МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасХамтын ажиллагаа"Ц.САНЧИР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЗҮЙД ОРОН ЗАЙГАА БИЙ БОЛГОЖ ЧАДЛАА"
"Ц.САНЧИР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЗҮЙД ОРОН ЗАЙГАА БИЙ БОЛГОЖ ЧАДЛАА"
Friday, 6th September 2019
Соёл судлаач Ц.Санчирын ҮҮЦ ЗАДЛАХ ЦАГААР
номын өмнөх үг

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн
Ерөнхийлөгч Б.Галаарид

Буурал түүхийн нугачаан дунд дэлхийгээр нэг тарж, хэл соёл нь хүртэл ондоошсон ч “Би Чингэсийн монгол” гэх бахархал мах цусанд нь үлдсэн угсаа нэгт ахан дүүсийнхээ төлөө нэг л олдох амьдралаа зориулах болно хэмээн арван жилийн өмнө Ц.Санчир хэмээх бүсгүй хэлсэн бол бидний хэд нь итгэх байсан бол? Тархан суурьшсан монголчуудын аж амьдрал, ахуй байдлыг нүдээр үзэж, биеэр мэдэрч, тэр бүхнийгээ олонд хүргэх нүсэр их ажлыг тэрбээр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар хийсээр арван оныг элээв. Энэ хооронд тэрбээр би би хэмээн цээжээ дэлдсэнгүй. Өндөр ихсийн нэрийг барин өөрийгөө алдаршуулах гэсэнгүй. Өнгө мөнгөөр итгэл сэтгэлээ арилжаалсангүй. Монголын төлөө цохилох зүрхтэй нэгэн гэдгээ үйл ажлаараа чимээгүйхэн харуулж чадав. Зуун зууны тэртээд монгол эрсийн уухайн дуу агаар цалгиаж, монгол морьдын туурайн төвөргөөн газар доргиож асан дөч гаруй улс орны дийлэнхээр нь энэ богинохон хугацаанд хэдэнтээ аялж, үнэтэй сайхан мэдээллийн баялаг санг бүрдүүлж чадав. Хийсэн юмтай, туулсан замтай хүнд хэлэх үг, ярих түүх аяндаа бий болдог. Өнөөдөр тэр цаг нэгэнт иржээ.
Ц.Санчир өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээснээ тоон илэрхийлэлд шилжүүлж үзээд “Баримжаагаар тоймловол дээрх 10 жилийн 3 сарыг нь майханд, 5 сарыг нь галт тэргэнд, бараг 1 сарыг нисэх онгоцонд өнгөрөөв” гэсэн байна. Ээлжит аялалд бэлтгэх, санхүүгийн асуудлаа зохицуулах, цуглуулсан мэдээ материалаа эмхлэх, хүмүүстэй уулзах, аян замын тэмдэглэл бичих гээд хийсэн бүх ажлаа тоогоор илэрхийлнэ гэвэл мөн ч их юм гарах нь ээ. Амьдралын арван жил гэдэг хийж бүтээсэн юмгүй хүнд бол тарчиг дурсамжтай зурвасхан үе атлаа зорьсон зорилготой, зүтгэсэн тэмүүлэлтэй хүнд бол мөн ч ихийг бүтээдэг хугацаа юмсанж. Соёл судлаач Ц.Санчирын “Үүц задлах цагаар” нэртэй энэхүү номонд мялаалга үг өргөх болсондоо баяртай байна. Яагаад гэвэл энэ ном цэвэр сэтгүүлзүйн бүтээл юм. Монголын болоод гадаадын сэтгүүлчид Ц.Санчираас авсан ярилцлагаас энэ ном бүтжээ. Үүнд нь олзуурхах хэд хэдэн учир шалтгаан байна.
Нэгдүгээрт, Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр ийнхүү сэтгүүлзүйн дагнасан бүтээлийн тоог нэгээр нэмж байна. Хоёрдугаарт, багц сэдвээр сэтгүүлчид нэг л эх сурвалжаас мэдээлэл авахдаа хэрхэн бүтээлчээр хандав гэдгийг харьцуулах боломжийг энэ ном олгож байна. Өөрөөр хэлбэл энэ бол судлаач Ц.Санчир дотоод гадаадын олон сэтгүүлчтэй хамтран бүтээсэн ном юм. Гуравдугаарт, сэтгүүлзүйн бичлэгийн нэгэн гол төрөл зүйл болох ярилцлагын яг өнөөгийн хэлбэр, онцлогийг харуулж чадсан ном гэдэг утгаараа сэтгүүлзүй судлалд чухал хэрэглэгдэхүүн болж үлдэнэ. Дөрөвдүгээрт, энэ номонд зохиомол хийсвэр зүйл огт байхгүй бөгөөд 21-р зууны эхээр монгол туургатнууд хаана хэрхэн аж төрж буйг харуулсан баримтууд нь он цаг холдохын хэрээр улам бүр үнэд орох болно. Ерөөсөө сэтгүүлзүйн бүтээл, баримтын үнэ цэнэ гэдэг удах тусам улам чухал зүйл болж хувирдагт л оршдог. Энэ утгаараа “Үүц задлах цагаар” ном нь орчин цагийн сэтгүүлзүйн түүхийн нэгэн чухал хуудас юм. Ц.Санчир хэдийгээр сэтгүүлч биш боловч манай салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, Монголын сэтгүүлзүйд шинэ өнгө төрх нэмж байгаа нэгэн. Түүний өмнө нь хэвлүүлсэн “Монголын төлөөх зүрх бүхэнд” номыг гэрэл зургийн сэтгүүлзүйн бие даасан бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр тусмаа хилийн чанад дахь хүмүүсийн аж амьдралаар монгол хүн бүтээсэн гэрэл зургийн хамгийн том бүтээл ч байж мэднэ. Манай гэрэл зургийн сэтгүүлчдээс ийм хэмжээний ном гаргасан нь хэд билээ дээ.
Арван жил судалгааны ажлаар явахдаа ТАСАМынхан 75 мянга гаруй гэрэл зураг авч үүцэлжээ. Энэ бол асар их мэдээлэл, асар үнэтэй өв. “Жахангүшейн замаар” нэртэй аян замын тэмдэглэл нь мөн л сэтгүүлзүйн бүтээлд хамаарна. Энэ номыг бүтээхийн тулд туулсан замын урт, уулзсан хүмүүсийн тоог нь аваад үзвэл Монголын сэтгүүлзүйд бас нэг дээд амжилтыг Ц.Санчир яалтгүй тогтоожээ. Сэтгүүлзүйтэй холбогдох бас нэг шижим нь телевизийн баримтат цувралууд. Урьд өмнө нь тэр бүр сэтгүүлч дэлгэн харуулаагүй шинэлэг мэдээлэлтэй, давтагдсан ч үзүүлэх өнцөг нь тэс өөр эдгээр цуврал танин мэдэхүйн хийгээд бусад ач холбогдлоороо яалтгүй энэ цагийн телевизийн сэтгүүлзүйд жин дарах бүтээлүүдийн нэг.
Ийнхүү соёл судлаач Ц.Санчир удам судар нэгт монголчуудаа ертөнцийн өнцөг булан бүрээс эрж сураглаж, үзсэн дуулснаа түмэн олондоо тайлагнах зуураа Монголын сэтгүүлзүйд өөрийн гэсэн орон зайгаа бий болгож нэгэнт чаджээ. Монголын төлөө цохилох зүрх нь түүнийг ийнхүү манай салбар руу хөтлөн оруулсанд баяртай байна. Ц.Санчир хийгээд энэ цагийн сэтгүүлчид хамтран бүтээсэн “үүц”-ийг задлагтун. Номын цагаан буян ивээх болтугай.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
,,,, 11th September 2012

үнэхээр гое ном байна лээ. маш их уярсан. та бүхэнд амжилт хүсье

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах