ эргэж сөхөх ямар хэрэгтэй юм бэ? Хөгжил цэцэглэлтэй хөл нийлүүлж урагшлая гэх хүмүүс бий. Түүхээ мэдээд, бахархаад дараа нь яах вэ?
“Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ битгий март. Хэзээ нэгэн цагт чамайг өвөг дээдэс минь гэх болно” гэдэг үг байдаг. Өнгөрсөн түүх бол бидний байгуулах ирээдүйн суурь үндэс. Ичмээр, гутмаар түүхтэй, эзлэн түрэмгийлүүлж, хүйс тэмтрүүлж байсан ард түмэн өнөөдөр түүнийгээ бахархалтай байсан мэт болгож ярьж, сурталчилж, шинээр бүтээж байна Жишээлбэл Казахстаны наад захын номын дэлгүүрт Казахийн түүхтэй холбоотой ном зохиол Орос, Англи хэл дээр хураангуй, дэлгэрэнгүй , зурагт, тайлбарт гээд бүх насныханд зориулсан хувилбараараа байдаг. Тэдний бодлого мундаг байна. Түүхийн ном гэдэг нэгэнт хуудсыг нь нээсэн бол дараагийн хуудсыг өөрийн эрхгүй эргүүлмээр сонирхолтой, амттай байх ёстой. Түүхийг номоор зогсохгүй киногоор, урлагаар, медиа бүх аргаар түгээх нь зүйтэй юм. Мэдээллийн эрин зуунд ирээдүй хойч үедээ Монгол бахархал, түүх, ёс заншлаа залгамжлуулан үлдээхийн тулд тэдний ойлгодог, уншдаг, анхаарлыг нь татдаг хэлбэрээр таниулах нь маш чухал. Эзэнт Гүрний Монголчууд бидэнд олон улсыг нэгтгэн зангидаж байсан Монгол хүний чадвар, язгуур зан чанар, бүтээн босгож байсан түүхэн дээрээ дөрөөлөөд Монголоо хөгжүүлэх боломж байна.
- Таниас Монгол язгуур зан чанарын тухай тодруулж асуумаар байна?
Жинхэнэ Монгол язгуур чанар алга болоогүй харин мартагдсан мэт. Нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг, шүүмжилдэг, хийж байгаа нэгнээ татаж унагадаг тамын тогооны үлгэр байна. Энэ бол гадныхны бодлогоор дамжсан олдмол чанар шүү дээ. Төрийн төлөө оготно боож үхнэ гэж ярьдаг. Энэ бол манжийн дарлалын үед Монголчуудыг эрхэндээ байлгахын тулд тараасан үг. Гэтэл найман зууны тэртээ Перс эрдэмтэд Монголчуудын тухай хэлэхдээ “Хүчирхэг, мэргэн ухаант Монгол Хаадын эзэмшилд орсон улс үндэстнүүд сэргэн мандаж олон улс орныг дагаар ороход хүргэж байсан. Тэд бол өршөөнгүй, ухаалаг, тухайн ард түмэнд боломжийг олгодог байсан.” гэжээ. Хүн жаргалтай үедээ жаргалтайгаа мэддэггүй байх. Түүнтэй адил эрх чөлөөтэй үедээ эрх чөлөөгөө мэдрэхгүй, ижий аавыгаа сэрүүн байхад элэг бүтнээ мэдэхгүй, эрүүл саруул биетэй байхдаа хамгийн их баялагтайгаа мэддэггүй. Хаалттай, хоригтой газар амьдарч байгаа Монголчуудын маань мөрөөдөл бол Монгол Улс. Тэд энэ насандаа амжихгүй нь ээ ирэх амьдрал гэж байдаг бол адуу ч болтугай болж төрөөд Монголын салхийг үнэрлэх юмсан гэж ярьдаг.
- Тэгэхээр бид их хариуцлага хүлээсэн хүмүүс байх нь ээ?
Тэгэлгүй яахав, Шинэ хязгаар буюу Шиньжааны Монгол зохиолч, бичгийн хүн “Бид нар энд Монголоороо зохиолоо бичээд, тод үсгээрээ хэвлэлээ гаргаад, монгол хэл дээрээ радио нэвтрүүлэг хийгээд явж байна. Харин та нар минь тусгаар Монгол Улсдаа голомтоо сахиж буй улс. Түүний нэр төр, хариуцлага гэж бий. Ядаж архин дээрээ битгий Чингис хааныхаа хөргийг тавь л даа. Тийм бэлэг авахаараа бид эмээдэг. Хоосон шилийг нь хаяж болохгүй, хадгалах бүр хэцүү” хэмээн бидэнд ярьж байсан юм. Энэ мэт олон Монголчууд бидний зүг анхаарал тавин харж, чимээ чагнан суудаг. Бид нар гуравхан сая хүрэхгүй хүн амынхаа эдийн засаг, улс төрийн бухимдал, барилга хот байгуулалт эсвэл агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлээд гүрний Монголчуудын хэмжээнд санаа тавих хэмжээнд очих үе удахгүй ирнэ гэж найддаг. Соёл, түүх, ирээдүй минь нэг улсын хүрээнд биш Монголын Эзэнт гүрэн гэсэн том бодлого доор явах ёстой юм болов уу гэж би боддог. Гэхдээ үүнийг яваад очъё, эзлээд нэгтгэе гэсэн утгаар хэлээгүй юм шүү. Түүхийн нугачаанд Монгол хэл, соёл, уламжлалаа харийн газар чадлын хэрээр бэхлэн суугаа элэг нэгт Монголчуудаа хүлээн зөвшөөрөхөөс л гүрний бодлого эхлэх юм болов уу гэж боддог.
- Таны бодлоор харийн соёлыг дууриаж шүтэлгүй харин ч бид өөрсдийн онцлог жишгийг тогтоох ёстой юу?
Үүн дээр гуравхан зүйл хэлье: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны тендэр гэхэд л хэл ам дагуулсан шалгаруулалт жилийн жилд болдог. Гэтэл тэр хувцасныхаа нэг хэсэгт Монгол хэв маяг оруулж болдоггүй юм гэж үү?. Үнэхээр сэтгэл байдаг бол бодлого тодорхойлж байгаа, бодлогыг хэрэгжүүлж байгаа шат шатны хүмүүсийн санаа оноогоо нэмэрлээд л болох асуудал. Үүнээс гадна бид зөвхөн өөрийн түүхээр Отрар, Самарканд, Бухара, Багдадыг Монголчууд хэрхэн эзлэж явсан тухай кино хийвэл хэн ч уйдамгүй үйл явдал өрнөнө. Уг нь гуравхан сая хүн амтай улсад төрөөс баримтлах соёлын бодлогоор амархан шийдэгдэх асуудал. Мөн саяхан Солонгос хамтлаг дуучид ирэхэд олон нийтийн сүлжээгээр маш их шуугисан. Би залуусыг буруутгах байр суурьтай явлаа. Гэтэл Солонгосын соёлыг цаг наргүй суртчилаад байгаа, өдөр шөнөгүй тэдний соёлоор амьсгалуулаад байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодлогын асуудал ч үүнд бас байна.
- Эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовнидог, тэмцэл өрнүүлдэг олон хүмүүс бий. Гэтэл яагаад өдий болтол нэгдэж чаддаггүй вэ?
Миний баримталж явдаг жанжин үг бол Чингис хааны “Аливаа сайн үйлсэд нэгэн сэтгэлээр зорь. Хэний ч үгэнд холбирохгүйгээр хатууж. Илүү үгтийг битгий давраа. Дутуу үгтийг битгий доромжил” гэсэн айлдвар юм. Таны хэлсэнчлэн сүүлийн үед Монголын төлөө гэсэн уриалгатай тэмцэгч нар олон болсон. Бидэнд иргэний байгууллагуудаас, эвсэл хөдөлгөөнүүдээс хамтарч ажиллах хүсэлт сүүлийн жилүүдэд их ирж байна. Бусад салбар руу холбиролгүйгээр олон хүнд ажлынхаа үр дүнг хүргэхийг хүсдгээ тэдэнд хэлдэг. Бид залуу нас, авьяас чадвар, гэр бүл, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөө Монголынхоо төлөө зориулж байна. Энэ нь өнөөдөр Монголынхоо төлөө хийж чадаж байгаа зүйл минь билээ.
- 11 жилийн турш олон баримтыг авчирлаа. Шинжлэх Ухааны Академийн (ШУА) Ерөнхийлөгч хүртэл Монголын түүхийн хуудсанд үнэтэй хувь нэмрийг орууллаа гэж үнэлсэн байдаг. Эдгээр түүхэн баримтуудаасаа дунд, ахлах сургуулийн сурах бичигт оруулах санал ирж байсан уу?
Энэ хавар бид “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийнхөө хүрээнд Монголоо тойрч орон нутагт үзэсгэлэнгээ гаргаж, илтгэл уулзалтаа зохион байгуулж явахад аймгийн захиргааны удирдлагууд, төрийн албан хаагч, түүхийн багш нар маш идэвхтэй оролцсон. Шахуу хуваарьтай явсан тул багш нартай тусгайлан уулзах цаг хомс байсан ч аймаг орон нутгийн сургуулиудын улирдага нь багш нарынхаа хэлсэн зүйлийг бидэнд уламжилж байлаа. Жишээ нь: Өлзийт хааны ордон, Хүлэгү хааны шинжлэх ухааны хотын туурь болон дэлхийн Монголчуудын тархац, угсаатны онцлог, хэл соёл болон тоо мэдээг яагаад түүхийн хичээлээр зааж өгч болохгүй юм бэ, бүр тусдаа хичээл болгож явах ёстой гэсэн саналууд ч олон ирсэн. Бидний хувьд тасралтгүй судалгаа хийж, хээрийн шинжилгээгээр олж авсан асар их материалыг архивласан. Мэргэжлийн түвшний гэрэл зураг гэхэд л хэдэн зуун мянга байгаа. Тэдгээрээс мянга хүрэхгүйг нь л олон нийтэд хэвлэл, үзэсгэлэнгээрээ толилуулсан. Харин эдгээр баримт судалгааг Монгол хүүхэд, залуучуудын шат шатны боловсролын хөтөлбөрт оруулах саналыг салбарын яамны зүгээс бидэнд тавибал татгалзах зүйл үгүй.
- Хилийн чанад дахь Монголын түүхтэй холбогдох дурсгалуудыг Монголчууд өөрсдөө баримтжуулж, дүгнэн боловсруулсан түүхийн мэдлэгээр хүүхэд залуусаа хүмүүжүүлэх тэр цаг түргэхэн ирэх ерөөлийг тавья. Боловсролын салбарын түшмэдүүд мөн анхаарах биз ээ. Ингээд ярилцлагын төгсгөлд та өөрийн баримталж явдаг зарчмаараа уншигчдыг тэр дундаа залуусыг уриалахгүй юу?
“Ялж амьдар гэдэг үгэнд дуртай”. Дайнтай, хаалт хоригтой улсад ажиллаад ирэхээр эх орон минь ямар сайхан эрх чөлөөтэй, энх амар болохыг улам бүр мэдэрдэг. 11 жилийн хугацаанд эх түүхийнхээ баларсан мөрөөр замнаж энэ олон баримт сэлтийг олохын тулд зөвхөн дайн мөргөлдөөн, хаалттай нийгэм, хавчлага дарамтанд ажиллаад зогсоогүй ажлаа үргэлжлүүлэх санхүүгийн бэрхшээл, гэр бүлд минь тохиолдсон өвчин зовлон, өнчрөл хагацалыг үзэж туулах үест энэ үг санаанд буудаг. Гэсэн хэдий ч Монгол хэмээх их эзэнт гүрний үлдээсэн өв соёлын дурсгалуудыг таниулахын төлөө зогсолтгүй зүтгэсээр явна даа. Залуус маань заавал ийм хүнд бэрхшээлийг туулж байж зорилгодоо хүрнэ гэлтгүй урам хугалдаг ойр зуур асуудлыг ялж амьдарвал ирээдүйн үйлс бүтээл нь нэгэн алхмаар урагшилж, ялалтыг байгуулж байна гэсэн үг юм. Залуу хүн бүр мөрөөдлөө өөрийн нэгэн насаар хязгаарлалгүй эх орныхоо ирээдүйг бүтээж, алдар нэрээ даянд цуурайтуулахыг зорьж яваасай гэдгийг хэлье дээ.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Уртнасан 26th February 2014

