МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудас“МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД” ХӨТӨЛБӨР МОНГОЛ ОРНОО ТОЙРОН ТҮМЭН МОД ГАЗАРТ ӨРТӨӨЛЛӨӨ.
“МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД” ХӨТӨЛБӨР МОНГОЛ ОРНОО ТОЙРОН ТҮМЭН МОД ГАЗАРТ ӨРТӨӨЛЛӨӨ.
Monday, 2nd July 2018
Дэлхийн Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудын тухай “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр Монгол орноо тойрон түмэн мод газарт өртөөллөө. Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн Монголчуудын арвин баялаг өв уламжлал, соёл шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалтын тухай Баримтат кино, Гэрэл зургийн үзэсгэлэн, Уулзалт ярилцлагуудыг дээжлэн толилуулж, аймаг хотуудын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёл, Боловсролын газруудад дээрхи сэдвийн хэвлэлийн бүтээлүүдийг бэлэглэн, тус хөтөлбөр хэрхэн өрнөсөн талаар баримтат киноны зураг авалтууд хийгдсэн.
Хөтөлбөрийг Тархан Суурьшсан Монголчууд ТББ санаачлан хэрэгжүүлж БШУЯ, ССАЖЯ олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх боломж олгож хамтран ажилласан. Аймаг, хотуудын ЗДТГ-аас тухайн орон нутагт болох үйл ажиллагааны хуваарь, мэдээллийг түгээн дэмжиж ажилласан. “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийн баг 2 сар орчим хугацаанд арван мянган километр зам туулан Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Архангай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс, Багануурт ажиллалаа. Хөтөлбөр хүрсэн аймаг хотууд нь орон нутгийнхаа онцлог, нэрийн хуудас болсон урлаг соёлын тоглолтуудаас дээжлэн морин хуурын аялгуу, хөөмэйн түрлэг, домборын эгшиг, уртын дууны шуранхайгаар угтан авч, төрийн захиргааны удирдлагууд болон төрийн албан хаагчид, их дээд сургуулийн оюутан залуус, ЕБС-ын сурагчид гээд олон нийт өргөнөөр оролцлоо. Тус хөтөлбөр нэг аймагт хоёроос таван өдрийн хугацаатай үргэлжилсэн. Хөтөлбөрийг Баян-Өлгий, Завхан, Увс, Хэнтий, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Багануур, Ховд зэрэг аймаг, хотууд онцгой ач холбогдол өгч хүлээн авлаа. Аймаг хот тус бүрт хөтөлбөр өрнөсөн онцлог, нутгийн удирдлагуудын хүлээн авсан байдал:
• Эх орны баруун хязгаарт орших Баян-Өлгийчүүд тус хөтөлбөрийг зохион байгуулах асуудлыг ихэд анхаарч хоёр сарын өмнөөс хөтөлбөрийн багтай холбоо барин ажлын хэсэг томилж, театр талбайг зохион байгуулан өндөр төвшинд бэлдэж угтсан. Таван зуун суудалтай танхим дүүрсэн үйл ажиллагаануудад ихэнхдээ казахууд мөн урианхай, захчин, халхууд оролцсон. Тухайн үед Өлгий хотод цахилгааны хязгаарлалт хийгдэж байсан ч манай багийн байрласан газар, хөтөлбөрийн танхим, үзэсгэлэнгийн талбай, зураг авалтын хуваарьт нийцүүлэн цахилгаан зохицуулж өгч байлаа. Баян-Өлгий аймгийн удирдлагууд биднийг хүлээн авч ЗДТГ-ын Дарга Т.Манкейн үзэглэсэн ТАЛАРХАЛ-аар хөтөлбөрийг маань мялааж, залууст маань урам нэмсэн. Эх түүх, их өв соёлын талаар тус хөтөлбөрийн зохион байгуулалт үйл ажиллагаанд хамгийн хүндэтгэлтэй хандсан хасаг түмнээс бусад аймаг хотууд ч суралцах зүйл олон байгааг харж байлаа.
• Алдартнуудын өлгий гэдгээрээ алдартай Завхан аймаг зохион байгуулалтын тал дээр онцгой анхаарч гурван өдрийн турш нарийн хуваариар байгууллага хамт олныг оролцуулсан. ЗДТГ-аас НХХ, Соёлын газар, Музей зэрэг соёлын байгууллагуудаас төлөөлөл гаргаж аймгийнхаа Музей, Хөгжим бүжгийн сургуулийн үйл ажиллагаа болон соёлын дурсгалт газруудыг танилцуулж, орон нутгаа сурталчилан таниулсан. Улиастай хотод болсон хөтөлбөрийн нээлтийг Завханы залуучууд морин хуурын тоглолтоороо, ахмадууд уртын дууны чуулгаараа, хөөмэйн хамтлаг товшуурын аялгуугаараа, “Хөгжим бүжгийн сургууль”-ийн оюутнууд үндэсний хөгжмийн тоглолтоороо хөглөсөн. Завхан аймгийн Боловсролын газар “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийн хүүхэд залууст хүрч буй ач холбогдлыг онцгойлон үнэлж байлаа. Бусад аймаг хотуудын ард иргэд тус хөтөлбөрийн мэдээллийг ЕБС-ийн сурах бичигт тусгах саналыг олонтаа тавьж байсан бол Завхан аймгийн Боловсролын газраас энэ талаар илүү тодорхой хүсэлтүүдийг илэрхийлсэн юм.
• Баатарлаг ойрадуудын нутаг Увс аймгийн Улаангом хотын төв талбайд хөтөлбөрөө толилуулсан нь бусад аймгуудад зохион байгуулагдсанаас онцлог болсон. Уг үйл ажиллагаанд хилийн цэргийн анги нэгтгэл, цагдаагийн ажилтнууд бүрэлдэхүүнээрээ оролцож, олон нийт өргөнөөр хамрагдсан. Тухайн үед баруун аймгуудад цахилгааны хязгаарлалт хийгдэж байсан ч бид бүх талын бэлтгэлээ хангаж явсан тул Улаангом хотод ийн давуу талтай ажилласан. Увсчууд эх түүх, их өв соёлын талаархи энэхүү хөтөлбөрт асар хүндэтгэлтэй хандаж үнэхээр сайн зохион байгуулсан. Олон байгууллага, хамт олон биднийг уулзалт ярилцлаганд урьсанаас Хилийн цэргийн 0245-р ангийн захирагч, хурандаа Д.Мөнгөнжингийн хүсэлтээр тус ангид очиж офицер албан хаагч, цэргийн албан хаагч нарт яриа хийсэн. Ажилсаг Увсчуудын “Элит сортын” чацарганы тариалан, богино хугацааны өндөр бүтээн байгуулалт, цэвэрхэн хот Увсын хязгаарын нэрийн хуудас байлаа.
• Хаан эзний өлгий хан Хэнтий аймгийн удирдлагууд эзэнт гүрний Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудын тухай "Монголын төлөөх зүрх бүхэнд" хөтөлбөрийн багийг тусгайлан хүлээн авч, зохион байгуулагчдыг “Хэнтий аймгийн хүндэт” медалиар шагнаж, олон талын хамтын ажиллагааны саналуудыг хэлэлцсэн. “Хан Хэнтий” чуулгын уран бүтээлчдийн тоглолтууд манай хөтөлбөрт түрлэг нэмсэн. Хэнтий нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөгдөж байгаа Чингис хааны цогцолборыг тус хөтөлбөртэй холбож судалгаа мэдээллийн томоохон дэмжлэг болохыг нутгийн удирдлагууд цохон дурьдаж байв. Ертөнцийг байлдан дагуулагч Чингис хааны цогцолбор нь түүний төрсөн нутаг хан Хэнтий аймаг төдийгүй үндэсний улмаар олон улсын томоохон хэмжээний түүхэн бүтээн байгуулалт болоосой хэмээн бид ч мөн санал бодлоо хуваалцсан.

• Анхдагчдын өлгий Булган хангай нутгийнхан тус хөтөлбөрийг үндэсний урлагийн олон сайхан тоглолтоор угтан авсан бөгөөд төрийн захиргааны болон төрийн албан хаагчдын уулзалтууд, аймгийн засаг даргын “Талархал” зэрэг Монголын төлөөх халуун зүрхний цохилтоор үргэлжилсэн. Уртын дуу, морин хуурын тоглолтууд "Монголын төлөөх зүрх бүхэнд" зориулсан Булган нутгийнхны сэтгэлийн өргөл байлаа. Булган аймгийн музейн удирдлагын урилгаар тус хөтөлбөрийн зураг авалт мөн тэнд үргэлжилж, соёлын дурсгалуудын талаар чухал яриа өрнөж, олон нандин үзмэрийн мэдээллийг бэлдсэн.
• Эзэнт гүрний тулгат голомт Өвөрхангай аймгийн удирдлагууд бидэнтэй эзэнт гүрний өнцөг булан бүр дэх түүх соёлын баримт бахархлын талаар илүүтэйгээр сонирхон ярилцсан юм. Эртний нийслэл Хархоринд байгуулсан шинэ музейн үзмэрүүд, сан хөмрөгийн талаар санал бодлоо солилцсон сонирхолтой уулзалт болсон. Энэ нутгийн ард олон эрдэмтэн судлаач, эгэл жирийн малчид ч бидэнд ховор нандин газрын зураг бэлэглэж, аман домог яриа, сурвалж мэдээ хуваалцаж байв.
• Монгол орны хоймор Хөвсгөл аймагт хөтөлбөр маань тун амжилттай өрнөсөн бөгөөд нутгийн удирлагын зүгээс хүүхэд залуусыг түлхүү оролцуулсан нь эх түүхийнхээ баримтат үнэнийг ирээдүй хойчдоо түүчээлэх бас нэгэн бодлого байлаа. Мөрөн хотын олон нийт, байгууллагуудын хүсэлтээр бид хөтөлбөрөө төлөвлөгдсөн хугацаан дээр хоёр өдөр нэмж зохион байгуулсан. Хөвсгөлчүүдийн үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн Монгол орноо тойрсон манай хөтөлбөрийн багийн бахархан ярих сэдэв болсон.
• Олон угсаатны өлгий Ховд аймгийн ЗДТГ болон НХХ-ийн зохион байгуулагчид ихэд анхаарал тавин ажилласан. Ховдын хөгжимт драмын театрын найруулагчийн зүгээс үйл ажиллагаанд маань багагүй дарамт учруулсан ч эх түүх, их өв соёл хэмээх энэ сэдэв зорилго ач холбогдлын хувьд юутай ч зүйрлэшгүй учираас саад болж чадаагүй. Ховд хот дах “Өв соёлын хүрээлэн” хэмээх цогцолбор Монголчууд биднийг их эзэнт гүрний үр сад гэдгийг илэрхийлсэн шинэ цагийн бас нэгэн өвөрмөц бүтээн байгуулалт байлаа. Тус цогцолборт Ховд аймагт оршин суух угсаатнуудын гэр сууц, эд өлгийн дурсгалыг илэрхийлжээ. Ховд аймгийн ЗДТГ-ын Даргын хэлсэн үг, дурсгалын зүйл дэлхийд тархан суурьшсан Монголчуудыг судалдаг бидэнд ихээхэн урам нэмсэн.
• ССАЖЯ-тай хамтран зохион байгуулж байгаа "Монголын төлөөх зүрх бүхэнд" хөтөлбөрийн үеэр Сүхбаатар аймгийн БСГ-ын мэргэжилтэн Энхцэцэг 10 сумаас 14 соёлын өвийн бүртгэл мэдээллийн мэргэжилтэнг уриалж, хөтөлбөрийн багтай уулзалт зохион байгуулсан. Уулзалтын үеэр орон нутагт соёлын өвийн тулгамдсан асуудлууд болон соёлын ажилтны нийгмийн асуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн (тус мэдээг тоймлон ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт илгээнэ). Бидний зүгээс ССАЖЯ-аас соёлын талаархи баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг тодорхой хэмжээгээр сурталчилж, Соёлын өвийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлсэн. Хөтөлбөрт Сүхбаатар аймгийн хүүхэд залуус идэвхитэй оролцож төрийн захиргааны удирдлагуудын хурал дээр үргэлжилсэн.
• Эрдэнэтчүүд гурван жилийн өмнөөс биднийг урьж хамгийн олон санал ирүүлж ЗДТГ, НХХ-ийн зүгээс дэмжсэн ч “Уурхайчин” соёлын ордоны хариуцсан ажилтнууд хөтөлбөрт маань багагүй хүндрэл учруулж үйл ажиллагаануудын товлосон цагуудад танхим талбайг олгохгүй, бусад үйл ажиллагааг давхардуулах гэх мэт асуудлууд үүсч байсан. Гэсэн хэдий ч залуусын хот Эрдэнэтийн 11 телевизээр бид хөтөлбөрийнхөө тухай мэдээлэл, ярилцлага, зар мэдээ нийтэд хүргэсэн нь “Уурхайчин” соёлын ордонд “болох ёстой байсан” үйл ажиллагаанаас ч илүүтэйгээр Эрдэнэтчүүдийн оюуны мэлмийд хүрсэн хэмээн найдаж байна. Хөтөлбөр нэг аймагт хоёроос тав хоног, өдөр бүр 09:00-20.00 цаг хүртэл үргэлжилсэн. Аливаа урлаг соёлын тоглолт аймаг хотуудад ихэнхидээ нэг хоёр өдөр, хоёр гурван цаг л үргэлжилдэг учираас хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед зарим аймгуудын хариуцсан ажилтнууд илгээсэн хуваарийг олон нийтэд бүрэн мэдээлээгүй, зөвхөн нээлтийн товыг зарласан зэрэг багагүй бэрхшээл гарсан.
• Архангай аймгаас тус хөтөлбөрийн зохион байгуулалтыг хариуцсан түшмэдүүд хөтөлбөр төлөвлөгөөний дагуу бүх зүйл бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Нээлтийн үйл ажиллагаанд засаг дарга нь оролцож нээх төлөвлөгөө талаар болсон ч Монголын төлөөх чин зүрхтэй арын сайхан хангай нутгийн ард түмэн, төрийн албан хаагчид өргөнөөр оролцож, уулзалт ярилцлага баримтат кино маань олны хүртээл болсон.
• Дорнод аймаг “засаг даргагүй учраас доороо гүйдлээ олохгүй” байгаа тухай НХХ нь илэрхийлсэн ч хөтөлбөрийн баг олон нийтийн сүлжээгээр “Дорнод” дээд сургуулийн захирал М.Одмандахтай харилцаж олон нийтэд мэдээлэл түгээж, оюутан залуус багш ажилчид, судлаач түүхчдийг өргөн хамруулах боломж нээгдсэн. Бидний очсон 14 аймаг хотоос хамгийн сүүлийн үеийн театр буюу Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт “Монголын төлөөх зүрх бүхэнд” үзэсгэлэн хамгийн олон гэрэл зургаа дэлгэж, хувийн хэвшилийн удирдлагууд ажилтан албан хаагчидаа илүү хамруулсан онцлогтой болсон.
• Дархан хотоос олон нийтийн сүлжээгээр мөн л хамгийн олон санал ирүүлсэн хэдий ч ССАЖЯ-ын албан тоотод дурьдсан бэлтгэлийг ЗДТГ, НХХ нь хангаагүй, үйл ажиллагааг бараг зохион байгуулаагүй. Бид Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн гуайтай олон нийтийн сүлжээгээр харилцаж хөтөлбөрийн товыг мэдээлснээр үзэсгэлэнтэй танилцаж Дархан хотын зарим телевиз болон мэдээллийн байгууллагуудаар хөтөлбөрийн тухай түгээн дамжуулах боломж олдсон. Улаанбаатарт болсон үзэсгэлэнг үзэж амжаагүй нийслэлийн иргэд Дарханд болсон хөтөлбөрийг зорин ирсэн нь Дарханы ЗДТГ, НХХ-ийн мэдээ түгээсэн үзэгчдээс даван гарсан сонирхолтой тоо баримт болсон.
• “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөр 11 аймаг хотод очихоор цаг хугацаа зардал мөнгөний хувьд анх төлөвлөгдсөн ч олон нийтийн хүсэлтээр зүүн аймгууд болон Багануур дүүргийг нэмж “оруулсан”. Багануурчууд өндөр зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын байранд үзэсгэлэнг дэлгэж, Багануурын соёлын ордонд болсон нээлтийн ажиллагаа, уулзалт яриа, баримтат кинонд төрийн захиргааны удирдлагууд болон төрийн албан хаагчид өргөнөөр оролцсон. Бид дээрхи хугацаанд аймаг, хотуудын нийт 48 телевизид хөтөлбөрийнхөө тухай болон дэлхийн Монголчууд, Монгол соёлын дурсгалуудын талаар мэдээлэл өгч тус бүр 30-120 минутын ярилцлага хийж үлдээлээ. Хөтөлбөрийн талаар: МҮОНТ-ээр 14 хоног (ЦАГИЙН ХҮРД-ийн өмнө, УСК-ны дундуур), UBS телевизээр 10 хоног (CITY NEWS мэдээллийн хөтөлбөр мөн УСК-ны дундуур), www.news.mn цахим хуудсанд 14 хоног хоёр хэсэг талбайд тус тус сурталчилсан. Очсон газар бүрт нутгийн удирдлагаас гадна жирийн иргэн, барилгачин, малчин, оюутан залуус, азай буурлууд, жагсаалын цэрэг, армийн хурандаа хүртэл хөтөлбөрийг талархан дэмжиж, уулзалт яриа, үзэсгэлэн киноноос маань урам зориг, мэдлэг мэдээлэл авсанаа илэрхийлж байлаа. Цаг хугацаа, зардал мөнгөнөөс хамааран хөтөлбөр хараахан хүрээгүй аймгуудийн иргэдээс “гомдолтой”, хүлээлттэй байгааг дашрамд дурдсу.

Эзэнт гүрний Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудын тухай "Монголын төлөөх зүрх бүхэнд" хөтөлбөрийг Монгол орноо тойрон хүргэх боломж олгосон БШУ-ы Сайд Л.Гантөмөр, ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл нарт онцгойлон талархаж байна. Тус хөтөлбөрийн зохицуулагч-Тархан Суурьшсан Монголчууд ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Цэрэн болон цаг наргүй ээлж халаагүй жолоо барьж, техник, зураг авалт, гэрэл зураг дээр ажилласан залуусаараа бахархаж байна. Өндөр хэмжээнд зохион байгуулсан аймгуудын Засаг дарга нар: Ж.Оюунбаатар /Хэнтий/, Ж.Жамяантив /Завхан/, Д.Цэндсүрэн /Увс/, М.Гончигжав /Багануур/, Д.Тогтохсүрэн /Өвөрхангай/, Л.Цэрэнжав /Хөвсгөл/, Т.Манкей /Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Дарга/, Н.Санатбек /Баян-Өлгий аймгийн Засаг Даргын орлогч/, М.Батмөнх /Ховд аймгийн ЗДТГ-ын дарга/, М.Амарсанаа /Ховд аймгийн Засаг Даргын орлогч/ нарт дахин талархая. Монголын төлөөх зүрх бүхэнд хүргэхийг зорьсон тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариуцсан ажил үүргээ чадварлаг гүйцэтгэж, өндөр төвшинд зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ССАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Одмаа, Завхан аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн С.Нарантуяа, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Ө.Беригас, Хэнтий аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Жавхлан, Булган аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Г.Буянжаргал, Булган аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хонгорзул, Өвөрхангай аймгийн БСГ-ын ахлах мэргэжилтэн Л.Пүрэвлхам, Ховд аймгийн НХХ-ийн дарга Д.Нарандорж, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн Э.Ушаандар нарт дахин талархаж байна. “Монголын төлөөх зүрх бүхэнд” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч TASAM (“Тархан Суурьшсан Монголчууд” ТББ) нь дэлхийн Монголчууд болон Монгол соёлын дурсгалуудын тухай бүрэн хэмжээний 15 баримтат цуврал, үндэсний болон олон улсын хэмжээнд дөрвөн удаагийн гэрэл зургийн үзэсгэлэн, таван төрлийн хэвлэлийн бүтээлийг нийтийн хүртээл болгосон. Тус байгууллагын судлаачдын 11 жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй улсыг зорьж, хагас сая км замыг туулан судалгаа зураг авалтын экспедицээр ажиллаж, эзэнт гүрний Монголчууд болон Монголын түүх соёл, шинжлэх ухааны дурсгалуудын тухай баримтжуулсан бүтээлүүдээ ийнхүү Монголоо тойрон дээжлэн толилууллаа.
Цас бударч байхад Эх орны хоймор руу гарсан,
Солонго татаж байхад Дорнын талд довтолгож явлаа,
Бороо орж байхад баруун хязгаараас буцах замдаа орсон.
Аяны жолоо өөдөө байлаа.

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах