ӨДРИЙН СОНИН 2011.12.14 №300 (4002)
Thursday, 13th December 2012Ярилцсан: Д.Оюунтуяа
-Цастын монголчууд гэдэг. Яг хаана амьдардаг юм бэ?
-Та хэр олон удаа очиж байв?
- Бараг арав гаруй удаа очсон юм байна.
-Тэд бөөнөөрөө суурин амьдардаг юм уу. Эсвэл энд тэнд хэсэг хэсгээрээ суудаг уу?
-Засаг захиргааны албан ёсны нэршилийг нь Сүбэйгийн монгол үндэстний өөртөө засах сум гэдэг. Арван мянга орчим хүнтэй сум. Тэдний дөрвөн мянга нь монголчууд. Монголчуудын ерэн хувь нь хошууд ястан. Арван хувь нь халх монголчууд. Түүхэн гарлын хувьд дээд монголчуудаас тасарсан хүмүүс. Монгол улсаас 400 орчим жилийн өмнө харин дээд монголчуудаас 100 орчим жилийн өмнө тасарч тэнд суурьшжээ. Дөрвөн мянган монгол гэхээр манайхан арай өөрөөр ойлгох байх л даа. Тэрбум гаруй хүнтэй улсад тийм цөөхүүлээ яаж монголоо хадгалж үлдэх вэ гэж. Бидний зорьж очиж, уулзаж, судалж байсан монгол угсаатнуудаас хамгийн цэвэр сайхан, цул монголоороо байгаа хүмүүс бол Цастын монголчууд. Тэнд монгол сургууль, цэцэрлэг, соёлын хороо, хэвлэлийн алба байдаг. Дөрөвхөн мянган хүн гээд бодохоор ийм зүйл эрхэлж байх нь хэцүү юм шиг. Гэтэл тэнд бүгд байна. Гансу муж бол Өвөр Монгол, Шинжааны Уйгурын өөртөө засах орон, Сичуань, Хөх нуур зэрэг мужуудтай хиллэдэг . Өвөр Монголын урдуур сунасан урт тогтоцтой газар нутагтай.
-Амьдардаг мужаар нь Гансугийн монголчууд гээд нэрлэжээ дээ…
-Тиймээ. Гэхдээ Гансугийн монгол гэхээр бас гурав дөрвөн хэсэг монголчууд бий. Цастын монгол, Шар Ёгар буюу Шарай голын монгол, Дунсиан монгол гээд. Гансугийн монголчууд 400 гаруй жилийн өмнө тэнд очсон бол бусад нь 800 гаруй жилийн өмнө очсон хүмүүс. Гансу гэдэг нь хуурай гашуун гэсэн хятад үг. Чингэс хаан Тангуд болон Алтан улсыг олон удаа дайлах үед олон цэрэг, адуу малаа барж байсан газар бол Гансугийн цөл. Монголын их цэрэг Гансу мужийн нутгийг хамгийн багадаа зургаан сар туулж байж одоогийн Хөхнуур болон Сичуань муж руу орж цаашлаад “Мөнхийн хавар” хэмээн нэрлэгддэг үржил шимт Юннань мужид хүрдэг байжээ. Гансугийн цөлийг үхлийн цөл ч гэж түүхэнд олонтаа тэмдэглэсэн байдаг.
-Хошууд монголчууд нэлээн онцлог ард түмэн. Хөх нуур, Шинжаан уйгурын монголчуудаас зан заншлаараа нэлээн өөр. Тэд бол гэгээн Гүүш хааны үр хойчис. Халхуудыг нь болохоор Цогт тайжийн хойчис гэдэг шүү дээ. Хошуудууд бол монгол угсаатны онцлог, хувцас зүүсгэл, хэл яриа, дуу хуураа гайхалтай залгамжилж үлдсэн ард түмэн. Хошууд эмэгтэйн бүрэн зүүсгэл ойролцоогоор 20 гаруй кг болдог. Цайллаг, идээ шүүс, хувцас зүүсгэл гээд бүх уламжлалт заншил нь монголоороо хадгалдагдаж үлдсэн. Асар онцлогтой угсаатан.
-Бидний харсанаар тэдний мянга орчим нь сургууль, цэцэрлэг, радио, захиргаа гэх мэт албан ажил эрхэлнэ. Зарим хэсэг нь мал маллана. Нүүдлийн аж ахуй эрхэлдэг гэсэн үг. Дундаж амжиргаатай айл 500 гаруй малтай. Монголын нэг малчин айлд очсон шиг л санагддаг юм. Сумын төв дээрээ амьдардаг айлууд нь бүгд орон сууцанд амьдардаг. Сүбэйд очоод орон сууцанд амьдардаг айлд орох юм бол үүднээсээ эхлээд монгол хээгээр чимсэн байдаг. Таазаа тойруулаад хас, түмэн насан хээгээр чимэнглэж, ханандаа монголын янз бүрийн бэлгэдлийг зурсан байдаг. Айл бүр морин хууртай. Зочин орж ирэхэд заавал идээ цагаа барьж, шөмөр дээжлэж, шүүс тавьдаг. Ерөөл айлддаг. Залуу гэр бүлд ороход ч мөн адил. Тэнд амьдардаг зуун мянга биш, дөрвөн сая биш, дөрвөн мянгахан монголын тухай ярьж байгаа шүү дээ. Тэд Монголоо хадгалж үлдэхийн тулд, их үндэстний дунд тэр хол цөлөгдсөн газарт ингэж амьдарч байна. Дэлхийн аль ч улс оронд аж төрж байгаа монголчуудаас ялгагдах зүйл тэдэнд бий. Цастын монголчуудын аж төрж байгаа суурин бол ялангуяа хятадад харж байгаагүй цэвэрхэн газар. Хог шороо, нурсан балгас бүү хэл халтар бохир барилга тэнд байдаггүй юм билээ. Дөрвөн мянган монголчууд тэнд бас асрамжийн газар байгуулсан байсан. Би тэнд нь очиж байсан юм.
-Улсаас нь байгуулж өгсөн газар уу?
-Цастын монголчууд өөрсдөө байгуулсан газар. Чингэсийн угсаа, Их монголын үр сад хэзээ ч гуйлга гуйж болохгүй гэсэн том үзэл тэдэнд нэвт шингэсэн байдаг. Тиймдээ ч өөрсдөө асрамжийн газар байгуулсан. Хятадад нэг айл нэг л хүүхэдтэй байх хуультай, үндэстний цөөнхи нь харин хоёр хүүхэд төрүүлж болдог. Хүүхэд нь түрүүлээд нас барсан тохиолдолд ганцаараа үлдэнэ. Түүнийг ард түмэн л авч явдаг. Ингэж байж тэр дөрвөн мянгуулхнаа хэрнээ цэвэр монголоороо, угсаатны онцлогоо бүрэн бүтэн тээж яваа нь бахархалтай.
-Тэд өөрсдийгөө монголчууд л гэх үү?
-Тэгэлгүй яахав. Цастын монголчууд гэнэ. Хэрэв тэднийг Өвөр Монгол гэвэл их гайхна. Яагаад гэвэл тэд дөрвөн зуун жил зовлон зүдгүүрийг туулж, цаст уулын хормойд аж төрж ирсэнээрээ Цастын монгол гээд нэршсэн хүмүүс. Тэднийг өвөр монгол гэдэг ч юм уу өөрөөр нэрлэвэл, энэ хязгаар нутагт монгол гэдэг нэрээ авч үлдэх гэж дөрвөн зуун жил зүтгэж байгаа зовлон зүдгүүрийг нь үгүйсгэж байгаа хэрэг болно.
-Тэд дажгүй амьдарч байна уу. Эдийн засгийн байдал нь…
-Сайхан амьдарч байна. Боловсрол маш өндөр. Хүүхдүүдээ заавал их, дээд сургуульд сургадаг. Ланжоу, Хөх хот, Бээжингийн их сургуульд сургаж, мастер докторын зэрэг хамгаалдаг. Манайд бол том их, дээд сургуульд сурахаар тэр чигтээ эрдмийн хүн болдог. Тэгвэл Цастын монголчууд хүүхдүүдээ заавал их, дээд сургууль төгсгөнө. Төгссөнийх нь дараа заавал мал дээр дор хаяж таван жил байлгадаг. Тэгэхгүй бол дөрөвхөн мянгуулаа үлдсэн тэдний малыг хэн маллах вэ. Тэд боловсрол өндөр байхын хэрээр амьжиргаа нь эрс дээшилдэг. Хятадад алслагдах тусмаа юмны үнэ нь хямдардаг, цалин нь нэмэгддэг бодлоготой. Цастын монголчууд дунджаар нэг сая орчим төгрөгийн цалинтай. Дээр нь айл бүр дунджаар 500 орчим малтай гэхээр амьдрал нь боломжийн байгаа биз дээ. Бүгдийнх нь амьдрал тэгширсэн, сайхан амьдарч байгаа хүмүүс.
-Та хэзээ анх тэнд очсон юм бэ?
-Анх 2008 онд очсон санагдаж байна. Тэр үед Цастын монголчуудыг зорьж ирж байсан хүмүүс та нараас өөр байхгүй гэж тэд хэлж байсан. Түүнээс хойш бид олон удаа ирж очсон, ирээд тэдний тухай мэдээллийг гэрэл зургийн үзэсгэлэнгээр, номоор, телевизийн нэвтрүүлгээр гаргасан.
-Тэд ер нь Монгол Улсын талаар хэр мэдээлэлтэй суудаг хүмүүс вэ?
-Харьцангүй өндөр мэдээлэлтэй байдаг юм билээ. Яагаад гэхээр тэд өндөр боловсролтой учраас. Би нэг удаа ичмээр байдалд орж байсан. Бид Шинжаан Уйгурт хоёр сар гаруй ажиллаад тэндээсээ Цастын монголд очсон юм. Настануудтай хууч хөөрөөд сууж байтал гэнэт нэг нь “Өнөөдөр Монголын шинэ Ерөнхий сайд томилогдсон” гэлээ. Тэр үед Уйгаруудын бослого гараад шинжаан даяар бүх харилцаа холбоог хязгаарласан байсан болохоор бид нутгаасаа ямар ч мэдээлэлгүй Цастын монголд очоод байсан юм. Тэгэхэд тийм хязгаар нутагт байгаа хүмүүс Монголд Ерөнхий сайд нь солигдсон гэдгийг хэлж байсан шүү. Монголд юу болж байгаа талаар асар их мэдээлэлтэй байдаг юм билээ.
-Тэдэн дунд Монгол ирж үзсэн хүн байдаг юм болов уу?
-Монголд ирээд Их сургуульд мастер хамгаалаад дээд монгол залуутай гэрлэсэн нэг эмэгтэйтэй уулзаж байсан. Монголд гурав дөрвөн хүн амьдарч байснаас одоо хоёр нь л үлдсэн гэсэн. Тэр хүмүүсийнхээ араас маш их анхаарал тавьдаг. Ер нь монголчуудын талаар их анхаарч анзаарч суудаг юм билээ. Сүүлд очиход дуучин Сэрчмааг ярьж байна лээ. “Өвөр Монголын Баярт гээд наймааны хүнтэй суусан нь дэмий юм болсон. Бид анхаарал тавиад л байгаа шүү” гэж байсан. Тэд ураг төрөлтэй холбоотой асуудалд асар их анхаарал тавьдаг юм билээ.
-Тэд цөөхүүлээ. Гэр бүл болохдоо хоорондоо суух уу?
-Тэд хоорондоо гэрлээд байдаггүй юм билээ. Заавал дээд монгол ч юм уу, Шинжааны монголоос бэр авдаг. Холын монголчуудтайгаа гэрлэдэг.
-Цастын монголчуудын үг яриа хэр цэвэр юм бэ. Өвөрлөгч аялга бий юу?
-Тэдний яриа хэллэг нь цэвэрхэн. Тэдний нэгээхэн хэсгийг халх ястан бүрдүүлдгээрээ бусдаас онцлог л доо. Тиймээс халх аялга давамгайлдаг. Түүх, угсаа залгамжлал, хаан удмаа тэд маш тодорхойгоор бичээд үлдээсэн байна. Түүнийгээ хүүхдүүддээ маш сайн зааж өгдөг, угсаа гарлаа уламжлуулах тал дээрээ их анхаардаг хүмүүс. Арван жилийн сургууль, цэцэрлэгт нь хүүхдүүд ихэвчлэн монгол хувцастайгаа явдаг юм байна лээ.
-Та нарыг очихоор яаж угтаж авдаг вэ. Найр наадамд нь сууж үзэв үү?
-Анх тэдний тухай нэлээн судалж байгаад 2008 онд очсон. Бид анх таньдаг оюутан хүүхдүүдээрээ дамжуулан тэнд очсон. Гэтэл тэд сумынхаа дарга нарт Монголоос хүн ирэх гэж байгаа тухай дуулгасан байсан. Бид таньдаг дүүгийндээ очно л гэж бодоод явсан чинь тэндхийн айл бүр урьж билээ. Биднийг бүгдээрээ тосоод тусгай машин бэлдсэн байсан. Нэг айлд гурван цаг болоод дараагийн айлд нь орох гэх мэтээр бүр хуваарь гаргасан байлаа. Нэг айлд очиход дараагийн урьсан айл нь үүдэнд нь хүлээгээд сууж байх жишээтэй. Айл бүрт очих боломжгүй шүү дээ, гэхдээ очихгүй болохоор гомдоно. Монгол улсаас ирсэн хүн гэхээр л тэд тэгж хөл болж байгаа хэрэг. Анх тэр нутагт бид шөнийн хоёр цагт очсон юм. Айлууд амарч байгаа байх гэж бодсон чинь бүгд идээ цагаагаа бэлдээд хүлээж байсан. Шөнө орой болсон гэлгүй үүх түүхээ яриад, дуулж хуурдаж байлаа. Биднийг зураг авна гэтэл монгол хувцастай ах эгч хоёр хувцсаа солиж өмсөнө гэсэн. Бид “Монгол хувцас чинь сайхан харагдаж байна, солиод хэрэггүй” гэхэд “Энэ бидний олон зуун жил хадгалж ирсэн хувцас биш” гээд хувцасаа сольсон. Эхнэр нөхөр хоёр нэг нэг том цонхтэй, тэрэндээ тус тусынхаа хувцасыг хадгалсан байсан. Тэрийг хараад үнэхээр дотор огшиж байсан. Монголоос ийм алс, дөрөвхөн мянгуулаа, тэдний тухай бид төдийлөн мэдэхгүй шахам тийм байхад өдөр болгон үүх түүх болон монгол угсаагаа ярьж дээдэлж байна. Хэдэн зуун жил зовлон зүдгүүрийг туулахдаа үндэс угсаа, соёл уламжлалаа тээгээд ирсэн байна гэдэг бахархал.
-Тэдэнд уламжилж авч үлдсэн эд хэрэглэл олон байх юм уу?
-Цастын монголчуудын хамгийн богинохон хадгалж байгаа эд хэрэгсэл гэвэл мөнгөн аяганууд байна. Доод тал нь 100 жил хадгалж байна гэдэг. Захын аягыг аваад “Энэ аяга хэдэн настай вэ” гэхэд “Наадах чинь шалихгүй ээ. 250 жилийн настай. Наадах чинь одоо долоо дахь үе дээрээ явж байгаа эд” гэх жишээтэй. Хэт, бэл, гаанс, эмэгтэй хүний үсний зүүсгэл гоёл гээд хамгийн багадаа л 100 жилийн настай. Зуун жилийн настай эд хэрэгслээ нэг их авч хэлэлцэхгүй. Би энд дөрвөн мянга гэдэг тоог яримаар байна. Тусгаар Монголынхоо гурван сая хүний тухай биш, таван саяулаа гэгддэг Өвөр Монголын тухай яриагүй. Цастын монголчуудтай уулзаад “бидний оршиж байгаа нутаг маань ондоо ч омогшиж байгаа сэтгэл маань хамт л юм даа” гэж бодогдож явлаа. Тэндхийн айл бүр уг удмаа бичсэн монгол бичигтэй. Бид Цастын монголчуудаас суралцмаар санагдсан. Тэгж байж угсаа залгамжлал, Их монголоо авч үлдэнэ.
-Найран дээр манайд дуулагддаг ардын дуунаас дуулж байх юм уу?
-Монгол зохиолын дууг маш сайн мэддэг юм билээ Адарсүрэн, Цэрэнчимэд, Сосорбарам гээд л . Монголын соёл ч тэнд ихээр түгж байна даа. Монголд ирээд буцаж байгаа ганц нэг хүн нь авч явах бүх боломжийнхоо хэмжээгээр дуу, CD, мөнгөн аяга, монгол гутал гээд бүгдийг нь тэнд аваачсан байна. Хурд хамтлаг, дуучин Ариунаа, Сэрчмаа, Болдын CD тэнд монгол мөнгөөр тооцвол 45 мянган төгрөгөөр зарагдаж байна лээ. Бас их ховор гэсэн. Тэд монголчуудын тухай маш их мэдээлэлтэй ч харилцаа байхгүй. Манайхан ч сайн мэдэхгүй. Энэ ярилцлага уншигчдад маань тодорхой мэдээлэл хүргэнэ байх аа. Тэд бидэнд “Эзэн хааны дэргэд” гээд уртын дуу дуулж өгдөг. Тэнд хүн бүр уртын дуу дуулж, морин хуураа татдаг. Дөрвөн зуун жилийн өмнө халхын Цогт тайж Монголоос Хөх нуурыг зорьж, Ойрдын Гүүш хаан шарын шашны төлөө, Цогт тайж улааны шашныг өмгөөлж Түвдийн өндөрлөгт нэг үндэстэн хоёр зорилгын төлөө тэмцэлдсэн. Эмгэнэлтэй түүх. Манай “Цогт тайж” кинонд түүхэн үйл явдлаас агуулга нь арай өөр гардаг л даа. Тэнд очвол та Цогт тайжийн тухай дээрхи кинонд гардгаас нэлээн өөр түүх сонсоно. Одоо бол Түвдийн өндөрлөг Гансугийн цөлд Цогт тайжийн удам, Гүүш хааны хойчис маш эв нэгдэлтэй аж төрдөг. 1950-иад оны үе буюу Хятадын Соёлын хувьсгалын үеэс өмнө муж нутгуудыг хооронд нь хуваасан. Тэгэхэд Хөх нуур мужаас Гансу мужийг таслахдаа Цастын монголчуудыг гурван мянга орчим хүнтэйгээр тасалсан юм билээ. Тэднийг хүндэтгэж нэрлэдгээр нь Цастын монгол, газар зүйн байрлалаа нь нь Гансугийн монгол, өөрсдөө бол Сүбэй монгол гэдэг. Асар өндөр боловсролтой, цул, цэврээрээ байгаа монголчууд бол Цастад л байна даа.
Ярилцсан Д.Оюунтуяа