Бахархаж байдгаа илэрхийлэн амар байна уу? Амжилтын дээдэд хүрээрээ гэж ерөөн мэндчилье

b.bataa 6th February 2014

ene busguid mash ih bayarlaj bna. iim humuus ulam olon boltugai.amjilt husie.ulam ihiig hiigeerei...

Сэрчмаа 24th January 2014

Ийм сайхан ажил хийж байгаад үнэхээр баярлаж бахархаж байна. Хэдийгээр өнөөдөр дэлхийн Монголчууд тэртээх 800 жилийн өмнөх шиг нэгэн их гүрэн болж аж төрж чадахгүй ч, бид нэг нэгнээ ойлгож, мэдэлцэж, уламжлал, хэл, соёл, түүхээ марталгүй уламжлуулж байваас Монголын эзэнт гүрэн болох баярт өдөр удахгүй тохионо гэж итгэж байна.

Сэрчмаа 24th January 2014

Та бүхний ажилд өндөр амжилт хүсье! Ийм сайхан зүйл хийж байгаад үнэхээр баярлаж бахархаж байна. Элэг нэгт Монголчууд маань өнөөдөр тэртээх 800 жилийн өмнөх шиг нэгэн их гүртөрөх боломжгүй байгаа ч нэг нэгнээ ойлгож, уламжлал, хэл соёлоо хадгалж түүхээ мартахгүй байх аваас баярт өдөр ирнэ гэж найдаж байна.

Batkhuyag 7th January 2014

Gaihamshigtai Mongol busgui jinhene uhaant hatan ch bol tuuhiin zahialga, Oylen, Hulan uhaant hatadiin suns gegeeruulegch. Bayarlalaa

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах