Нүүр хуудасХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД |
ХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД
Wednesday, 8th August 2012Эзэнт гүрний байлдан дагууллын үеэс их хаадын зарлигаар хязгаар нутгаа хамгаалан үлдсэн Монголчуудын маань үр хойчис эдүгээ хорь гаруй оронд аж төрж, агуу түүхийн баримт болсон хосгүй соёлын дурсгалууд мөнөөх газар нутагт хадгалагдсаар найман зууныг өртөөлжээ. Эдгээр улс орнуудын ихэнхи нь дэлхий дахинд хаалттай нийгэм хэмээн нэрлэгддэг дотоодын мөргөлдөөн, исламын шүтлэг, коммунист дэглэмтэй улсууд бөгөөд Монголын судлалын олон чухал судлагдахуун, баримт бахархлууд Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд хараахан дэлгэгдээгүй байсаар байна.

Эдгээр сэдвүүдийг дэлхийн монголчуудын ариун голомт болсон ардчилсан, эрх чөлөөт монгол улсын эрдэмтэн судлаачид өөрсдийн мэдлэг мэргэжил, зүрх сэтгэлээрээ судлан сурталчилах үүрэгтэй билээ. Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын хувьд ч чухам энэ л үүргийг эрхэмлэн, эх түүхийнхээ бахдам үнэнийг судлан шинжлэж, баримтат мэдээллүүдийг олон нийтэд хүргэх зорилготой ажиллаж ирлээ. Бид сүүлийн арван жилийн турш гурван зуу гаруй мянган километр замыг туулж тархан суурьшсан монголчуудтайгаа уулзан золгож, монгол дурсгалуудын тухай хээрийн шинжилгээ зураг авалтын ажлыг өөрсдийн боломж, хүч хөдөлмөрөөр хийж байна. Манай судалгаа зураг авалт хаалттай нийгэм, дотоодын мөргөлдөөн, исламын шүтлэгтэй улс орнууд руу чиглэгддэг нь эдгээр газар нутагт оршин сууж байгаа элэг нэгтнүүдийнхээ уламжлан сахисан угсаатны онцлогийг төдийгүй эзэнт гүрнээс улбаатай түүх соёлын баримтуудыг судлан шинжлэж, олон нийтийн хүртээл болгох зорилготой юм. Бид дээр дурдсан арван жилийн хугацаанд ойрхи дорнод, төв ази, дундад азид суурьшиж үлдсэн монголчууд болон монголын түүхтэй холбоотой улс үндэстэн, хот суурин, хөшөө дурсгалуудын тухай 15 анги Баримтат кино, Гэрэл зургийн Үзэсгэлэн, монгол бичиг- кирил үсэг-англи тайлбар бүхий Гэрэл зургийн Ном, Монгол судлалын сэтгүүл зэргийг өөрсдийн боломжоо шавхан бүтээж, нийтийн хүртээл болгоод байна. Манай бүтээлүүдийг хүлээн авч байгаа үзэгч, уншигчдын хандлага, эрдэмтэн судлаачид болон олон нийтээс бидэнд ирүүлдэг санал, хүсэлт, хүлээлт зэрэг нь цаашид хаан цадигийн тухай олон шинэ сэдвийг дэлгэсэн мэргэжлийн бүтээлүүд хийх ирмүүн хүсэл урам зоригийг өгдөг билээ. Бид эдүгээ ХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД монгол судлалын төслийг санаачлан урьдчилсан зураг авалтын шатандаа ажиллаж байна.
