МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
ӨМНӨХ ҮГ
Friday, 30th March 2018

Том сэдвийн хойноос баг судлаач бид Эзэнт гүрний газар нутгийг хэдэнтээ туулахдаа есөн жилийг зарцуулжээ. Энэ хугацаанд 30гаруй удаагийн судалгааны ажлаар хамгийн багадаа 5300км замыг туулсан бол хамгийн урт аялал маань 33.700км үргэлжилсэн байдаг.
Даяарчлалаас тусгаарлагдсан улс орнуудыг зорин дутуу гачуу, хатуу хэцүү, хаалттай хоригтойг туулахдаа Монголчуудын бахдал бадралын баримтыг нүдээр үзэж, гараар барьж, зүрхээрээ мэдэрсэн минь энэ л он жилүүдээс хожсон цорын ганц баялаг билээ.
Тэр бүр чөлөөтэй зогсоод санасандаа хүрсэн сайхан зураг авах боломжгүй улс орон, нөхцөл байдал дунд авсан зургууд маань уран сайхны гэхээсээ илүү утга агуулгын учир холбогдол нь зонхилно.
Монголчуудын хаанчилалд зуун жил захирагдаж байсан Иран улсад хөл тавихын тулд бид цаг мөнгө хоёрт баригдан гурван жил зүтгэсэн юм. Талдаа арван таван мянган км замыг туулан байж хүсэн хүлээсэн, хэдэнтээ зүүдэлсэн Өлзийт хааны ордоныг зорин иртэл энд зураг авах хориотой байлаа. 
Цаг төрийн үймээн болон шашны ёслолын улмаас Перс орон гадныханд хориг тавьсан нь энэ байв. “Бид Монгол Улсаас ирсэн, энэ манай хааны ордон” хэмээн учирлан гуйсны дүнд хагас цагийн зөвшөөрөл авсандаа ихэд олзуурхан ажилдаа орж билээ. Гурван жил хүлээгээд гучхан минут зураг авна гэдэг харамсалтай ч хугацаагаар бус сэтгэлээрээ авсан зургуудаа номын дэд бүлэгт орууллаа.
Найман зууны тэртээд их хаадын зарлигаар эзэлсэн нутгаа сахин хүчирхэг гүрнээсээ тасарч үлдсэн морьтон баатруудын нэгээхэн үргэлжлэл Дунсиан, Хазара, Цагаан Монголчууд билээ. Эдүгээ тэд оршин байгаа улс орныхоо төр нийгмийн эрхэнд суурин соёл руу шилжихийн хэрээр ирэл гарал нь бүдгэрч, угсаатны онцлог, нүүдэлчин соёл нь алдагдаж байгаа ч Монгол нутгаас зорин очих элэг нэгтнүүдээ угтан золгож, зочлон хүндлэх нь хэвээрээ гэдэгийг номынхоо тухайлсан бүлгүүдээрээ харуулахыг хичээлээ.
Орших нутаг ондоо ч омогших сэтгэл хамтдаа байх Цастын Монголчууд, Дээд Монголчууд, Шинжааны Монголчууд үлгэр туульс, түүх намтар, идээ цагаа, шүүс зоог, хувцас зүүсгэл, ёс заншил, ерөөл магтаал, ихэл хуур, сайвардан бүжиг, товшуур хөгжим, тод үсгээ хадгалсаар зуун зууныг ардаа орхисон баатарлаг ард түмнүүд болохыг ч энэ л номын хуудаснаа дэлгэн харуулахыг зорьсон юм.
Монгол Хаадын зоосоо дэлдүүлсэн алдарт хотуудад очиж
Монгол Хүний ухаан шингэсэн гайхамшигт дурсгалуудыг үзэж
Монгол Цэргүүдийн уухай хоногшсон хэрэм туурийг эргэж
Монгол Морьдын туурай тамгалсан газар орнуудаар бууж мордохдоо
судлаж сурвалжилсан, баримтжуулж буулгасан гэрэл зургуудаасаа Монголын төлөө цохилох зүрхтэй эрхэм танаа дээжлэн толилуулж байна.
Ц.Санчир
ТАРХАН СУУРЬШСАН МОНГОЛЧУУД
Байгууллагын Захирал, Соёл судлаач


СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
монгол 10th June 2011

Эмээлээ аваад тохохын зуур сэхэл авдаг ард түмэн

zolbayar 8th April 2011

sain baitsgaana uu bi tanai sited anh udaa orj bna setgel ih hodolloo ene nomiig yaj hudaldaj abah be

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах