МОНГОЛ УЛС УЛААНБААТАР ХОТОД:
Нүүр хуудасМОНГОЛ БАХАРХАЛ
МОНГОЛ БАХАРХАЛ
Tuesday, 23rd October 2018
ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ СОЁЛЫН ӨВ ӨЛЗИЙТ ХААНЫ ОРДОН

Хүлэгү хааны ач Аргун хаан тухайн үеийн Перс орны баруун хойд нутагт шинэ хот байгуулахыг зарлигджээ. Тэрээр шинэ хотын төвд гоёмсог ордон байгуулахаар төлөвлөснийг сурвалжууд өгүүлдэг. Уг бүтээн байгуулалтын ажлыг түүний хөвгүүд болох Газан хаан үргэлжлүүлж Өлзийт хааны үед барьж дууссан бөгөөд мөнөөх гоёмсог ордон өнөөгийн Ираны Занжонь мужийн Султание хотод байдаг.
1302-1312 онд баригдсан  энэхүү байгууламж эдүгээ Иранд төдийгүй дэлхийд гайхагддаг уран барилгын алдарт дурсгал билээ.
Шинэхэн орсон цасан дунд аниргүй сүндэрлэх энэхүү ордон биднийг  “Тоосгоор баригдсан, бөмбөгөр оройтой дэлхийн хамгийн том байгууламж-Өлзийт хааны бунхан” хэмээх тайлбараар угтсан юм.
“Өлзийт хааны бунхан” 53м өндөр. Бөмбөгөр оройн тойрог 25.5м. 3давхар энэхүү байгууламж 8талт ханатай бөгөөд эдгээр хананууд “4их 4бага талаас бүрддэг”.  8талт байгууламж дээр барьсан бөмбөгөр орой нь 200тн жинтэй бөгөөд талбайн хэмжээ 50м.кв ажээ. Энэ сүрлэг байгууламж гэр хэлбэрийн бөмбөгөр орой бүхий дээвэртэй, нуман хэлбэрийн хаалга цонхтой ажээ. Давхар бүрийн төдийгүй тал бүрийн хаалга цонх өөр өөрийн гэсэн өвөрмөц хээ чимэглэлтэй байлаа. Монгол үндэсний хээн чимэглэлүүд болох алхан хээ, хас хээ, өлзий хээ, эвэр угалз хээ, хөөцөлдүүр хээ, болон булан хээ зэргийг дундад азийн донж маягтай нийцүүлэн чимэглэсэн нь тун ч донжтой харагдана. Барилгын дотор болон гадна хана цэнхэр өнгийн чулуун шигтгэмэлтэй. Нэгдүгээр давхар нь голдоо дугуй танхимтай. Энэ давхарын хананд дээд давхарууд руу гарах шат байх ажээ. Хоёрдугаар давхарын ханыг тойрсон нарийн гудамтай, давхарын голын хэсэг нь хөндий бөгөөд  эндээс ордоны дотоод зохиомжийг бүхэлд нь харах боломжтой ажээ. Гуравдугаар давхар нь гадна талдаа тагттай. Энэ давхарын тал тус бүр нуман хэлбэрийн нэг том, хоёр жижиг цонхтой байлаа.
“Өлзийт хааны бунхан” Ираны хамгийн эртний бөмбөгөр оройтой давхар зохиомжтой барилгад тооцогддог. Судлаачид энэхүү баргилын өвөрмөц зохиомж, туурганы гоёмсог хээ чимэглэлийг алдарт “Таж махал”-тай дүйцэхүйц бүтээл гэж үздэг байна. “Өлзийт хааны бунхан” гайхамшигт тоосгон байгууламж болон уран зураг, гоёмсог хээ, шигтгэмэлийн чимэглэлээрээ Перс дэхь уран барилгын хөгжлийн чухал түлхүүр болсон хосгүй бүтээл хэмээгдэн 2005 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна. 
Эдүгээ Иранчууд энэ газрыг “Султание” хэмээн нэрлэдэг. Өлзийт хааныг Персээр “Өлзийт султан” гэх бөгөөд хожим монголчуудын нэр цээрлэх ёсоор хааны нэрийг цээрлэж “Султание” хэмээж байсан нь эдүгээ энэ хотын болон бунханы нэр болон үлджээ. Өлзийт хаан Тулуйн удмын Ил хаан билээ. Тэрээр ах Газаны дараа Ил хаадын ширээг залгамжилсан байдаг. Өлзийт хаан их бүтээн байгуулагч байсан тул Эцэг Аргуны зарлигдан байгуулсан энэ хотод 1305-1306 онд Ил хант улсын нийслэлийг сүндэрлүүлжээ. Өлзийт хаан 1316 онд нас барснаар түүнийг “Султание” хэмээх энэхүү ордонд нь бунхалсан байна.
Өлзийт хааны ордны дотор дүрс бичлэг хийхийг зөвшөөрдөггүй бөгөөд бид хамгаалагчидад алс холын Монгол ороноос хааныхаа ордныг үзэхээр ирсэнээ тайлбарласнаар богинохон ч гэсэн дүрс бичлэг хийж, гэрэл зургийг буулгасан билээ. Иранд ирэхээр бэлтгэж байхдаа энэхүү бунханы тухай монголын түүхийн зохиолуудад гадны бүтээлээс татсан зургуудыг харж байсан ч нүдээр үзсэн бидний хувьд үнэхээр сүрдэн бахадмаар байгууламж байсан юм. Чухам  энэ л үед үндэсний үзэл, өвөг дээдсээрээ бахархах сэтгэл улам илүү нэмэгдэж байсныг нуух юун. Нүүдэлчин Монголчууд зөвхөн дайтдаг, эзлэн түрэмгийлдэг байгаагүй хаанчилж байсан газар нутаг, ард түмнийхээ улс төр, уран барилга, шинжлэх ухаан, нийгмийн харилцаанд ямар үнэтэй өвийг үлдээж, гавъяаг байгуулж байсны томоохон жишээ энэхүү Султание буюу “Өлзийт хааны бунхан” билээ. 
Монголын хаад ялангуяа “Ил хаад” хот байгуулалт, гар урлалыг төрийн бодлогоор хөхүүлэн дэмжиж, эзэлсэн улс орныхоо дархчуудыг өршөөн, өөрсдийн хот суурин, орд өргөөг байгуулахад тэдний ур ухаан, авъяас чадварыг ашигладаг байснаас тухайн үеийн Перс буюу өнөөгийн Иран нутагт уран барилга ийнхүү сэргэн хөгжиж эхэлсэн гэдэг. Урчууд өөрсдийн ур ухаан, улс орныхоо уран барилгын болон чимэглэлийн урлагийн онцлог дүрслэлүүдээс дээжлэн авч донж маягийг нь тохируулан цоо шинэ бүтээлүүдийг туурвиж байсан нь Ираны уран барилгыг өндөр төвшинд хүргэсэн байна. Ил хаадын үеээс баяжиж эхэлсэн хээ чимэглэл, хийц маяг, зохиомж  бүхий уран барилгууд яваандаа хаад хатадын бунхануудад төдийгүй исламын шашны цогчин дугануудын адар туурганд коран судрын ишлэл үгийг Араб, Персээр бичсэн уран бичлэгтэй хоршиж улам Ираны уран барилгын хэв маягт нэвт шингэж үлдсэн бөгөөд одоо ч гэсэн хэрэглэгдсээр байна.
СЭТГЭГДЭЛ
Нэр*
Имэйл*
Сэтгэгдэл*:
МОНГОЛ 27th November 2014

БАЯРЛАЛАА. МАНАЙ ӨВӨГ ДЭЭДЭС ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭНД ЯМАР ИХ ГАВЪЯА БАЙГУУЛЖ БАЙСАНЫГ ЗӨВХӨН МОНГОЛЧУУДАД ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ОЛОН УЛСАД ТАНИУЛАХ СУРТАЛЧИЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭНД БАЙНГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ.

b.bataa 2nd April 2014

mash saihan bna.ta nartaa mash ih bayarlalaa. ulam ihiig hiigeerei... bidnii aguu ovog deedes miny...

солонго 19th January 2014

Юуны түрүүнд Tasam ийнхандаа баярласан сэтгэгдэлээ хэлэх нь зүйтэй байх та бүхэндээ баярлалаа үнэхээр л Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй байна шүү.Өшөө ихийг Монгол түмэндээ хүргэж байх болтугай! Та бүхний аялалын зам тань дарданаас дардан байгаасай

монгол цусны дусал 11th August 2013

сайн байцгаана уу та нартаа ажилын өндөр амжилт хүсэн ерөөж алтан шар зам улам шулуун дардан байхыг хүсэж байна.Та бүхнийхээ хийсэн нэвтэрүүлэг ярилцлага,зураг нийтлэлийг уншаад зүрх омогшиж байна.800 зууны тэртээ үлдэж хоцорсон ард түмэн битгий хэл Монголоосоо гараад 1 жил болоход эх орон элгэн садан ард түмнээ их санаж үгүйлдэг юм байна.Монгол залуучууд гадагшаа гарч байж л эх орон гэж юу болохыг мэдэрдэг юм байна.Мөнх хөх тэнгэр өвөг дээдсийн минь ариун сүнс,хаан суудал хатан ухаан Монголчууд биднийг үеийн үед ивээх болтугай.Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн Т.Гантулга /Солонгос улс Чоннан хот Пенчемеон дүүрэг/

Болортуяа 19th May 2013

Та нартаа ажлын өндөр амжилт хүсэе. үнэхээр их бахархаж байна шүү. Энэ их соёлыг төрийн бодлогын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх байх аа.

Золоо 5th March 2013

Сайхан нийтлэл байна. Дэлхийдээр тархан суурьшсан монголчуудын тухай мэдээлэл тэдний түүх зэргийг дунд сургуулийн түүхийн номуудад багтааж өгвл их сайн хэрэг болнодоо.

БАЯРБААТАР 2nd November 2010

НЭЭРЭЭ Л МОНГОЛ БАХАРХАЛ БАЙНА. ӨӨРИЙН ЭРХГҮЙ БАХАРХАЛ ЦЭЭЖ ДҮҮРЧ БАЙНА ШҮҮ. ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, 10ЖИЛИЙН СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА ЗЭРГИЙГ ХЭВЛҮҮЛЖ ГАРГАВАЛ ИХ ҮР ӨГӨӨЖТЭЙ САЙХАН АЖИЛ БОЛОХООР САНАГДАХ ЮМ. ЗА ТА НАР Ч ТӨЛӨВЛӨСӨН БИЗДЭЭ. ЮУТАЙ Ч БАЯРЛЛАА ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА. МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛД ЦОО ШИНЭ ХУУДСЫГ БИЧИЖ БАЙНА ШҮҮ НАР.

Нүүр хуудас     Буцах     Дээш буцах