МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагааЭнэ л хэцүү замын цаана бидний мэдэхгүй түүх, сонсоогүй үнэн, үзээгүй дурсгал, уулзаагүй хүмүүс байдаг.
Энэ л хэцүү замын цаана бидний мэдэхгүй түүх, сонсоогүй үнэн, үзээгүй дурсгал, уулзаагүй хүмүүс байдаг.
Tuesday, 8th October 2019
ЗАЛУУЧУУДЫН ҮНЭН СОНИН 2012.10.01
Ярилцсан Х.Оюундарь
800 жилийн тэртээх тэр дурсгалуудыг дэлхий дахинд түгээсэн өндөр соёлтой ард түмэн билээ бид. Харин өнөөдөр тэр л эрхэм түүхийн бахдам сайхныг баримтаар илэрхийлэн яваа нь маш бага байна. Эдгээрээс хот байгуулалт, гар урлал, одон орон судлал, нийгмийн халамж, ядуусыг энэрэх, мэргэдийг түших, татварын болон төр иргэний хууль цааз зэрэг маш олон гайхалтай бодлого зарлигууд тэртээ түүхийн үзүүрт Монголынх гэж тунхаглагдсан байдгийг өөрийн аялалын судалгаа болон баримттай мэдээллээр олж авсан судлаач. Ингээд түүнтэй дэлгэрэнгүй яриа өрнүүлснийг уншигч танд хүргэж байна.
- Тархан суурьшсан Монголчуудын талаарх мэдээлэл маш хомсхон. Зарим нь бараг мэдэхгүй гээд хэлчихэд болно. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү ?
Танай сонин залуучуудад зориулсан хэвлэл болохоор ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Монголын ирээдүйг авч явах хүмүүс бол өнөөдрийн залуучууд. Бид түүхээ сайн мэдэхийн зэрэгцээ баримттай мэдээлэлтэй байж чадвал тэрхүү мэдээлээ бахархал болгон харуулна шүү дээ. “Өнгөрсөн түүхэнд хачир нэмэхэд гутахаас биш ариусахгүй” гэсэн мэргэн үг байдаг. Монгол хүн бүр ялангуяа залуучууд маань монголчууд дэлхийн талыг эзэлж, байлдан дагуулж байсан гэж бахархдаг шүү дээ. Энэ бахархалын цаана ямар баримт, өв соёл байгааг ямар үндэстэн угсаатан байгааг төдийлөн ярьдаггүй. Харин нэг хэсэг маань хэт барууны үзэлтэй болж байна. Нөгөө талаасаа бол аюул шүү. Бид агуу их түүхтэй гүрэн мөртлөө түүхгүй шахам улсуудаар өнөөдөр тархиа угаалгаж тэдний соёлд нэвчиж байна. Гадаадад сурч байгаа, амьдарч байгаа залуус маань харийн соёлыг хэт тахин шүтэж байна. Энэ бол буруу зүйл. Аливаа мэдлэгт авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс дээлтэйгээ хатаж дэлхийн талыг эзэлж байсан гэдгийг 800 жилийн дараа хөвгүүд охид нь мартсан байгаасай гэж хүсээгүй бизээ. Монголын эзэнт гүрний үеэс дэлхийн шинжлэх ухаан, одон орон судлал, төр нийгэм, хууль цаазын маш олон нээлт шинэчлэлийг Монгол хаад зарлигдан хийсэн байдаг. Энэ сэдвийг хэн нэг нь сөхөж баримтаар дэлгэж харуулах ёстой шүү дээ. -Монгол улсаас гадна гэхээр манайхан Өвөрмонгол, Буриад, Халимагаар л ойлгох хандлагтай байдаг л даа. Юунаас болоод Монголчууд ийм ойлголттой болсон юм болоо? Олон шалтгаан гадны хүчин зүйлийн улмаас түүх бүдгэрдэг. Түүхийн золиосоор, хаадын зарлигаар дэлхийн газар бүр монгол соёлын галаа залгамжлаад үлдсэн олон сайхан Монголчууд бий. Тэд бүгд эх түүхийн нэгэн бахархал билээ. Манай хоёр хөршид байгаа Монголчуудыгаа л дурдахад Оросын холбооны улсад Халимаг, Буриад, Алтай, Тува БНХАУ-д Өвөрмонгол, Дээд Монгол, Цаст Монгол, Цагаан Монгол, Шинжааны Монгол Шарай голын Монгол, Дагуур, Дунсиан, Юннаны Монгол, Баоань зэргийг дурдаж болно. Нарийн ярьвал Торгууд, Хошууд, Цахар, Урианхай, Захчин, Дөрвөд, Барга гээд нэрлэх жишээтэй. Энэ л Монголчууд маань дор бүрнээ гарал суурьшлын нарийн түүхтэй, үлгэр домог, түүх туульс, хэл бичиг, зан ааль, эдийн болон оюуны соёлоо хадгалан яваа түүхэн гавьяатай хүмүүс. Монголчууд бид хаадын зарлигаар үлдсэн элэг нэгтнүүд маань эдүгээ хаана хэдүүлээ хэрхэн аж төрж байгаа, ямар зовлон туулсныг хэлэх, харуулах түүхэн үүрэгтэй.
- Өнөөдрийн байдлаар нийт хичнээн Монгол угсаатан дэлхий дээр тархан суурьшиж байгаа юм бол?
Тоон мэдээлэл гэхээр зарим хүмүүс жаахан дургүй байдаг. Би ч дургүй байгаа хүмүүсийг буруутгадаггүй ээ. Монгол хэл, бичиг үсэг, угсаатны онцлог, зан аальтай, өнө удаан жил хадгалан залгамжилж яваа түүх соёлын дурсгалтай монголчууд маань эдүгээ монгол улсын 2 сая 700 мянган хүнтэй нийлээд 12 сая гэсэн судлаачдын тоо мэдээ байдаг. Ихэнхи судлаачид энэ тоо мэдээн дээр зургаан сая Хазарачуудыг нэмж оруулдаг. Сонирхуулахад үүнээс гадна Энэтхэгийн Зүүн хойд хаалттай муж нутгуудад 30 сая орчим Монголжуу хүмүүс аж төрдөг. Тэд угсаатны хувьд дээл өмсч, бөх барилдаж, морь уралдуулж, борц хатаадаг гээд монгол соёлыг илтгэсэн олон зан үйлтэй. Бид нэг газар доод тал нь 5 удаа очиж байж, энд Монгол байна, Хубилай хаан, Чингис хааны үр удам байна гэдгийг ярьдаг. Алдагдсан түыүхийг бид сэргээх гэж явж байгаа хүмүүсийн хувьд алдаа гаргах эрх байхгүй. Хожим бидний түүх бас дурсана.
-Монгол зан заншил, өв соёлоо авч үлдсэн ямар үндэстнүүд байдаг вэ?

Угийн бичгээ хадгалж үлдсэн угсаатнууд олон байдаг л даа. 800 жилийн тэртээгээс бичиж хадгалж ирсэн угийн бичгээ эдүгээ ч залгамжилан үргэлжлүүлсээр байна гэдэг сайхан бахархал, том соёл шүү. Эдгээрээс гадна Монгол хаадын дэлдүүлсэн өндөр сорьцтой, гоёмсог хийцтэй, алтан ургийн тамга дардастай зоосноос эхлээд биет соёлын дурсгалууд маш олон газар байна. 800 жилийн дараа ийм уриалга гаргана гэдэг хаадын зарлигийг залгамжилж байгаа түүхэн чухал үйл явдал.
- Ерөнхийлөгч “Монголчуудаа цуглуулъя” гэсэн уриалга гаргахад та “Асар их судалгаатай болж байж ажил хэрэг болгоно” гэж байсан. Энэ талаар сонирхуулаач?
2011 оны сүүлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олуулаа болъё” гэсэн уриалга гаргасан. Маш олон хүмүүс үүнийг дэмжиж, зарим хүмүүс буруутгаж байсан тэр үед бид замд явж байсан л даа. Бидэнтэй маш олон хүмүүс холбогдсон. 800 жилийн дараа ийм уриалга гаргана гэдэг хаадын зарлигийг залгамжилж байгаа түүхэн чухал үйл явдал. Харин Ерөнхийлөгчийн гаргасан санааг хэрэгжүүлэгч байгууллагууд үүнд асар чухал үүрэг хариуцлагатай оролцох хэрэгтэй. Яагаад гэвэл олуулаа болохын тулд энэ салбарыг эхлээд сайн судлах хэрэгтэй. Түүхийн эрхээр тархан суурьшсан монголчуудынхаа гарал суурьшил, аж амьдрал, нийгмийн байдал, боловсролын түвшин, уламжилсан соёл зэргийг мэргэжлийн өндөр төвшинд судлах нь эн тэргүүний асуудал. Нар байхад сүүдэр гардаг нь ертөнцийн жам энэ сайхан түүхэн уриалгыг гуйвуулах, ашиг хонжоо болгох, мөнгө хайсан хүмүүсийн олон санаархал байж болно. Энэ бол маш эмзэг сэдэв. Харин тус уриалгыг хэрэгжүүлэгч эрх бүхий газрууд маш өндөр хариуцлагтай, чиг үүрэгтэй хандахгүй бол энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой.
-Тухайн үндэстэнүүдийг Монголд авчирна гэх юм бол хэр дуртай хандах бол?
Бид 10 жилийн турш аялж, 450 мянган км туулж судалгаа зураг авалтаа хийж байна. Энэ хугацаанд бид дэлхийн 30 гаруй орон 300 гаруй хот сууринд очсон. Маш олон элэг нэгт Монгол хүмүүстэй уулзсан. Бидний зорьдог бүс нутаг ихэнхдээ буурай амьдралтай, хаалттай нийгэм байдаг. Хангалуун сайхан амьдарч байгаа Монголчууд ч бий. Очсон газрын хүн болгоны мөрөөдөл Монголд очиж үзэх юмсан, харах юмсан . Хойд нас гэж байдаг бол ядаж адуу ч атугай болж төрөх юмсан гэж гэдэг. Бид дэлхийн монголчуудын мөрөөдөл болсон улсад амьдардаг. Харин бид өнөөдөр Монгол улсаа хөгжилгүй байна, түгжрэлтэй байна, утаатай байна гээд голдог. Дайны сүүдрээс нутагтаа ирэхэд Монгол шиг минь амар тайван улс гэж байхгүй. Исламын шүтлэгтэй газраас ирэхэд бидний Монгол шиг эрх чөлөөтөй газар гэж байхгүй. Хаалттай дэглэмтэй газраас ирэхэд тусгаар Монгол шиг нээлттэй улс байхгүй. Монголын төлөө цохилох зүрхэнд ажил мэргэжил, нас хүйс, албан тушаалын зааг гэж үгүй билээ
- Танай хийсэн бүтээлүүд голдуу хэнд зориулагдаж хийгддэг вэ?
Бидний хувьд 2002 оноос эхэлсэн ажлаа 2009 оноос олон нийтэд хүргэж байгаа. Бүх насны бүх ажил мэргэжлийн хүмүүст зориулдаг учир нь Монголын төлөө цохилох зүрхэнд ажил мэргэжил, нас хүйс, албан тушаалын зааг гэж үгүй билээ. Тархан суурьшсан Монголчууд монгол соёлын дурсгалуудын тухай телевизийн баримтат цувралууд, гэрэл зургийн үзэсгэлэн, ном, аян замын тэмдэглэл гээд аль болох олон сэдвийг дэлгэсэн өргөн цар хүрээг хамарсан бүтээлүүд хийхийг хичээсээр ирлээ. Бид энэ л хүнд хэцүү замын турш хийсэн судалгааныхаа үр дүн гээд зүгээр л нэг хэвийн уйтгартай зүйл хийхийг хүсдэггүй. Бид залуучууддаа хүргэхийн тулд илүү их орчин үеийн шийдэлтэй хийхийг зорьдог. Учир нь өнөөгийн залуус бид маргаашийн Монголыг авч явна. Тиймээс Монгол залуу хүн бүр туулсан түүхийнхээ бахдам сайхныг, дэлхийн энгээр тархан суугаа элэг нэгтнүүдээ мэддэг байх нь зохистой гэж бодоог. -Зарим Монгол үндэстэн тантай уулзах үедээ” Би монгол биш. Бид та нараас болж ийм байдалтай амьдарч байна” гэж бухимддаг гэж байсан? Заримдаа хүмүүс ингэж хэлдэг. Биднийг зориод очиход эцэг нь хаясан хүү аавыгаа буцаад ирэхэд гомдсондоо бишүүрхээд, зугтаадагтай төстэй мэт. Тун удахгүй уйлаад, хамаг амьдралаа яриад 800 жилийн турш туулсан түүхээ ярьж суудаг хүмүүс асар олон байдаг. Маш их зүйл ярилцаж сэтгэлээ нээснийхээ дараа тэгэж хэлдэг. Хүн бүрийн бодол санаа янз бүр шүү дээ. Тэдний дарангуйлал доор амьдарч байгаа нь 800 жилийн өмнө Монголчууд дэлхий ертөнц улс үндэстнүүдийг монгол хаад хаанчилж байсантай шууд холбоотой. Тэр л 800 жилийн өш хонзонг өнөөдөр ч тэд үүрч яваа.
-10 жилийн турш таны зорьж очсон монголчуудаас сэтгэлд тань хамгийн хэцүү санагдсан нь?

Бидний бүх аялал хэцүү замыг зорьдог. Харин энэ л хэцүү замын цаана бидний мэдэхгүй түүх, сонсоогүй үнэн, үзээгүй дурсгал,уулзаагүй хүмүүс байдаг. Хамгийн хэцүү нь дайн. Бид энх амар оронд байгаагаараа маш их бахархдаг байх хэрэгтэй. Миний хувьд явж явж ирэхээр монгол шиг минь сайхан улс байхгүйг мэдэрдэг. Хүн байгаа зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байх хэрэгтэй мэт. Дайн дажингүй энх амар улс гэдэг сайхан шүү дээ. Дайнтай улс оронд байгаа Монголчуудын хувьд бол язгуурын зан чанараа хадгалаад үлдэх үү маргаашийн мөргөлдөөнд яэсэн мэнд үлдэх үү гэдэг хэцүү зүйл. Тэр хүмүүсийн амьд явах тэмцэл үргэлжийн дарамт үнхээр хэцүү. Дайн гэдэг бол үнэхээр аймшигтай зүйл, ямарч хууль цааз байхгүй, эрх чөлөө гэж байхгүй, амар тайван биш амьдралыг дайны хөлөөс харагддаг. Өрлөг их түүхийн тавцанд аливаа улс үндэстэн мандах буурах цаг байдаг.
- Манай залуус Монголд амьдрах арга алга. Ямарч хамаагүй аргаар гадагшаа гарах юмсан гэж хүсдэг. Сэтгэхүй нь нөлөөлөөд байна уу ? Аль эсвэл манай улсын нийгэм өөрөө залуучуудаа тийм болгоод байна уу?
Өнөөдөр дэлхий ертөнц хөгжиж байгаагийн хэрээр бүх төрлийн мэдээлэл хяналтгүйгээр асар хурдтай түгэж байгаа. Мэдээллээр хүний тархийг, оюун бодол, мэдлэг, зүрх сэтгэлийг хүртэл өөрчилж байна. Яг үүн шиг тивээр ярих газар нутагтай, мянганаар ярих он дарааллыг хамарсан хаанчлалын түүхтэй улс мөртлөө түүхгүй шахам улсуудыг хэт тахин шүтнэ гэдэг бол буруу. Энэ нь зүйрлэвэл орчин үеийн мэдээллийн дайнд өртөж байгаа хэрэг шүү дээ. Цагтаа өвэг дээдсийн маань зарц боол байсан улс үндэстний өнөөдөр зарим нэг маань шүтэж байна. Киногоор нь, хувцсаар нь, соёлоор нь яг л түүхийн тохуурхал мэт. Өнөөдөр бид Монгол соёлын бахдам сайхныг, үндэстний угсаа язгуураа, монгол хувцас, монгол хэл яриа, бичиг соёлоо дэлхийн тавцанд сайн сайхнаар илэрхийлэн гаргахад төрийн бодлого, хөшүүргэ илүү хэрэгтэй. Өнөөдрийн дундад Азид байгаа цаасан мөнгөн дэвсгэртийн эхлэлийг Ил хаадын үе буюу 1256 оноос оруулсан байдаг. Зоосон мөнгөний гайхалтай урлал гэж байна. Өнөөдөр харин Монголд минь зоосон мөнгөний арилжаа гүйлгээ байгаа билүү. 800 жилийн тэртээх тэр дурсгалуудыг дэлхий дахинд түгээсэн өндөр соёлтой ард түмэн шүү дээ угтаа бол. Харин өнөөдөр бид тэр л эрхэм түүхийн бахдам сайхныг баримтаар илэрхийлэн яваа нь маш бага байна. Эдгээрээс хот байгуулалт, гар урлал, одон орон судлал, нийгмийн халамж, ядуусыг энэрэх, мэргэдийг түших, татварын болон төр иргэний хууль цааз зэрэг маш олон гайхалтай бодлого зарлигууд тэртээ түүхийн үзүүрт Монголынх гэж тунхаглагдсан байдаг. Ганцхан жишээ дурдахадад дэлхий 365 хоногтой нэг жилтэй болохыг Мөнх хааны зарлигаар байгуулсан дэлхийн анхны одон орон судлалын төвд Персийн эрдэмтэн Насир ад динаар удирдуулсан тухайн үеийн дэлхийн одон орончдын сор болсон эрдэмтэд судлан тогтоож байж. Энэ төвийн туурь Монголын эзэнт гүрний Ил хант Улсын анхны нийслэл буюу өнөөгийн Ираны Маруго хотод түүхийн үнэт баримт болон үлджээ.Тэнд нар сарны эргэлт, цаг улирлын бичиг, ган гачиг цас зуд, цаг улирлын байдлыг урьдчилан тогтоодог байсан түүхтэй. Энэ бол Монгол дээдсийн бидэнд үлдээсэн хүсгүй түүх үнэт бахархал Харин энэ л эрхэм сайхан түүхийг мэдүүлэхийн тулд залуус бид илүү их ажиллах хэрэгтэй.
- Монгол залуус маань гадаад хүнтэй гэр бүл болох болж. Энэ нь цаагуураа Монгол хүний цус булингартаж байгааг харуулж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
Үнэнээ л хэлъе харийн хүнтэй дэр нэгтгэсэн хүмүүс надад таалагддаггүй. Охид ариун бол төр ариун гэж үг байдаг даа. Хэцүү газар ажиллаж байгаад арай гэж нутгийн бараа харах үед онгоцонд, галт тэргэнд гадаад нөхөртэй эмэгтэйчүүд цөөнгүй харагдах болсон нь эмзэглэмээр сэдэв. Өнөөдөр зөвхөн мөнгөний төлөө, сайхан амьдралын төлөө, хэдэн мянган жилийн өв соёлоо ийм зүйлээр солино гэдэг харамсалтай санагддаг. Улс орон маань одоо хэсэгхэн хугацаанд хэцүү байна. Харин ч 20 жилийн дотор маш хурдан сэргэж байгаа. Монгол улс өнөөдөр дахин сэргэлтийн замдаа орсон. Өрлөг их түүхийн тавцанд аливаа улс үндэстэн мандах буурах цаг байдаг. Өнөөдөр Монголын дараагийн эрин үе эхэлж байна гэдэгт найддаг.
-Олон нийтэд илүү их хүргэж таниулахын тулд таны бодлоор улсаас ямар арга хэмжээ аваасай гэж та хүсдэг вэ?
Бид өв соёлоо, үндэс угсаагаа, туулсан түүхээ тунхаглах, тодорхой болгох тэр цагт Монгол улс асар хурдтай зөв хөгжлийн замдаа орно гэж Бямбын Ренчин гуайн хэлсэн үг байдаг.Яг үүн лугаа Монголын эзэнт гүрний үеийн Цагаадай улс хожим Төмөрийн улсын нэгээхэн хэсэг нь өнөөгийн Узбекистан улс юм. Бид Узбекистанд очоод маш их бахархсан. Мөнгөн дэвсгэрт цаасан мөнгө, зоосон мөнгөнөөс эхлээд Төмөр хааны хөшөө, хөрөг дурсгалуудыг дүрсэлсэн байдаг. Хот бүрт Төмөр хааны нэртэй гудамж, ордон музей Төмөр хааны нэртэй өртөө зэргээр нэрлэгдсэн байдаг. Тус бүрнээ соёлын үнэт өвийг илэрхийлсэн хот төлөвлөлт, дурсгал үзмэрүүдийг сүүлийн 20 жилд бүтээн байгуулж байна. Узбекистан улс өнөөдөр Төмөрийн улс гэсэн нэрээрээ соёлын аялал жуулчлал өндөр хөгжүүлж байна. Дэлхийд хаалттай улс гэж нэрлэгддэг энэ улс чинээлэг жуулчин, нэртэй эрдэмтэн, олон улсын уралдаан тэмцээн хурлынхан нээлтэй найрсаг ханддаг. 1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан Узбек орон эртний алдарт Бухара, Самарканд зэрэг хотуудаа маш богино хугацаанд сэргээн босгож байна. Тэр бүхэнд Монголын түүх нэвт шингээж илэрхийлж байна. Узбекистаны Самарканд хотын төвд Гүр Эмир буюу Төмөр хааны шарилын бунхан байдаг. Төмөр хаан тэнгэрт халихынхаа өмнө “Би Монгол хүн учираас миний шарил дээр Монгол нутгаас чулуу авч ирэж тавиарай” гэсэн тухай сурвалжууд өгүүлдэг. Энэ цогцолборын захирал бидэнд “Төмөр хааны гэрээсээр Монголоос хар гантиг чулуу авч ирж түүний шарил дээр тавьсан. Харин та нар яагаад хааныхаа бунханг эргэж ирдэггүй юм бэ?” гэж асууж билээ. Бид тэгж асууна гэж бодоогүй. Узбек орон өв соёл, туулсан түүхэндээ асар хүндэтгэлтэй мөн мэргэн бодлогоор хандаж хөгжлийн нэгэн гарцаа болгож байна. Үнэхээр мундаг байна. Харин дэлхийн Монголчуудын зүрх тархи болсон тусгаар монгол улсын иргэд бид Монголын эзэнт гүрний өв соёлыг өмчлөх бахархах ажил хэрэг, хөгжлийн зам болгох талаар ямар мэргэн бодлого үзэл баримтлал төр нийгмийн хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байлаа. Бид л энэ эрхэм сайхан түүхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан судлах үүрэгтэй билээ.
-Та бас Зүчи хааны бунханыг үзээд ирсэн. Энэ талаараа сонирхуулаач?
Зүчи хааны шарилын бунхан эдүгээ Казахстан улсын Караганда мужийн Хэнгэрэгийн хөндийд бий. 1946 онд Казахстаны археологчид малтлага хийж Зүчи хааны шарилын бунхан болохыг тогтооосон байдаг. Монгол Хипчакийн уран барилгын хослол болгон барьсан бөмбөгөр оройтой дөрвөн талтай Бунхан дотор Зүчи хаан түүний их хатан Хэрэйд Бектимыш нарын шарил нэг метр гаруй гүнд байдаг. Энэ бунхан Казахстаны Жезказган хотоос 50 км зайтай оршдог. Зуун мянган хүнтэй хотоос бид бүтэн хоёр хоног сураглаад Зүчи хааны бунхныг мэддэг ганцхан л хүн олсон. Дэлхийг эзэлж явсан их хааны бунхан ердөө тавьхан километрийн цаана байгаа гэж хэн ч мэдэхгүй байна гэдэг гайхмаар санагдсан. Уг нь Казахстан улсад байгаа манай элчин сайдын сайдын яам тэр бунханы талаар судлаад, зураг хөргийг нь аваад, тухайн хот сууринтай хамтын харилцаа холбоо өрнүүлээд цахим хуудсан дээрээ тавьж болно шүү дээ. Зүчи хааны бунхан үүд хаалгагүй адуу малын өтөг бууц, тагтаа шувууны сангас болсон тийм л газар байсан. Хааныхаа шарил дээр очсон нь л сэтгэлд хамгийн сайхан зүйл байсан. Миний үзсэн хамгийн зүрх шимширч, хайхрамжгүй хандсан дурсгал бол Зүчи хааны шарилын бунхан байлаа.
-Таны хамгийн олон удаа зорьж очсон үндэстнүүд Дунсиан Монгол гэж байсан. Тэд яагаад таны сонирхлыг бусдаас илүү татах болсон юм бэ?
1227 онд Чингис хааны их цэргээс үлдсэн хүмүүсийн үр хойчисын нэгэн хэсэг бол өнөөгийн Дунсианчууд. Монголын эзэнт гүрний Юань улсын нутгийг бид бараг 30 гаруй удаа зорьж очсон. Миний хувьд хамгийн анх очсон газар учраас сэтгэлд хамгийн ойр байдаг юмаа. 541.000 хүн амтай. Ислам шүтлэгтэй. 800 жилийн тэртээ нүүдэлчин соёлтой мал аж ахуй эрхэлдэг байсан бол он цаг, төр нийгмийн эрхээр газар тараилан эрхэлдэг, суурин соёлтой ард түмэн болжээ.
- Аялалынхаа төлөвлөгөө, маршрутыг яаж гаргадаг вэ?
Хамгийн анх замд гарахдаа эзэнт гүрний үеэс үлдэж хоцорсон Монголчууд маань хаана хэдүүлээ хэрхэн амьдардгийг мэдэх сониуч зангаар явж байлаа. Анхны аялалынхаа дараа бараг гурван сар тайван байж чадаагүй л дээ. Өөрийн нүдээр үзээд, уулзаад ирсэн болохоор ингээд орхино гэдэг түүхийн өмнө өртэй болох мэт санагдаж байсан. Тийм болохоор ажлаасаа гараад энэ л зам руу эргэлт буцалтгүй орсон доо. Ер нь зардал мөнгө хангалттай байдаг бол Монголын эзэнт гүрний бүхий л газар нутаг, монгол элэг нэгтэн, монгол соёлын дурсгалууд бүхий улс орнууд руу удаан хугацаагаар бүрэн багаар явах маш их хүсэлтэй байдаг. Өнөөдрийн хувьд ганц нэгээрээ богино хугацаагаар ажиллаж байгаа болон хангалттай олон кино, нэвтрүүлэг, ном зохиол гаргахгүй байгаагын ганц шалтгаан зардал мөнгөний асуудал. Дараагийн зардлаа олтолоо Монголдоо ажиллах хэрэгтэй болдог. Дунсианд очихдоо бид ирэх хавар очно гэж хэлчихээд хугацаандаа очихгүй бол 800 жилийн өмнө яг ингээд явчихсан ахиад л явлаа даа гэж боддог тухайгаа тэд ярьдаг. Тийм хүмүүсийг үлдээчихээд бид очихгүй байж болохгүй. Бид тархан суурьшсан монголчуудаа зорихдоо ихэнхидээ жилийн янз бүрийн улиралд, угсаатны өвөрмөц онцлог, зан заншил илэрдэг цаг үеэр очдог. Харин дурсгалуудын хувьд тухайн улс орон бүс нутаг руу нэвтрэх хориг тавиагүй үе зэргийг аль болох тааруулдаг.
-Аялалаа хаанаас хэрхэн санхүүжүүлдэг вэ?
Арван жил хагас сая километр замыг туулжээ. Энэ л олон жилийн аялал улс орон дамжсан урт холын зам гэхээр асар их хөрөнгө мөнгө орсон байгаа л даа. Энэ хугацаанд эдгээр аялалд зориулагдсан зардал мөнгөө хураасан бол хичнээн барилга байгууламжтай байх байсан бол гэж бодогдох үе бий. Туулсан зам үзсэн газрууд маань бидний өв хөрөнгө болон үлджээ. Би өөрөө зураач мэргэжилтэй. Арван жилийн өмнө зун нь зураг зураад олсон мөнгөөрөө өвөл нь аялдаг байлаа. Одоо нэг багавтар арьсан эдлэлийн урлантай. Тэндээ хийсэн бэлэг дурсгалынхаа зүйлийг худалдаж олсон ашгийг нь аялалдаа зориулдаг. Зүрхэнд гал байхад зууханд гал олдоно гэдэг билээ. Хангалттай санхүү байдаг бол олон гайхамшигийг олон нийтэд харуулах боломжууд байдаг. Дайны хөлтэй, исламын шүтлэгтэй, хаалттай улсад ажиллах хэцүү гэхдээ энэ бүх замын туршид хамгийн хэцүү бэрхшээл бол зардал мөнгөний асуудал билээ. Яг өнөөдрийн байдлаа Ирак явах зардлаа цуглуулж байна. Бодит байдал ийм л байна. Гэхдээ бид өрлөг түүх, өнийн ирээдүйн төлөө нэгдээд нэгэн дуугаар, нэгэн сэтгэлээр хөдлөхөд биднийг зогсоох хэн ч байхгүй.
-Та хамгийн сүүлд бичсэн номынхоо талаар сонирхуулаач?
Ертөнцийг байлдан дагуулагчийн замаар хагас сая километр аялсан “ЖАХАНГҮШЕЙН ЗАМААР” гэж аян замын тэмдэгэлийнхээ тэргүүн ботийг өнгөрсөн 9-р сард хэвлүүлсэн. Замын тэмдэглэлийн тэргүүн ботид бид яагаад энэ сэдвийг хөндөж энэ хэцүү хатуу замыг зорьсон, аялалд явахдаа юу юу бэлддэг, эзэнт гүрний газар нутгууд болох өнөөгийн улс орнуудад хэрхэн ажиллаж аялах талаар гардаг. Бидний замаар хэзээ нэгэн цагт хэн нэг нь дахин замнах бол дөхөм болох үүднээс энэ талаар илүү дэлгэрэнгүй оруулсан. Эзэнт гүрний газар нутгаар бүсчилсэн долоон бүлэгтэй, гэрэл зураг бүхий өнгөт хэвлэлээр гарсан. ЖАХАНГҮШЕЙН ЗАМААР номыг өмнөх үгийг төрийн соёрхолт, ардын уран зохиол Л.Түдэв гуай бичсэн. 2009 оноос хойш буюу сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 200 гаруй удаа сонин хэвлэлд ярилцлага өгчээ. Тэднийгээ нэгтгэж “ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГААР” хэмээх тархан суурьшсан монголчууд болон монгол түүх соёлын өв дурсгалуудын тухай ярилцлагын түүврээ мөн 9-р сард хэвлүүлсэн. Тус номонд үндэсний болон олон улсын сэтгүүлчидтэй хийсэн 23 ярилцлага орсон байгаа. Энэ номыг сэтгүүлзүйн бүтээл хэмээн үзэж Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид өмнөх үгийг бичсэн. Энэ хоёр номын өмнө МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэж гэрэл зургийн ном хэвлүүлж байсан. Дэлхийн Монголчууд Монгол соёлын дурсгалуудын тухай 500 гаруй гэрэл зургийг монгол бичиг, кирил үсэг, англи хэл дээр тайлбарласан энэ бүтээл маань 2011оны GRAND BOOK арга хэмжээний түүх нийгмийг шилдэг номоор шалгарч байсан.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
saruul 7th December 2013

amjilt ta tvvhiin umnu baatar shvv

bat-gal 8th April 2013

uneheer aguu...mash ih bayarlaj bna.Aguu ih deedsiinhee tuuheer bid baharhah estoi. ajild chini amjilt husie. ulam ihiig hiigeerei. IKH KHAANII MINI SUU ALDAR BIDNIIG IVEEH BOLTUGAI...hurai..hurai..hurai...

Р.Мөнхцэцэг 23rd December 2012

Монгол эх орон, Монголчуудынхаа төлөө хийж байгаа нөр их ажилд тань маш өндөр амжилт хүсье. Та нараараа маш их бахархаж байдаг. Монголчууд улам олуулаа болох цаг ойрхон байгаа шүү

Otgontsetseg 7th December 2012

Tani nur ikh ajild amjilt husii mongol tumen mini badran deedleh boltugai

badral 10th November 2012

Таний ажилд амжилт хүсье

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах