МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасИРАН ДАХЬ МОНГОЛЫН ДУРСГАЛУУД
ИРАН ДАХЬ МОНГОЛЫН ДУРСГАЛУУД
Friday, 26th October 2012
ӨДРИЙН СОНИН 2010.10.26 №257 (3647)
TASAM толилуулж байна
ИРАН ДАХЬ МОНГОЛЫН ДУРСГАЛУУД
754 жилийн тэртээгээс Монголын эзэнт гүрний баруун хязгаар нутаг хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдэж эхэлсэн “Ил хант” улс буюу өнөөгийн “Исламын бүгд найрамдах Иран” улсын тухай, Иран дахь Монголын түүхтэй холбоотой хөшөө дурсгал, хот суурин, дурсгалт газруудын тухай толилуулж байна.

ӨНӨӨГИЙН ИРАН
Исламын бүгд найрамдах Иран Улс. 1сая 648мянга 195хавтгай дөрвөлжин газар нутагт 70гаруй сая хүн оршин сууна. Перс, Азар, Курт, Араб, Лор, Туркмен, Балуч гэсэн үндэстнүүдтэй. Албан ёсны хэл нь Перс хэл. Иран улс нь Армен, Азербайжан, Туркменистан, Афганистан, Пакистан, Турк, Ирак улсуудтай хил залгадаг. Хүн амын 98.8% нь исламын шашин шүтдэг. Ираны Төрийн Далбаан дээр “аллах” гэсэн үгийг араб бичгээр гоёмсог хээ мэт дүрсэлснээс эхлээд энэ улс “Исламын орон” гэдгээ итгэл бишрэлдээ төдийгүй хүмүүсийн хувцас хэрэгсэл, хоол хүнс, байшин барилгын хийц маяг, эгэл жирийн ахуй байдалдаа нэвт шингээж илэрхийлдэг ажээ. 20-иод жилийн өмнөөс өрнийхөнд хориг тавьж тэдний соёлыг сөрөн зогсож байгаа хаалттай нийгэм бөгөөд даяарчлагдаж байгаа дэлхий ертөнц дээр дангааршин үлдэж буй цөөхөн улсын нэг билээ.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН ИЛ ХАНТ УЛС БА АНХНЫ ИЛ ХАН ХҮЛЭГҮ
Мөнх хаан дүү Хүлэгүг эзэнт гүрний нийслэл Хархориноос тухайн үеийн Перс буюу өнөөгийн Иран руу илгээж Чингис хааны үндэслэсэн их улсын баруун хязгаарыг төвшитгөн засах улмаар хил хязгаараа цааш өргөтгөн тэлэх даалгавар өгсөн нь тэртээхи 1256 оны үйл явдал байлаа. Түүнээс хойш зуу орчим жилийн түүхтэй “Монголын үе” хэмээн Ираны түүхэнд нэрлэгдэж алтан ургийнхан Перс нутагт төр барьсан нь бахархалт түүхийн баримтат үнэн билээ. Дээрхи хугацаанд бидний өвөг дээдэс болох нүүдэлчин Монголчуудын мэргэн ухаан Ираны төр нийгэм, түүх, соёл, шинжлэх ухаанд олон ул мөрөө үлдээсэн байдаг.
Чингис хааны бага хүү Тулуйн гуравдугаар хөвгүүн Хүлэгү ийнхүү өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армен, Афганистан, Турк, Туркменистан, Пакистан, Гүржийн нутаг дэвсгэр дээр “Ил хант” улсыг үндэслан байгуулжээ. Сурвалж бичгүүдэд “Хүлэгү Ил хаан”-ыг Хулагу, Хүлэгү, Хүлэг, Хөлөг зэргээр нэрлэсэн байдаг. Хүлэгү Персийн нутаг дэвсгэрийг нэгтгэн өөрийн захиргаандаа оруулсан явдлыг Хубилай хаан ихэд үнэлж “Ил хан” цол олгосоноор түүхэнд “Ил хант улс”,  үндэслэн байгуулагчийн нэрээр “Хүлэгүгийн улс”, “Иран дахь Монголын Хант Улс” зэргээр нэрийдэх болжээ. Тухайн үеийн Ил хант улсын нутаг дэвсгэр  дээр дурдсан улс орнуудаас гадна  Каспийн тэнгис буюу Хазарын тэнгис, Арабын тэнгис, Хар тэнгис, Газрын дундад тэнгис болон Тигр, Евфрат мөрөнтэй хиллэдэг тийм л өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан байлаа.

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ СОЁЛЫН ӨВ ӨЛЗИЙТ ХААНЫ ОРДОН


Хүлэгү хааны ач Аргун хаан тухайн үеийн Перс орны баруун хойд нутагт шинэ хот байгуулахыг зарлигджээ. Тэрээр шинэ хотын төвд гоёмсог ордон байгуулахаар төлөвлөснийг сурвалжууд өгүүлдэг. Уг бүтээн байгуулалтын ажлыг түүний хөвгүүд болох Газан хаан үргэлжлүүлж Өлзийт хааны үед барьж дууссан бөгөөд мөнөөх гоёмсог ордон өнөөгийн Ираны Занжонь мужийн Султание хотод байдаг. 1302-1312 онд баригдсан  энэхүү байгууламж эдүгээ Иранд төдийгүй дэлхийд гайхагддаг уран барилгын алдарт дурсгал билээ.
Шинэхэн орс
он цасан дунд аниргүй сүндэрлэх энэхүү ордон биднийг  “Тоосгоор баригдсан, бөмбөгөр оройтой дэлхийн хамгийн том байгууламж-Өлзийт хааны бунхан” хэмээх тайлбараар угтсан юм.
“Өлзийт хааны бунхан” 53м өндөр. Бөмбөгөр оройн тойрог 25.5м. 3давхар энэхүү байгууламж 8талт ханатай бөгөөд эдгээр хананууд “4их 4бага талаас бүрддэг”.  8талт байгууламж дээр барьсан бөмбөгөр орой нь 200тн жинтэй бөгөөд талбайн хэмжээ 50м.кв ажээ. Энэ сүрлэг байгууламж гэр хэлбэрийн бөмбөгөр орой бүхий дээвэртэй, нуман хэлбэрийн хаалга цонхтой ажээ. Давхар бүрийн төдийгүй тал бүрийн хаалга цонх өөр өөрийн гэсэн өвөрмөц хээ чимэглэлтэй байлаа. Монгол үндэсний хээн чимэглэлүүд болох алхан хээ, хас хээ, өлзий хээ, эвэр угалз хээ, хөөцөлдүүр хээ, болон булан хээ зэргийг дундад азийн донж маягтай нийцүүлэн чимэглэсэн нь тун ч донжтой харагдана. Барилгын дотор болон гадна хана цэнхэр өнгийн чулуун шигтгэмэлтэй. Нэгдүгээр давхар нь голдоо дугуй танхимтай. Энэ давхарын хананд дээд давхарууд руу гарах шат байх ажээ. Хоёрдугаар давхарын ханыг тойрсон нарийн гудамтай, давхарын голын хэсэг нь хөндий бөгөөд  эндээс ордоны дотоод зохиомжийг бүхэлд нь харах боломжтой ажээ. Гуравдугаар давхар нь гадна талдаа тагттай. Энэ давхарын тал тус бүр нуман хэлбэрийн нэг том, хоёр жижиг цонхтой байлаа.
“Өлзийт хааны бунхан” Ираны хамгийн эртний бөмбөгөр оройтой давхар зохиомжтой барилгад тооцогддог. Судлаачид энэхүү баргилын өвөрмөц зохиомж, туурганы гоёмсог хээ чимэглэлийг алдарт “Таж махал”-тай дүйцэхүйц бүтээл гэж үздэг байна. “Өлзийт хааны бунхан” гайхамшигт тоосгон байгууламж болон уран зураг, гоёмсог хээ, шигтгэмэлийн чимэглэлээрээ Перс дэхь уран барилгын хөгжлийн чухал түлхүүр болсон хосгүй бүтээл хэмээгдэн 2005 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна. 
Эдүгээ Иранчууд энэ газрыг “Султание” хэмээн нэрлэдэг. Өлзийт хааныг Персээр “Өлзийт султан” гэх бөгөөд хожим монголчуудын нэр цээрлэх ёсоор хааны нэрийг цээрлэж “Султание” хэмээж байсан нь эдүгээ энэ хотын болон бунханы нэр болон үлджээ.
Өлзийт хаан Тулуйн удмын Ил хаан билээ. Тэрээр ах Газаны дараа Ил хаадын ширээг залгамжилсан байдаг. Өлзийт хаан их бүтээн байгуулагч байсан тул Эцэг Аргуны зарлигдан байгуулсан энэ хотод 1305-1306 онд Ил хант улсын нийслэлийг сүндэрлүүлжээ. Өлзийт хаан 1316 онд нас барснаар түүнийг “Султание” хэмээх энэхүү ордонд нь бунхалсан байна.
Өлзийт хааны ордны дотор дүрс бичлэг хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд бид хамгаалагчидад алс холын Монгол ороноос хааныхаа ордныг үзэхээр ирсэнээ тайлбарласнаар богинохон ч гэсэн дүрс бичлэг хийж, гэрэл зургийг буулгасан билээ. Иранд ирэхээр бэлтгэж байхдаа энэхүү бунханы тухай монголын түүхийн зохиолуудад гадны бүтээлээс татсан зургуудыг харж байсан ч нүдээр үзсэн бидний хувьд үнэхээр сүрдэн бахадмаар байгууламж байсан юм. Чухам  энэ л үед үндэсний үзэл, өвөг дээдсээрээ бахархах сэтгэл улам илүү нэмэгдэж байсныг нуух юун. Нүүдэлчин Монголчууд зөвхөн дайтдаг, эзлэн түрэмгийлдэг байгаагүй хаанчилж байсан газар нутаг, ард түмнийхээ улс төр, уран барилга, шинжлэх ухаан, нийгмийн харилцаанд ямар үнэтэй өвийг үлдээж, гавъяаг байгуулж байсны томоохон жишээ энэхүү Султание буюу “Өлзийт хааны бунхан” билээ. 
Монголын хаад ялангуяа “Ил хаад” хот байгуулалт, гар урлалыг төрийн бодлогоор хөхүүлэн дэмжиж, эзэлсэн улс орныхоо дархчуудыг өршөөн, өөрсдийн хот суурин, орд өргөөг байгуулахад тэдний ур ухаан, авъяас чадварыг ашигладаг байснаас тухайн үеийн Перс буюу өнөөгийн Иран нутагт уран барилга ийнхүү сэргэн хөгжиж эхэлсэн гэдэг. Урчууд өөрсдийн ур ухаан, улс орныхоо уран барилгын болон чимэглэлийн урлагийн онцлог дүрслэлүүдээс дээжлэн авч донж маягийг нь тохируулан цоо шинэ бүтээлүүдийг туурвиж байсан нь Ираны уран барилгыг өндөр төвшинд хүргэсэн байна. Ил хаадын үеээс баяжиж эхэлсэн хээ чимэглэл, хийц маяг, зохиомж  бүхий уран барилгууд яваандаа хаад хатадын бунхануудад төдийгүй исламын шашны цогчин дугануудын адар туурганд коран судрын ишлэл үгийг Араб, Персээр бичсэн уран бичлэгтэй хоршиж улам Ираны уран барилгын хэв маягт нэвт шингэж үлдсэн бөгөөд одоо ч гэсэн хэрэглэгдсээр байна.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
баатар 14th February 2012

Социализмын үеийн зохиомол түүхээс салж өвөг дээдсийнхээ баатарлаг жинхэнэ түүхийг үр хойч нартаа жинхэнээр нь таниулах их ажил зохиох хэрэгтэй.

zochin 10th December 2010

tiimee Olziit haanaa ordon bol jinhene Mongol baharhal

zochin 9th December 2010

tiimee Olziit haanii ordon bol Mjinhene ongol baharhal

БАЯРБААТАР 2nd November 2010

ӨНӨӨГИЙН ХҮЧИРХЭГ ИРАНЫГ 100ЖИЛ УДИРДСИЙН БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС

БАЯРБААТАР 2nd November 2010

НЭЭРЭЭ Л МОНГОЛ БАХАРХАЛ БАЙНА. ӨӨРИЙН ЭРХГҮЙ ЦЭЭЖ ДҮҮРЧ БАЙНА ШҮҮ.ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, 10ЖИЛИЙН ГАРЫН АВЛАГА ЗЭРГИЙГ ХЭВЛҮҮЛЖ ГАРГАВАЛ ИХ ҮР ӨГӨӨЖТЭЙ САЙХАН АЖИЛ БОЛОХООР САНАГДАХ ЮМ. ЗА НАР Ч ТӨЛӨВЛӨСӨН БИЗДЭЭ. ЮУТАЙ Ч БАЯРЛЛАА ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛД ЦОО ШИНЭ ХУУДСЫГ БИЧИЖ БАЙНА ШҮҮ ТА НАР.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах