МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
МЯЛААЛГЫН ҮГ
Friday, 2nd March 2018

Монгол Улсын
Шинжлэх Ухааны Академийн
Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин

МЯЛААЛГЫН ҮГ
        Буурал түүхийн нэгэн үед ертөнцөд тодрон гийсэн их эзэн богд Чингис хаан, түүний үр сад нарын байгуулсан Улс, Гүрнүүд, Монгол хаадын дэлхийн түүхэнд оруулсан нийгэм, соёл иргэншлийн нээлт, шинэчлэл болон зуун зууны тэртээд их Монгол Улсынхаа хязгаар нутгийг сахин үлдсэн Монголчуудын өнөөдрийн дүр төрх, уламжлан үлдсэн угсаатны онцлог, ахуй байдал, зан заншлыг баримтаар дэлгэн харуулсан бүтээлийг эрхэм уншигч та тольдон харж байна.
        Тархан суурьшсан Монголчууд байгууллагын залуус 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД гэсэн сэтгэл татсан нэртэй, зүрх омогшуулсан Гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь үзэгч олны болоод хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татсан билээ. Тэгвэл өнөөдөр уншигч таны гар дээр энэхүү үзэсгэлийн үргэлжлэл болж МОНГОЛЫН ТӨЛӨӨХ ЗҮРХ БҮХЭНД Гэрэл зургийн Ном очиж байгаад туйлын баяртай байна.
        Тус байгууллагын Захирал, Соёл судлаач Ц.Санчир, Б.Цэрэн нарын 2002 оноос хойш хийсэн судалгааны аяллуудаараа авсан гуч гаруй мянган зурагнаасаа дээжлэн оруулсан энэхүү Гэрэл зургийн Ном нь Монголын түүх судлалд шинэ баримтуудыг нэмсэн гэрэл зураг, мэдээ мэдээллээр арвин, залуу үеийнхэнд улс үндэстнийхээ түүхээр бахархах олон сэжмүүдийг гаргасан дорвитой бүтээл болжээ.
        Хэн хүний зүрх зориг хүрэмгүй хаалттай нийгэм, дотоодын мөргөлдөөн, дайн байлдаантай улс орнуудыг зорьж эрдэмтэн судлаачдын төдийгүй эгэл жирийн уншигчын сонирхолыг өөрийн эрхгүй татах шинэ соргог, баримт мэдээллийг цуглуулан эх түүхийнхээ үнэ цэнийг илэрхийлсэн олон сайхан гэрэл зургуудыг буулгажээ.
        Түүхийн нугачаанд дэлхий даяар тархан суурьшсан Монголчуудын түүхэн ирэл гарал, өнөөгийн дүр төрхийг харуулж, бодит мэдээллийг агуулсан хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацаа, мэдлэг чадвар шингэсэн бүтээлүүд болсон нь тодорхой харагдаж байна.
        Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагууллын явцад Монголын хаад эзлэн нэгтгэсэн улс орныхоо төр нийгэмд төдийгүй хот байгуулалт, уран барилга, урлаг соёлд оруулсан бүтээн байгуулалтын гэгээлэг, биет соёлын ул мөрийг Монгол хүний нүдээр харж, гэрэл зургийн хальсанд буулгаж, тайлбарлан танилцуулсныг бахдан үзэж байна.
       Монголын түүх соёлын бахархалтай үнэн, тархан суурьшсан Монголчуудынхаа ирэл гарлын түүх, хэл, бичиг, зан заншил уламжлалыг олон нийтэд таниулах зорилго тавьж, нүүдлийн соёлын өвийг орчин үеийн медиа аргаар дэлхий нийтэд дэлгэн харуулсан Соёл Судлаач Ц.Санчир, Орчуулагч Судлаач Б.Цэрэн нарынхаа шинэ бүтээлийг урмаар тэтгэн мялааж байна.

Монголчуудын аугаа их түүх,соёл үнэт хэлхээ тасрашгүй үргэлжлэх болтугай.

СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах